Д.Эрдэнэ-Отгоныг цагдан хориогүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэ-Отгоныг цагдан хориогүй байна

Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг энэ сарын 16-ны өдөр дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр  Д. Эрдэнэ-Отгон нь осол гаргахын өмнөх өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Драмын театрын хажууд байрлах “MB” шөнийн цэнгээний газарт 18.30 цагаас өглөөний  04.00 цаг хүртэл найз нарын хамт архи уусан байна. Улмаар тухайн өдрийн өглөөний 06.00 цагт гэртээ харих замдаа уг ослыг гаргажээ.  Сэжигтэн Д.Эрдэнэ-Отгон нь    Баянгол  дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо, Улаанбаатар Төмөр замын гал командын байгууламжийн зүүн талын Нарны зам дээр УНН 70-20 маркийн “Toyoto vitz” маркийн авто машин жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг дайрч, улмаар хэргийн газраас 750 метрт  хохирогчийн цогцсыг машинаар чирч орхин хэргийн газраас зугтаасан байна.

Уг хэргийг Замын цагдаагийн газрын шөнийн эргүүлийн  тасгийн байцаагч ахлах дэслэгч Б.Лхавгажаргал илрүүлсэн аж. Хэргийг авто замын хөдөлгөөнийг хянах камерын бичлэг болон  ослын газрын ойролцоо сүү худалдаж байсан эмэгтэйн мэдээллээр  хэрэг гарснаас хойш хоёр цагийн дараа баривчилжээ. Түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гаалийн ажилтнуудын байрнаас барьж саатуулсан аж. Одоогоор түүнийг цагдан хориогүй бөгөөд  Замын цагдаагийн газарт өчигдөр 10.00 цагт анхны мэдүүлгээ өгсөн байна. Цагдаагийн ажилтнууд очиход сэжигтэн  Д.Эрдэнэ-Отгон нь ээждээ осол гаргасан тухайгаа утсаар ярьж байсан гэнэ. Түүнийг хэрэг гаргасан өдрийх нь 08.00 цагт баривчлан авчирч согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 0.8 бүхэл гарсан аж. Одоогоор зам тээврийн осолд өртөж амиа алдсан эрэгтэйн хэн болох нь тодорхойгүй байгаа гэнэ.

Харин түүний нөхөр болох Д.Сүрэнхорд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд өмгөөлөгчийнх нь шүүх бүрэлдэхүүнд “Биеийн байдал нь хүнд, бөөрний хоёрдугаар зэргийн унжилттай, ходооны үрэвсэлтэй, цагдан хоригдсоноос хойш зургаан удаа эмнэлэгт хэвтсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 Тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө  Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа мөнгө завшиж улмаар гадаадын улс орон руу оргон зайлсан гэх хэрэгт холбогдсон юм. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн  зун хэд хэдэн удаа болж наймдугаар сард  Сүхбаатар дүүргийн шүүх бүрэлдэхүүн Д.Сүрэнхорд холбогдох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийг хянан хэлэлцэж, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт дөрвөн жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр гаргасан юм. Тэрбээр анхан шатны шүүх хурлын үеэр  “Гэм буруутай үйлдлээ хүлээж байна. Миний бие эрх зүйн болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж өндөр боловсрол эзэмшсэн. Тодорхой хугацаанд эх орондоо хариуцлагатай алба хашиж байв. Яг хийж бүтээх залуу насандаа хууль зөрчсөндөө харуусч байна. Би гэм буруугаа хүлээж байгаа тул бага насны хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэх боломжийг минь харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү” хэмээн хэлж байсан юм. Харин түүний эхнэр  Д.Эрдэнэ-Отгоны гэм буруутай  нь хуулиар тогтоогдвол 5-10 жилийн хорих ял оноож магадгүй юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж