
Хэллоуины шөнө (аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1) нь газар дэлхий ба далд ертөнцийн хил хязгаарыг уусгасан цаг хугацаа гэж үздэг. Дээр үед хувцсаа эргүүлж дотор өнгөөр нь өмсөөд шөнийн 12 цагт гарч араараа ухран алхахад жинхэнэ шуламтай учирч болно гэдэг байв. Тэгээд л энэ ид шидтэй шөнө хамаг таавар, хүслээ мэргэлдэг байжээ. Уг баяр баруунаас гаралтай учраас Европын залуус хэрхэн мэргэлдэг байснаас үзье. Өөртөө тааруулаад мэргэлэхэд яагаад болохгүй гэж?
Агийн ёсны гал
Хэллоуины ихэнх мэргэ галтай холбоотой. Шотландчууд галаа тойруулан хүн бүр өөрсдийн чулуугаар зөв тойрог хийнэ. Өглөө нь ирж үзэхэд чулуу нь хөдөлсөн эсвэл алга болсон байвал өвчин зовлон үхэл ойртлоо гэсэн сануулга гэдэг. Галын илчийг хайртай хүмүүс ч шүтнэ. Тэнд байгаа хүмүүс галыг хэсэг чимээгүй ширтээд дараа нь залуу бүсгүйгээ сонгодог. Хосууд галд самрыг нэг нэгээр хаялан хэрхэн шатахыг нь харж, таарах таарахгүйгээ үздэг байжээ. Удаан цогшин шатах самар урт удаан амьдрал, хайрыг илэрхийлэх бөгөөд харин самар дүрэлзэн шатаж, тэсэрч байвал хэрүүлээс өөр амьдралгүй гэнэ.
Залуу бүсгүй хайртай хүнээ мэргэлэн галд туулайн бөөр модны хоёр боргоцойг хаяад тэд тус тусдаа зайтай шатах аваас тэр залуутай хамт амьдраад хэрэггүй гэж үздэг гэнэ.
Хайрын мэргэ
Шидэт шөнө заяаны ханиа “тодруулах” олон арга бий. Жишээлбэл, бүсгүй алим аваад лаа асаан харанхуй өрөөнд орж лаагаа толины өмнө тавиад алимаа идэн үсээ самнасан дүрсээ харж байхад хүссэн хархүүгийн дүрс ард нь харагддаг гэх. Хэрэв энэ үеэр лааны тавиур нь унавал хорлонт шулам тэнд байна гэдэг учраас мэргээ даруй зогсоох ёстой ажээ.
Хэллоуины шөнө хүн бүр өөрийн ханиа олж харах боломжтой, гол нь унтаж болохгүй гэнэ. Үүнд доорх аргаар мэргэлж байгаа бүсгүйчүүд их итгэдэг. Тэд орой нь унтлагынхаа хувцсаа нууцаар угаагаад өрөөндөө өлгөдөг ба шөнөөр ирээдүйн эхнэрийнхээ унтлагын хувцсыг авахаар залуу ирнэ гэдэг. Хамгийн зүрх зоригтой бүсгүйчүүд гэрээсээ хэнд ч мэдэгдэлгүй гараад хонин бургасны мөчир барин гэрээ гурвантаа тойрч “заяаны хань минь намайг аваач” гэж шившлэг унших ёстой гэнэ. Гурав дахь тойрогт нь ирээдүйн нөхөр нь гарч ирээд мөчрийн нөгөө талаас бариад авах ёстой ажээ.
Ихээхэн давстай хоол идээд унтсаны дараа нойронд нь хайртай залуу нь гарч ирээд аягатай ус өгдөг гэж зарим охид итгэдэг. Зарим бүсгүйчүүд ирээдүйн нөхрийнхөө гадаад төрх, хэр баян тансгийг нь айлын хашааны ногоон талбайн байцааны тааралдсан нэгийг нууцаар аваад мэддэг байсан гэдэг. Хэмжээ, нягтрал, дэлбээний толигор зэрэг нь тэр эрэгтэйн бие галбир, хөрөнгийг хэлж өгдөг гэх. Үндсэнд нь наалдсан шорооны хэмжээ баян чинээлгийг нь хэлж өгөх ба голны амт нь гашуун бол хартай, дээрэлхүү нөхөр ирнэ гэж тооцдог байжээ.
Нөхөрт гарахыгаа бүсгүйчүүд ингэж мэргэлдэг. Ширээн дээр гурван тавагны нэгэнд нь ус, нөгөөд нь будагтай ус, гурав дахийг нь хоосон тавиад бүсгүйн нүдийг боогоод сонгуулдаг. Хэрэв цэвэр устай тавгийг авсан бол сайхан залуутай гэрлэх ажээ. Будагтай устай нь бэлбэсэн эрийн эхнэр болохыг хэлдэг. Хоосон таваг нь мөд нөхөрт гарахгүйг өгүүлнэ.
Зүүдэн дэх үнэн
Өөрийн хайртын захидал зурвсыг аваад есөн удаа нугалан сүлбүүр зүүгээр нугалааг нь бэхлээд дэрэн дороо хийн унтана. Тэгээд зүүдээ сайн санах хэрэгтэй. Эрдэнэсийн чулуу ба алт мөнгө, жаазны булан, шил, толь эсвэл цэвэр ус зүүдэлсэн бол таны ирээдүйн хань чинь үнэнч байна. Хэрэв цэцэг, мод, хувцас хунар, гал дөл харсан бол тэр үнэнч биш гэгдэнэ.
Амьдралын ямар ч тохиолдолд
Хэллоуины баяраар таны хүсэл биелж болох эсэхийг их амархан мэдэж болох гэнэ. Хүслээ санаад алимыг голоор нь хоёр тэнцүү хуваа. Зүсч байхдаа та үрийг нь гэмтээсэн бол таны тэр хүсэл биелэхэд хүндрэлтэй. Хэрэв бүх үр нь бүтэн байвал хүсэл чинь биелдэг гэнэ. Эртний кельтүүдийн сүсгээр арваннэгдүгээр сарын 1-нд шилжиж буй шөнө унтахдаа хүслээ даатгасан алим дэрлэж хоноод өглөө нь сэрэнгүүтээ идэхэд хүсэл заавал биелдэг гэх.
Бүх хувилгаадын өдөр гэгдэх арваннэгдүгээр сарын 1-нд замын зөрлөгт гарч салхи улихыг сонсвол ирээдүйд болох үйл явдлын талаарх үгийг сонсч болно гэдэгт итгэх хүмүүс олон байдаг.