
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 29-ний энэ өдөр Гадаад харилцааны сайдын алба хашиж байсан С.Батболд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдон, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаас Засгийн газрын тамгыг гардаж байжээ. Тэрбээр УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “Одоогийн бэрхшээлийг мэдэрч байгаа ч, ирээдүйг сайхнаар төсөөлж байна. Манай Засгийн газрын гол зорилго Монгол Улсын иргэн бүрийг ажилтай болгох” хэмээн мэдэгджээ. Түүний хувьд Засгийн газрыг тэргүүлсэн энэ нэг жилийн хугацаанд Монгол Улсад ажилгүйдэл, ядуурлын төвшин мэдэгдэхүйц доошоо буугаагүй ч, Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор шууд болон шууд бус байдлаар өнөөдрийн хувьд 10 мянган монгол иргэн ажил хөдөлмөртэй болжээ. Өөдрөгөөр харвал 10 мянган монгол иргэний амьдрал баталгаатай болжээ гэж дүгнэж болохуйц. Мөн Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани тус газарт хөрс хуулалтын ажлаа эхлүүлж, оператор компанийг сонгон шалгаруулах тендер хоёр дахь шатандаа орсон. Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүр 500 ширхэг хувьцаа эзэмшинэ, Тавантолгойн нүүрсийг Сайншандад баригдах үйлдвэрүүдэд боловсруулан, төмөр замаар тээвэрлэж ОХУ-ын нутагт хүргэн, гадаад зах зээлд нийлүүлнэ гээд төлөвлөгөө нь тодорхойгүй байсан бүтээн байгуулалтын томоохон ажлын төсөл хөтөлбөр бэлтгэгдэж, хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигджээ. Харин эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албанаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байсан С.Баяр гишүүний хувьд “Манай намын гишүүд дотор, тэр дундаа Засгийн газрын танхим дотор маань Ерөнхий сайдын албыг аваад явчих эрдэм боловсролтой эрхмүүд олон. Тэдэн дотроосоо би хувьдаа Сүхбаатарын Батболдыг гэж онцоллоо. Итгэлийг маань дааж чадна гэдэгт итгэл төгс байна” хэмээн мэдэгдээд ажлын амжилт хүсч байсан энэ үйл явдал одоо түүх болж үлджээ.
Г.Дарь