Төрийн албан хаагчид орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна

Монголын ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны удирдлагуудаас төрийн албан хаагчдад зориулан гаргасан “4000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах боломжгүй байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Төрийн албан хаагчдын болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ны өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “Арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг кв.метр талбайн үнийг нийслэлийн хэмжээнд 650 мянган төгрөгөөс хямд байхаар баримтлана” гэснийг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 368 дугаар тогтоолоор “ашиглалтад орсон шинэ орон сууцыг кв.метр талбайн үнийг 650 мянган төгрөгөөс доошгүй байна” гэж өөрчлөн найруулсан байна. Үүнийг эхнээсээ л Засгийн газар төрийн албан хаагчдаа дэмжих биш, мөнгөтэй, хөрөнгөтэй төрийн томоохон албан тушаалтан буюу өөрсдөдөө зориулан гаргасан шийдвэр гэж тэд буруушааж байгаа аж. Барилгын компаниудын эрх ашигт нийцсэн Засгийн газраас төрийн албан хаагчдыг ажлын байрын баталгааг судлаж үзсэний үндсэн дээр орон сууцны зээлд хамруулах, нөгөө талаас банкны барьцаанд байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж, банк санхүү болоод барилгын салбарыг хямралаас гаргах зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэх ёстой байсан ч хууль эрх зүйн зохицуулалтыг дутуу дулимаг хийснээс үр дүнд хүрэхгүй байна гэж тэд үзэж байна. Манай улсын төрийн албан хаагчдын дундаж цалин 360 мянган төгрөг гэж тооцож үзэхээр одоогийн байдлаар олгож байгаа орон сууцны хөтөлбөрт хамрагдах банкны шалгуурт тэнцэх ямар ч төрийн албан хаагч алга байгааг нягталж үзэхийг Засгийн газарт хандан хүсэлт гаргажээ. Гадаадын туршлагаас үзэхэд ипотекийн зээлийн хүү жилийн дөрвөн хувиас хэтэрвэл сууц гэрээлж байгаа иргэдийн амьдралын аюулгүй байдал алдагдана гэж үздэг бол одоогийн манайд олгож буй орон сууцны зээлийн хүү 15 хувь байгаа гэнэ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж