
МАХН-ын хувьд удахгүй XXYI их хурлаа хийнэ. Гэхдээ их хурлын наана “Орондоо унтах завгүй олзлолдон тулалдана” гэгчээр тогоон дотроо тун их юм болж байгаа дуулдана. Намын нэр, үзэл баримтлал солино, солихгүй гэдэг бол “хуучин аялгуу” болж хоцорсон. Юутай ч 801 төлөөлөгчөө сонгочихсон. МАХН-ын их хурлаар юуны түрүүнд намынхаа дүрэмд гар хүрэх төлөвтэй. Намын дотоод дахь эх сурвалжийн мэдээгээр бол МАХН ерөнхий нарийн бичгийн даргагүй, харин дэд даргатай болж, нарийн бичгийн дарга нарынхаа тоог нэмэх бололтой байгаа гэнэ. Өнөөгийн ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг МАХН-ын дэд дарга болгох уу, Удирдах зөвлөлийн тааллаар өөр хүн гэнэт гаргаж ирэх үү гэдэг одоогоор оньсого төдий. Ямар ч гэсэн УИХ-ын гаднаас дэд даргыг сонгох тул өмнөх сонгуульд өвдөг шороодсон ч 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх горьдлого тээж яваа цөөнгүй хүн дэд даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломж хайгаад эхэлжээ. Ийм нэг амтат бялуу удахгүй болох МАХН-ын их хурлын зоогийн ширээг “чимэглэн” олон хүний хорхойг хөдөлгөх нь ээ. Ямар боловч одоогоор МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг байх магадлалтай гэсэн чимээ дуулдаж байна. Хэрэв МАХН-ын дүрэмд гар хүрвэл шүү дээ.
Сүүлийн саруудад МАХН-ын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага хурлаа хийж хоёулаа нэрээсээ “социалист” гэдэг үгийг авч хаясан. Одоо “Нийгмийн ардчилал” гэсэн гуншинтай болсон энэ хоёр байгууллагын шинээр сонгогдсон, улирч үлдсэн дарга нар ирэх их хурлаар Удирдах зөвлөлөөс даалгасан бүхнийг гишүүддээ тулгаж, намын дээд хүрээнээс гаргасан шийдвэрийг гишүүдээрээ 100 хувь гар өргүүлэн батлуулах том “найдвар”-ыг өвөрлөжээ.
МАХН их хурлаараа Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүддээ сэлгээ хийх гэж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчид 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс улс төрийн намын харьяалалгүй болсон тул Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц ихээхэн сул болсон гэж МАХН-ын жигүүрийнхэн шүүмжилдэг. Тэгвэл намын их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж тэдгээр байгууллагынхаа бүтцийг сэлбэж сайжруулахаар мөн ярилцаж байгаа юм байна. Ямар ч гэсэн Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтайг хуучин албанд нь улираан үлдээж холбооны ерөнхийлөгч хэмээн нэрлэж, Удирдах зөвлөлд орох хүсэлтийг нь нааштай шийдэж өгөхөө намын удирдлага амлажээ. Мөн Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны шинэхэн ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ ч Удирдах зөвлөлд багтаж магадгүй байна. Нэгэнт эмэгтэйчүүдийн холбооныхоо ерөнхийлөгчийг улираан үлдээсэн, удахгүй дөрвөн дэд тэргүүнтэй болгож өгөхөө намын удирдлага нь амласан тул түүгээрээ гул барьж байгаад Жендэрийн тэгш байдлын тухай хууль, сонгуульд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг эрэгтэй улстөрчид “илбэдээд” алга хийчих вий гэсэн болгоомжлол харин бүсгүй гишүүдийнх нь дунд төрөөд эхэлжээ.
УИХ, Засгийн газрын гишүүдээс хэд хэдэн эрхмийг Удирдах зөвлөлд багтаах талаар ч ярьж буй дуулдана. Тэнд багтах нь ирэх сонгуульд үг дуугүй нэр дэвших баталгаа болох учир УИХ-ын эрхэм гишүүдээс Удирдах зөвлөлд сонгогдох эрмэлзэлтэй нөхөд С.Батболд даргынхаа өрөөгөөр орой үдэш гүйдэлтэй болсон сурагтай. Хэрэв Засгийн газрыг МАХН дангаараа барьж гэмээнэ сайдын суудал ч яаж мэдэх вэ гэсэн горилогчид ч эхнээсээ тодорч байгаа бололтой. Бүр “УИХ-ын даргаар оролдсон ч яадаг юм” гэсэн яриа МАХН хавиар байна. Д.Дэмбэрэл даргыг “Буурал мориноосоо бууж, булган дахаа тайлж өгнө үү” хэмээн С.Баяр гишүүн шахамдуулж байгаа гэсэн бор шувуу Төрийн ордон дотор ил цагаан “нисч” явдаг болж. Мөрөөрөө ажлаа хийж яваа Д.Дэмбэрэл дарга мориноосоо тэгж амархан буух нь юу л бол.
МАХН орчмоор иймэрхүү сонинтой бол засгийн эрхийг хамтран барьж байгаа Ардчилсан намын хавиар ч хачирхуулмаар явдал арвин байна. Нааштай дуулгах сонин сайхан гэвэл Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хоорондоо зөрчилдөөд байсан нийслэлийн Ардчилсан намын шинэ, хуучин дарга С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж нарыг эвлэрүүлсэн шигээ өнгөрсөн гуравдугаар сард ротацийн сонгуулийг дур дураараа зэрэгцүүлэн хийж, тус бүртээ хоёр нам, хоёр даргатай болоод нуруу нуруугаа харуулсан нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намынхны маргааныг тасалж эв эеийн гэрээнд гарын үсэг зурууллаа. Дунд хавьдаа энэ намынхан ингээд учраа олдог байж. Харин толгой тушаагаа бужигнаантай, тулга тойрсон хэрүүл тасрахгүй шинжтэй байгаа юм. Ирэх сарын 19-нд хуралдуулах ҮЗХ-ны хурлын өмнө энэ байдал газар авах шинжтэй болжээ.
“Хамтарсан Засгийн газарт манай нам байна, байхгүй” гэсэн явган яриа гараад эхэлсэн. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болохоор Засгийн газраас гарч тамгаа тушаана гэж ярилтгүй гэчихсэн. Харин УИХ-ын гишүүн З.Энхболд “Би Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөнө. Манай нам хамтарсан Засгийн газраас гарна” гэж ярилцлага өгөөд байгаа. ҮЗХ-ны хурал дөхөхөөр л Ардчилсан нам дотор намын даргын халаа сэлгээний асуудал сөхөгддөг хууч сэдэрч буй нь энэ бололтой.
Ардчилсан намын үндсэн массын дотор даргаа солино уу, хамтарсан Засгийн газраас гарна уу гэдэг нэг их хамаагүй ч мөнөөх л чимээ нь дуулдаад эхэлсэн 2012 оны сонгууль дээд хүрээний эрхмүүдийг ийнхүү гижигдээд зүгээр суулгахаа больжээ. Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган дээр УИХ, Засгийн газрыг хатуухан чимхэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг зарим нь “Хамтарсан Засгийн газраас гар” гэсэн мессеж хэмээгээд ойлгочихож. Тэгээд бүр ҮЗХ-ны хуралдаан дээр энэ асуудлыг ярих гэж байгаа гээд “төлөг буулгаад” эхэлж. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Засгийн газраас гарахад яадаг юм. MCS-ийн ажлыг хийх гэж Засгийн газарт орсон биш” гэж хэлсэн ч гэх шиг.
Уг нь Ардчилсан намынхан дандаа эхэлж дуугарч МАХН-д будаа идэх боломж олгодог байснаа энэ удаад их хурлынх нь дараа ҮЗХ-гоо хуралдуулахаар болсон нь бас ч хашир сууж яваагийн шинж байж мэднэ. Эхлээд айлын намын их хурлыг харж цааш хийх нүүдлийг нь тандаж аваад ҮЗХ-ны хурлаа хийх нь түрүүлж дуугарч амаа хөлдөөж хаширсан ардчилагчдад сургамжтай л юм.
МАХН-ын их хурал дээр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн үндсэн илтгэлийг сонсох юм байна. Илтгэлээр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд урьдчилсан байдлаар дүн тавьж хамтрагчдынхаа тухай сайн мууг хэлж таарна. Үүнийг харзнаж байж “стандарт бус” Засгийн газрын талаар Ардчилсан намынхан дуугарах гэж байгааг гэнэдэж ханадаггүй ардчилагчид хашир сууж яваа гэж хэлэхээс аргагүй.
Гэхдээ ажиглагчдын зүгээс харж байгаагаар бол хамтарсан Засгийн газарт ан цав гарахдаа тулбал ирэх жилийн өдий үеэс л байж мэднэ хэмээж байна. Ямар боловч туулай жилийн намраас нааш “стандарт бус” хочтой Засгийн газар байж л байх болно гэсэн сэтгэхүй нийгэмд ч давамгай байх шиг.
Том, бага хурлуудынхаа өмнө засгийн эрх хамтарч баригч хоёр том намын доторх явдал нэг иймэрхүү байна. Парламентад суудалтай ИЗН, Ногоон нам ч нэгдэж нийлэх сүйгээ тохирч, хуримын товоо мөн л ирэх сарын 20-доор тогтоод амжив. Арваннэгдүгээр сар гараад ирмэгц намуудын дээлийн хормой бүр ч хүчтэй дэрвэх янзтай.
Д.ОЮУНЦЭЦЭГ