
-Шүүхээс гаргасан шийдвэрт та ямар бодолтой байна?
-Ойлгомжтой хэрэг байхад ийм шийдвэр гарсанд гайхаж байна. Хэрэгт олон хүн холбогдсон болохоор зарим нь мэдүүлгээсээ буцаж өөр зүйл ярих юм. Бас холбогдогч тус бүрийн өмгөөлөгчид гэрчийг мушгисан гуйвуулсан асуултаар төөрөгдүүллээ. Гэрч болох Азжаргалыг шүүхийн танхимд ороход сэжигтний талынхан араас нь өшиглөсөн гэсэн. Энэ нь айж сандрахад нөлөөлсөн ч байж болно шүү дээ. Тэгээд ч хашааны хаалга нь хаашаа харсан, жорлон нь хаана нь байсан гэх мэтчилэн зүйлийг хүн тэр бүр сайн санахгүй байж болно. Гэтэл сэжигтний өмгөөлөгч нар тиймэрхүү асуултаар унагаах гэж оролдож байгаа нь илт байсан. Үнэхээр замбараагүй, заваан юм болж байна.
-Хэргийг буцааснаар дахиад сунжирч эхлэх нь. Ямар хугацаанд шийдвэрлэх юм бол?
-Тийм ээ. Хоёр жил гаруй мөрдөн шалгасан байж, дутуу шалгадаг юм байх даа. Дахиад хэдэн сар ч хүлээх юм билээ, бүү мэд. Одоо прокуророос 4-5 хоногийн дотор шийдвэр гарч хэдий хугацаанд дахин шалгах нь тодорхой болох юм шиг байна лээ.
– Та шүүх хурал эхлэхээс өмнө нэлээд итгэл найдвар тавьж байсан шүү дээ?
-Тийм ээ. Ийм олон удаа хойшилсон юм чинь сэжигтнүүдэд төлөвлөсөн ялыг онооно гэж итгэсэн. Шүүх хурлын уур амьсгал ч үнэхээр хүнд байгааг өөрөө ч гэсэн харсан биз дээ. Хуульд зааснаар хохирогчийн өмгөөлөгч давж заалдах эрхтэй байдаг гэсэн. Давж заалдана гэж бодож байгаа гэсэн юм.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 18-19-ний шилжих шөнө 15 настай Б-гийн амь насыг санаатайгаар хохироосон ноцтой хэрэг гарсан юм. Эл хэрэгт Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах, С.Гантуяа, Ж.Оч-Мандах, Ү.Ганболд, Д.Сарантуяа, К.Тэмүүжин, н.Отгонжаргал, нарыг сэжигтнээр татаж УМБГ-т шалгаж нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Уг хэргийн хяналтын хугацаа дуусч Сүхбаатар дүүргийн шүүхэд хэрэг шилжсэн юм. Шүүх хурал өнгөрсөн хугацаанд зургаан удаа хойшилж олон нийтийн анхаарлын төвд ороод байсан ч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй мөрдөн байцаалтад ийнхүү буцлаа.
Шүүх хурлын эхний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд өрнөсөн зарим зүйлийг товчлон хүргэе.
Ө.Хэрлэнчимэг: Би хэрэг хийгээгүй, намайг гүтгэж байна
Уг хэргийг үйлдсэн гэж буруутгагдаад буй Ө.Хэрлэнчимэг шүүх хуралд мэдүүлэхдээ “Хэрэг гарах үед би найз залуутайгаа эмээгийнд байсан. Талийгаач Б 2008 оны долдугаар сарын 18-ний 17 цагийн үед Ж.Оч-Бадрахын гэрээс явж бид салсан. Би энэ хэрэгт гүтгэгдэж байна, ямар ч хэрэг хийгээгүй хүн алаагүй. Талийгаач Б-г өөрөө гуйсан болохоор найз залуу Ж.Оч-Бадрахынхаа гэрт дөрөв хонуулсан. Намайг Б-г алсан гэж мэдүүлэг өгч байгаа Д.Сарантуяаг сайн танихгүй, дотно найз нөхөд байгаагүй. Талийгаач Б-тэй 2008 оны долдугаар сарын 13-нд анх танилцсан. Гэтэл хүн алсан гээд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа нь надад их хэцүү байна” /хоолой нь зангирав/ Эл хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэгийн найз залуу Ж.Оч-бадрах мөн л хэрэгт хамааралгүй хэмээн Ө.Хэрлэнчимэгтэй ижил хариулт өгч байлаа.
Д.Сарантуяа ганцаараа гэм буруугаа хүлээв
Холбогдогч найман иргэний дунд Ө.Хэрлэнчимэгийн дарамтад байсан гэх Д.Сарантуяа хэрэг гарах өдөр болсон үйл явдал, хэн хэн хэрхэн оролцсон, талийгаач Б-ийн амь насыг яаж хөнөөсөн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгч, өөрөө цогцсыг зөөвөрлөж хаяхад оролцсон гэдгээ шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр “миний өгч байгаа мэдүүлэг үнэн, гүтгэсэн зүйл нэг ч байхгүй, хувийн өс хонзон санаагүй” хэмээн баталж, “Зохих шийтгэлээ авахад харамсах зүйлгүй, харин Ө.Хэрлэнчимэг нар хэргээ хүлээхгүй байгаад гайхаж байна” гэв. Тэрбээр анх өгсөн мэдүүлэгтээ санаанаасаа зохиосон зүйл байснаа зөвшөөрч, зарим мэдүүлгээс буцсан билээ.
Д.Сарантуяагийн мэдүүлгийг бүгд гүтгэлэг гэв
Хэрэгт сэжигтнээр татагдсан Ж.Оч-Мандах хэрэг гарах өдөр жолооны курсдээ сууж байгаад гэртээ харьсан гэж байгаа бол, Ү.Ганболд, С.Гантуяа нар нь хэрэг гарсан өдөр хотод байсан хэр нь Баруунтуруунд байсан гэж худал мэдүүлсэнээ айж сандарснаас болсон гэж хариуллаа. Гэхдээ хэрэг гарах үед мөн л гэртээ байсан гэж мэдүүлж байсан юм. К.Тэмүүжин нь Ж.Оч-Бадрахын хамар хашаанд амьдардаг аж. Тэрбээр хэрэгт оролцож цогцсыг машины багаажинд хийсэн гэх мэдүүлгийг худал хэмээн эсэргүүцлээ. Уг хэрэгт холбогдогч н.Отгонжаргал, “Хэргийн газар огт байгаагүй. Мэдүүлэг өгөөд байгаа Д.Сарантуяа, С.Гантуяа, Ө.Хэрлэнчимэг нарыг зүс л танина. Гэтэл хүн алсан мэтээр гүтгэж байгаад маш их гомдолтой байна” гэж мэлзсэн юм. Тэрээр анхны мэдүүлэгтээ “Хэрэг гардаг өдөр эмнэлэг дээр эгчийнхээ хүүхдийг сахиж байсан” гэжээ. Гэсэн ч эгчээс нь авсан мэдүүлэгтэй энэ нь зөрж байгаа аж. Харин тэрээр шүүх хуралд эгчийндээ бус гэртээ байсан гэж өөрөөр хариулсан юм.
Ц.Гончиг хүссэн хариултаа авч чадсангүй
Талийгаач охины аав Ц.Гончиг шүүх хуралдааны дэгийн дагуу сэжигтэн Ж.Оч-Бадрахаас “Миний охиныг алж байхад яагаад зүгээр хараад зогссон юм бэ. Яагаад тэднийг зогсоогоогүй юм бэ” хэмээн нулимсаа арьж ядан асуусан боловч “би юу ч мэдэхгүй ээ” хэмээх хэнэггүй хариулт сонсоод бусдаас нь асуугаад ч адилхан хариултыг сонсоно гэдгээ мэдсэн бололтой “Өөр асуулт байхгүй ээ” хэмээн чимээгүйхэн суудалдаа суусан юм.
С.Отгонсүрэн