Залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах төсөл хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах төсөл хэрэгжүүлжээ

“Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төв”  төрийн бус байгууллага, “Их Монгол” дээд сургууль, “Улаанбаатар Зонта” клубээс хамтран “Залуу эмэгтэйчүүдийг чадваржуулах” нэртэй сонирхолтой төслийг өнгөрсөн  оны арваннэгдүгээр сарын 19-нөөс энэ сарын 11-ийг дуустал амжилттай хэрэгжүүлж дуусчээ. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.   Хөдөө орон нутгаас  нийслэл их дээд сургуульд ирж суралцаж буй эмэгтэй оюутнуудын хувьд дээд сургуулийн хичээлийн агуулга, сургалтын дэг журамд зохицож суралцахын сацуу гэр бүлээсээ хол, хотын амьдралд дасах гэх зэрэг хүндрэлтэй асуудал тулгардаг гэнэ. Үүнээс  болж оюутны амьдралын эхний жилд өөртөө итгэлгүй болох, стресст орох, сэтгэл гутрах, ганцаардах, эрүүл мэнддээ эрсдэлтэй зан үйл, алхмууд хийх зэрэг сэтгэл зүйн болон нийгмийн харилцааны бэрхшээл тулгардаг байна.   Залуу эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд  “Их Монгол” дээд сургууль дээр 25 хүний бүрэлдэхүүнтэй “Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн клуб”-ыг ажиллуулж тэдэнд  хувийн зохион байгуулалт, харилцаа, манлайлал, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх зорилтыг тавьж ажилласан нь ихээхэн үр өгөөжөө өгсөн гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байв.
Мөн “Залуу эмэгтэйчүүд чадваржиж байгаа нь ихээхэн сайшаалтай юм” гэж Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Номин ярилаа.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж