Драмын тайзнаа “Красногоров-7” төсөл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Драмын тайзнаа “Красногоров-7” төсөл үргэлжилнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн хавар “Красногоров-7” төслийг амжилттай хэрэгжүүлж үзэгч олондоо “Солиотой жүжиг”, “Яаж амьдрах юм бэ”, “Хунгийн дуу”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Хүний хөнжлийг битгий сөх”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга” гэсэн жүжгүүдийг хүргэсэн билээ.

    Тэгвэл арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн УДЭТ-ынхан Оросын алдарт зохиолч В.С.Красногоровын “Хунгийн дуу”, “Хүний хөнжлийг битгий сөх”, “Солиотой жүжиг”, “Хайрын домог”  жүжгүүдээр энэхүү төслийнхөө хаалтыг хийх гэж байна.

    Түүний зохиол бүтээлүүд дэлхийн 140 гаруй театрт тоглогдон одоо болтол жүжгүүд нь тайзнаас буухгүй үзэгчид шүүмжлэгчдийн анхаарлын төвд байсаар буй юм. Театрын уран бүтээлчид жүжигт нь тоглохсон гэсэндээ эрэл хайгуул хийж араас нь ангуучилж байдаг зохиолч юм.

    “Жүжгийн зохиолч Валентин Красногоров сэтгэл хөдөлгөм, оньсогот зохиол бичдгээрээ алдартай. Үзэгчид инээхийн зэрэгцээ үйл явдал хэрхэн өрнөж байгааг сэтгэл догдлон ажиглаж, санаанд оромгүй төгсгөлийн дараа л бүх зүйл үнэн хэрэгтээ ямар хялбархан байсан нь ойлгодог” хэмээн түүний тухай Оросын сонин хэвлэлийнхэн дүгнэжээ.  

    Драмын тайзнаа арваннэгдүгээр сард 1-9-ний өдрүүдэд “Хунгийн дуу” жүжиг, 15,16-нд “Хүний хөнжлийг бүү сөх” жүжиг, 17-21-нд “Солиотой” жүжиг, 24-30-нд “Хайрын домог” жүжгүүд тус тус гарах гэж байна. Эдгээр үзвэрүүд үдэш бүр 19.00 цагт таньд хүрэх бол харин хүүхэд багачуудад зориулан арваннэгдүгээр сарын 1, 2, 3, 4, 5-нд 13.00 цагаас  С.Жаргалсайханы “Тэмүүжин” жүжгийг тоглох нь ээ.

    Г.Даша
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж