”Дэлхийн улс орнуудын парламент” номын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

”Дэлхийн улс орнуудын парламент” номын нээлт болно

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 20 жилийн ойд зориулан УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын баг    “Дэлхийн улс орнуудын парламент” энциклопеди номыг  бүтээж уншигчдын хүртээл болгожээ. Төрийн ордон дахь  УИХ-ын номын санд өнөөдөр 14.00 цагт  тус номын нээлт болох аж.

Энэхүү хураангуй лавлах номонд дэлхийн 193 орны талаархи товч мэдээлэл, төрийн байгуулал, парламентын тогтолцоо, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаархи  мэдээллийг багцлан, судалгааны түвшинд боловсруулалт хийж оруулсан байна.

Номын “Товч лавлах” хэсэгт тухайн улсын түүх,  газар зүйн байршил, хүн ам, хэл, соёл, шашин шүтлэг, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг оруулсан бол “Төрийн байгуулал” хэсэгт  засаглалын хэлбэр, тогтолцоо,  Үндсэн хуулийн зохицуулалт,төрийн институци хоорондын харилцаа зэрэг мэдээллийг, “ Парламент” хэсэгт парламентын засаглалын онцлог,  чиг үүрэг, сонгуулийн тогтолцоо зэрэг мэдээллийг, мөн  “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа” хэсэгт  тухайн оронтой Монгол улсын тогтоосон дипломат харилцаа , хамтын ажиллагаа болон парламент хоорондын харилцааны асуудлыг тус тус оруулжээ.
Энэхүү номыг бүтээх санаачлагыг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн Эрх зүй, төрийн байгуулалт, гадаад бодлогын судалгааны хэсэг гаргасныг УИХ-ын Тамгын газрын удирдлагууд хүлээн авч дэмжлэг  туслалцаа үзүүлсэний үр дүнд  зохиогчдын баг болон редакцийн баг долоон  сарын турш боловсруулан гаргаж байгаа юм.

Номын зохиогчдын багт доктор проф. (PhD)  Ю.Эрдэнэтуяа, Монгол Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, 1990-1992 оны Ардын Их Хурлын депутат Б.Буяндэлгэр, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор, профессор О.Нямдаваа, , докторант  Ш.Хишигсүрэн, Б.Хатантуул,  судлаач  У.Мөнхбат,  К.Пүрэвсүрэн  нар  ажилласан бөгөөд редакцийн багт  Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,  гавъяат хуульч  Ц. Шаравдорж   болон   УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С. Магнайсүрэн, Судалгааны төвийн дарга доктор (Ph.D) Ц. Норовдондог, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц. Нарантунгалаг,  Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх  докторант Л. Өлзийсайхан  нар ажиллаж ,  УИХ-ын гишүүн, гавьяат хуульч, доктор проф. Д. Лүндээжанцан ариутган шүүсэн болно.

Э.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж