О.ЧУЛУУНБАТ: ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАССАНААС БОЛЖ МУУ ЗЭЭЛ ИХЭССЭН
-Би өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн болохоор банк санхүүтэй холбоотой нэгэн хуулийн зохицуулалтыг зайлшгүй эргэн харах хэрэгтэй гэж боддог. Манай банкууд дээр муу зээлийн хэмжээ нэмэгдээд байгаа. Гол шалтгаан нь зээлээ төлж чадахааргүй болсон тохиолдолд зээлийн барьцааг шүүхийн шийдвэргүйгээр шууд борлуулаад зээлийг нь төлүүлдэг хуулийн зохицуулалтыг авчихсанд байгаа юм. 2004 он хүртэл тухайн зохицуулалт үйлчилж байсан. Тэр үед хангалтгүй зээлийн хэмжээ эрс бага байсан. Гэтэл Иргэний хууль батлагдан энэхүү зохицуулалтыг нь болиулчихсан. Үүнээс болж зээлээ эргэн төлөхгүйгээс шүүхэд хэрэг нь хэдэн жил дамжин явдаг болсон. Үүнийг өөрчлөн дэлхийн стандартад нийцүүлэх ёстой. Бусад оронд зээлээ төлөөгүй бол хүний хадгаламжийг луйвардсан хэмээн үздэг. Үүнийг буцаан өөрчлөхөд зээлүүд төлөгдөх болно. Зээл төлөгдөнө гэдэг иргэдийн хадгаламж аюулгүй байна гэсэн үг.
Ц.СЭДВАНЧИГ: ХУУЛИАР АЖЛЫН ДАВХАРДЛЫГ БИЙ БОЛГОСОН
-Хууль батална гэдэг нь хуулийн хэрэгжилтийг эргэн харалгүйгээр орхино гэсэн зүйл биш. Нийгмийн шаардлага, цаг үетэйгээ зохицоод хуулийг өөрчлөх шаардлага гарч ирсэн тохиолдолд ямар ч хуульд өөрчлөлт орж болно л доо. Онцолж асууж байгаа тул нэг хуулийн талаар хэлмээр байна. Энэ УИХ Засгийн газрын Ерөнхий сайдыг томилоод Засгийн газрын бүтцийн асуудлаар хууль батлан гаргасан. Энэ хуулийг эргэн харах шаардлагатай. Яагаад гэвэл энэ хуулиар тогтоосон бүтэц төсвийн урсгал зардлыг өсгөж байгаа. Мөн ажлын давхардлыг бий болгосон. Нэг ажлыг төрийн хоёр гурван яам агентлаг хариуцаж байна. Үүнтэй холбоотой орон тооны давхардал үүсдэг. Баялаг бүтээдэггүй, ажлын байр нэмэгдүүлдэг төрийн байгууллагын албан хаагчдыг нэмээд байвал төсөвт маш их ачаалал өгдөг.
-Хэрхэн бүтцийг задлах вэ, хууль тогтоогчид алдаагаа хэзээ засах боломжтой вэ?
-Энэ бүтцийн асуудлыг Засгийн газар өөрөө оруулж ирэх хэрэгтэй. Төсвийн хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор орон тооны зардлыг заавал оруулж ирэх ёстой. Саяхан хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ч энэ тухай ярилаа. Зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг хариуцдаг хоёр, гурван газар байна. Хуулиар Жижиг дунд үйлдвэрийн газар гэж бүтэц Хөдөө аж ахуйн яаман дээр байдаг. Гэтэл Сангийн яаманд Жижиг, дунд үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх алба гээд бас нэг газар бий. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх дээрх асуудалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг газар бас байна. Нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх боломжтой зүйлийг ингээд тарамдуулаад байж болохгүй биз дээ. Өөр ямар хуулийг хэлж болохоор байна.
-Хууль батлагдсаны улмаас бий болсон алдаа дутагдал, хохирлын талаар тооцоо гаргах боломжтой болов уу. Өөр ямар хуулийг засах хэрэгтэй байна?
-Мөн Арилжааны банкинд буй хадгаламжид баталгаа гаргасан хуулийг бас хэлж болно. Энэ хуулиар ямар хадгаламжид баталгаа гаргах тухай хязгаарыг оруулах ёстой байсан. Бүх л асуудлыг төр үүрч байх нь буруу. Энэ хууль батлагдсанаар Анод банкин дээр гарсан хохирлыг төр гаргахаар болсон. Анод, Зоос банк дампуурахад тухайн банканд байршиж байсан иргэдийн хохирол төрд ирсэн. Зоос банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан, Анод банкинд 150 орчим тэрбум төгрөг гэж байна. Ингэхээр 250 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна даа. Цаашид ч юу гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Г.БАЯРСАЙХАН: ЦААСАН ДЭЭР Л БУУСНААС БИШ
ЭДИЙН ЗАСАГТ ТҮЛХЭЦ БОЛОХГҮЙ БАЙНА
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт тун тааруу байгаа. Ер нь хэрэгжиж ч эхлээгүй. Үүнийг хэрэгжүүлэх яам, агентлагууд үүнд санал санаачлагатай оролцох хэрэгтэй. Уул уурхайнхны лоббины улмаас ийм байдалд орсон. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль гээд бас нэг хууль байна. Зүгээр цаасан дээр л бууснаас биш эдийн засагт түлхэц болох хууль болж чадаагүй. Одоо тухайн хуулийн үйлчлэлд хамаарагдсан уул уурхайн компаниуд ихээхэн хэмжээний нөхөн олговор нэхэж байна. Үүнийх нь хариуд Монголын төр ухагдаж, эвдэгдсэн байгалийг нөхөн сэргээх мөнгийг нэхэх хэрэгтэй.
Р.РАШ: АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ ХӨӨЖ
ХУУЛЬ САНААЧЛААД БАЙНА УУ ДАА?
-Хууль бол амьдралын явцад засагддаг. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэх ажлыг дутуу гүйцэтгээд үүнээс нь үүдэн хуулийг муучлах, цоорхойтой гэх яриа гардаг. Үүнийгээ нөхөж оёж сэлбэх хэрэгтэй хэмээн дахин гар хүрдэгтэй холбоотой яриа юм. Сүүлийн үед ихэнх хуульд найруулга, нэмэлт өөрчлөлт хийнэ гээд л орж ирэх болсон. Түүнийг нь харахад заримдаа үнэхээр засч сайжруулах ч зүйл байна. Ингээд л үстэй дээлнээс бөөс түүж байгаа юм шиг л оролдоод байгаа юм. Зарим нэг хууль маань яам, Засгийн газрын ажлын үзүүлэлт байдлаар, хэр их хууль санаачилсан гэдэгт ач холбогдол өгсөн байдлаар орж ирээд байна уу гэх хардлага төрөөд байна. Хуулийн төслүүд орж ирэхдээ л шүүмжлэлтэй хамт орж ирж байна. Хөдөлмөр эрхлэлтийн тухай өөрчлөлтийг улс амьтан их шүүмжилж байна. Гадаадын иргэдийн ажил эрхлэлтийн асуудлаар мөн өргөн шүүмжлэл гарсан. Хот суурин газрын усан хангамж, ариутгалын тухай хуулийн төсөл ч шүүмжлэгдэж л байсан. Хамгийн сүүлд гэхэд л чуулганаар хэлэлцэхээр болсон Орон сууцны тухай хуулийг харвал үзэл баримтлал гэхээр сүрхий зүйл ч харагдахгүй байна. Энэ байранд хүн амьдарч болохгүй гэсэн нотолгоо гаргуулж аваад л дараагаар нь дотор нь байх оршин суугчдын талаар хэрхэх талаар нарийн тодорхой зүйлгүйгээр л нүүлгэх тухай заасан. Ийм түүхий юмнуудыг УИХ буцааж байх хэрэгтэй. Цаана нь талцах маягийн юм байна. Ардчилсан нам Орон сууцны хуулийг заавал гаргана гээд зүтгэвэл хувьсгалт нам Гандигийн хуулийг гаргана гээд зүтгэх хэрэг үү. Төрийн хуулийг иймэрхүү байдлаар гаргаж болохгүй.
Б.Энхмандах