
ОХУ-ын Засгийн газрын аппаратын тэргүүн ерөнхий сайдын орлогчоор Вячеслав Володин томилогдлоо. “Нэгдмэл Орос” намын ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Төрийн думын дэд дарга Вячеслав Володин Засгийн газарт Москвагийн мэрээр томилогдсон Собяниныг орлохоор болсон юм. Ийм томилолт сонирхолтой харагдаж байна. Олон нийтээс хол тушаалд нэлээдгүй дуулиантай улстөрчийг томилов. 1999 оны дөрөвдүгээр сар хүртэл тэрээр Саратов мужийн дэд захирагчаар ажиллаж байгаад захирагчтайгаа хэл амаа ололцолгүйгээр албан тушаалаа орхижээ. Дараа нь “Эх орон-Бүх Орос”, ба “Нэгдмэл Орос” нам эвсэлд удирдах алба хашихдаа карьерын шат бүрдээ эсрэг эсвэл өөрийн талтай үзэлцсээр явж байлаа. Бүгд түүний энэ араншинг анхаарахаас гадна орлогыг нь сонирхдог. Коммунист намын нарийн бичгийн дарга Валерий Рашкин нэгэн удаа Володин өөрийн 9,6 сая рублиэ хэрхэн 2,7 тэрбум болгосныг сонирхож байв. Володин түүнтэй заргалдаад нэг сая рублийн нөхвөр авч чадсан юм. Саратовын Засгийн газрын сайд асан Геворг Жлавтян түүнийг авлига авсан гэж хэлээд шоронд суусан юм.