2011 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

2011 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Засгийн газраас боловсруулсан дээрх төсөлд тусгаснаар  төсвийн нийт орлогыг 3 их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.5 хувь байхаар тооцжээ. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -2.5 хувьтай тэнцэнэ. Харин төсвийн орлогын гол эх үүсвэр болж ирсэн зэсийн үнийг 8425  ам.доллараар тусгасан бол  угаасан нүүрсний үнийг 128  ам,доллар, алтыг 1250 ам.доллар байхаар тус бүр заажээ. Өөрөөр хэлбэл, 2011 оны төсвийн төсөөлөл энэ оныхоос даруй нэг их наяд төгрөгөөр тэлээд байна.  Түүнчлэн хоёр намын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг , Засгийн газраас шийдвэрлэсний  дагуу их, дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрт зориулж 500 мянган төгрөгийг Төрийн санд шилжүүлэхэд нийт 800 тэрбум төгрөг зарцуулах болж байгаа юм. Энэхүү мөнгөн дүнг 2011 оны нэгдсэн төсөвтэй харьцуулахад 25 хувьтай нь тэнцэнэ. Хэрвээ энэ их мөнгийг ийн жижиглэж цацахгүйгээр тодорхой хөрөнгө оруулалтад зарцуулбал 21 аймгийнхаа 20-д нь Тайландынх шиг хамгийн орчин үеийн шийдэлтэй нэгдсэн том эмнэлэг тус бүр нэгийг, эсвэл 70 дунд сургууль барьж болох мөнгөн дүн юм байна. Энэхүү тооцоог сөрөг хүчнийхэн гаргаж тавьж, жишээ татсан бол хоёр намын бүлгийн гишүүдийн хувьд аль болох тойрог руугаа хандсан хөрөнгө оруулалтыг түлхүү сонирхож, төсвийн төсөөлөлд тусгасан 760 тэрбум төгрөгийг голов. Учир нь 2008 оны сонгуулиар амласан хоёр намын мөрийн хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхэд 30 триллон төгрөг хэрэгтэй ажээ. Энэ нь нэг ёсны улсын нэгдсэн төсвийг бараг найм дахин өсгөсөнтэй тэнцэх болж буй юм. Амласан л юм болохоор эхнээс нь хийж хэрэгжүүлэхээс арга байхгүй, гэтэл Засгийн газар хөрөнгө оруулалтдаа ахиу мөнгө тавьж чадаагүй.  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэлснээр бол бүр ноцтой, сайд болон даргын алба хашдаг эрхүүдийн тойрог руу хөрөнгө оруулалт ихээр тавигдчихсан. Урьд жилүүдэд ийм л байсан, ирэх жилийнх ч үүнээс гажаагүй. Жишээ татахад Сэлэнгэ аймагт ирэх онд 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардсан 150 км хатуу хучилттай авто зам тавихаар тусгажээ. Тус аймагт нүүрсний орд илэрсэн учраас буудай тарьдаг гол дөрвөн сум болох Зэлтэр, Түшиг, Цагааннуур, Шаамарыг дайрч, нүүрс ачилт хийх гээд байгаа нь улсын хөрөнгө оруулалттай авто зам тавихаас аргагүйд хүргэжээ. Газар тариалангийн бүс нутгийнх нь зам харгуйг сүйд хийх гээд байгаа болохоор  эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авто зам тавихаар тусгахаас аргагүй байсан.  Түүнээс хувийн хэвшилд тал зассан асуудал байхгүй гэдгийг Сангийн сайд учирласан.  Тэгтэл бас хэнийх нь ч лоббигоор юм, жуулчны бааз руу цахилгаан татахаар тусгаж… Ийм байтал Говь-Алтай, Завхан аймгийн сумдын иргэдийг өдөрт ердөө 5 цагийн цахилгаанаар хангах төсөл боловсруулсан байдаг. Энэ мэтчлэн төсвийн төслийг ухаад байвал, “но”-той зүйлүүд нэлээд гарч ирэх бололтой.

Хоёр дахь “но” гэвэл гишүүдийн шүүмжилснээр дээр дурдсан хөрөнгө оруулалтын ажлыг дан ганц төр л хийх аж. Ингэснээр хувийн хэвшлийнхэн нь хаалгаа бариад хятад ажилчид орж ирж, том том төсөл дээр ажиллана. Харин Сангийн сайдын хариу тайлбараар бол арай ч хятад ажилчдыг дэмжсэн бодлогыг Засгийн газар бариагүй. Уул уурхайг дагаад бусад экспортын салбарын өрсөлдөх чадвар муудах эрсдэлтэй байгаа учраас хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд зориулж, зарим хөрөнгө оруулалтыг тусгажээ.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд хамгийн их уналтад орж, хятад ченжүүдийн халаасыг түнтийлгэх болсон ноолуурын салбарынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газар 100 тэрбум төгрөгийг ноолуурын үйлдвэр байгуулах, энэ чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор тавьсан байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сум бүрт сүүний үйлдвэр байгуулах хөтөлбөр боловсруулж, хөрөнгө оруулалтыг нь БНХАУ-аас авах 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар өмнөд хөршийнхөнтэй тохиролцсон. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ирэх жил мөн 28.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. 2009, 2010 оны хувьд тус бүр 30 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж гурван жилийн хугацаанд 100 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас хийнэ гэж ойлгож болно. Бас Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хоёрдугаар үе шат удахгүй хэрэгжинэ. Нийт таван тэрбум иентэй тэнцэх хэмжээний зээл. Маш хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж ирнэ, ингэхдээ Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн даалгавраар бол зээлийн хугацааг 10 хүртэл жил, жилийн хүүг эцсийн хэрэглэгчдэд очихдоо жилдээ 4-6 хувийн хүүтэй байхаар тооцож, хэлэлцээ хийх ёстой. Энэ бүхэн нь хөдөө аж ахуйн салбарыг үндсэнд нь өөд татна гэж үзжээ.

Түүнчлэн стратегийн орд газрууд болох Оюутолгой, Тавантолгойн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор ажлын байр шинээр бий болно. Үүнд хувийн хэвшлүүд оролцоод ирнэ. Эдгээр том төсөл хэрэгжээд эхлэхээр хувийн хэвшлүүд удахгүй өндийнө гэсэн өөдрөг төсөөллийг Засгийн газрын зүгээс хийжээ. Хууль эрх зүйн хүрээнд авч үзвэл Засгийн газрын зүгээс УИХ-д Төсвийн тогтворжуулалтын сангийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Энэ нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Доод тал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээнд хүртэл санхүүгийн нөөцийг хуримтлуулах ба ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө бүрдэх хүртэл төсвийн орлогын тасалдлыг нөхөхөөс өөр зүйлд зарцуулахгүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж, түүнээс давсан хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж эхлэх аж. Төсвийн тогтворжуулалтын санд 2011 онд ойролцоогоор 164.6 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолсон бол 2013 оноос эхлэн тус сангаас хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж