Лхабаб Дүйчин
Будда Шакьямуни Түшигт тэнгэрээс хорвоод бууж ирсэн өдөр. Түвдээр Гандан гэгдэх “Баясгалангийн цэцэрлэг” Түшигт нь бодхисаттва нар будда болохоор цуглардаг дөрөв дэх тэнгэр болдог. Энэ тэнгэрт шидийг олохын тулд Дөрвөн хэмжээлшгүй их байдалд орох ёстой. Будда Шакьямуни тэр ертөнцөд Шветакету нэртэй багш байж номнолоо айлджээ. Бодхисаттва нарын дунд байсан Будда Шакьямуни хүмүүс дунд Сиддхартха Гаутама жононгийн дүрээр буун ирж буян үйлдэх хэрэгтэйг олгожээ. Түшигт тэнгэрээс хүний ертөнцөд бууж ирэхдээ тэрээр өөрийн титмийг дараагийн удаа бидэнд ирэх Будда Майдар бурханд өмсгөөд үлдээсэн гэдэг. Майдар бурхан Түшигт тэнгэрийн бурхдад номоо айлтган хүний ертөнцөд ирэх цагаа хүлээж байгаа ажээ.
Туркийн үндэсний баяр
1923 оны аравдугаар сарын 29-ний өдөр Османы эзэнт улсыг Бүгд найрамдах улс болгон Ататюркийн Засгийн газар байгуулсны зориулан энэ баярыг (Republic Day in Turkey) хийдэг. Энэ өдрийн баяр төрийн байгууллагуудад төрийн далбаа мандуулснаар эхлэн элдэв арга хэмжээ явуулна.
Сербийн Үндсэн хуулийн өдөр

2006 оны есдүгээр сарын 30-ны өдөр тус улсын парламент Шинэ Үндсэн хуулийн төслийг баталсан ба түүнийг аравдугаар сарын 28-29-ний өдрүүдийн бүх нийтийн санал хураалтаар сонгогчдын 54,91 хувь нь дэмжжээ. Шинэ Үндсэн хуулийг 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд парламент нь албан ёсоор тунхагласан байна. Шинэ хууль нь 1990 оны Үндсэн хуулийн халааг авсан юм. Сербийн вант улс байхаас эхлэн тус улсад 1835, 1838, 1869, 1888, 1901, 1903 онд, Социалист Серб байхдаа 1947, 1963 ба 1974 онд Үндсэн хуулиа тус тус шинэчилж байлаа. 2006 оны Үндсэн хуулийн преамбулд Косово (Kosovo) ба Метохия (Metohija) нь Серб улсын хэсэг гэж заагаад бие даасан захиргаатай гэж хуульчилж өгсөн байлаа. Сербийн өмнөх Үндсэн хуулиар (1990-2006) албан ёсны хэл нь серб, хорват, бичиг нь латин ба кирилл гэж заасан байсан бол шинэ Үндсэн хуулиар серб хэлээ буцааж, албан ёсны бичгээр кириллийг сонгожээ.
Өдрийн ишлэл
“Атом бол эрчим хүчний эх үүсвэр биш, түүний оршуулга юм. Урьд өмнө нь ямар их эрчим хүч байгаад ямар их хэмжээгээр зарцуулагдсаны тэмдэг нь атом юм.”
(Орос-Зөвлөлтийн физикийн онол Абрам Федорович Иоффе 1880 оны аравдугаар сарын 29-нд төржээ)
Түүний шинжлэх ухааны бүтээлүүд нь хатуу биетийн физик ба физикийн ерөнхий асуудалд зориулагдсан байлаа.
Үйл явдал
Лейбниц анх удаагаа интегралийн тэмдгийг бичжээ
1675 он: Лейпциг хотын 29 настай суутан Готфрид Вильгелм Лейбниц анх удаа өөрийн ажлын тэмдэглэлд интегралийн тэмдгийг хэрэглэсэн байлаа. Латин S үсгийн сунгасан хэлбэрийн тэмдгээр нийлбэрийг төгсгөлгүй жижиг хэмжигдэхүүн болгосон нийлбэрийн ойлгоцоо тэр тэмдэглэсэн байлаа. Латин summa -нийлбэр гэсэн үгний эхний үсгээр тэр өөрийн тэмдгийг гаргасан байлаа. Лейбниц хөшөөгөө босгуулсан Германы анхны энгийн иргэн болсон түүхтэй.
Нью-Йоркийн биржийн “хар мягмар” гариг
1929 он: Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцааны зах зээл бүрэн унав. “Хар мягмар гариг” нь АНУ-д агуу депрессийг эхлүүлсэн байлаа. Биржийн халуурлын тав дахь өдөр 1929 оны аравдугаар сарын 29-нийг сэтгүүлчид ба брокерууд “хар мягмар” гэж товчоор нэрлэсэн юм. Өглөө арилжаа эхлэнгүүт ямар нэгэн хэмжээний мөнгө эргүүлэн авчрахаар брокерууд хувьцаагаа хэдэн арван мянгаар худалдаж эхэлсэн ба түүнд нь санхүүчид, хөрөнгө оруулагчид оролцсон ба өдрийн сүүлчээр 16 410 030 хувьцаа зарагдсан байна. Доу-Жонсийн индекс 12,5 хувиар унасан байв. Биржийн сүйрлээр олон мянган дунд, жижиг хувьцаа эзэмшигчдийн авуар “үнс” болсон юм. “Хар мягмар гариг” АНУ-ын эдийн засгийг донсолгон Агуу депресси (great depression) гэгдэх дэлхийн эдийн засгийн хамгийн урт үргэлжилсэн хямралыг үүсгэжээ. Эдийн засгийн тэр хямрал 1940 онд албан ёсоор дууссан гэх боловч АНУ-ын эдийн засаг дэлхийн II дайны дараа л сэргэж эхэлсэн билээ. Агуу депресси гэх нэрийг зөвхөн Америкийн эдийн засагт хамруулдаг бөгөөд харин дэлхийн хувьд түүнийг Дэлхийн эдийн засгийн хямрал гэж нэрлэдэг. Энэ хямралд дэлхийн бүх хөгжилтэй орнууд нэрвэгдсэн байлаа. Хүмүүс энэ үеэр сэтгэл санааны асар их дарамтад байсан учир Депресси гэсэн эмнэлгийн хэллэгээр америкчууд өөрсдийн хямралаа нэрлэсэн байв.