Улстөрчид биднийг хайрладаг гэдэгт би огт эргэлздэггүй

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Улстөрчид биднийг хайрладаг гэдэгт би огт эргэлздэггүй

Улстөрчид
гэж хэнээс ч илүү нинжин сэтгэлтэй, та бидний төлөө өдрийн зугаа, оройн
нойроо харамлаж суудаг сайхан хүмүүс гэдэгт би нэг ч минут эргэлздэггүй
юм. Тиймдээ ч тэд сарын орлогыг маань 10 мянган төгрөгөөр нэмж чадсан.
Тэр мөнгийг нь ху­рааж, хуримтлуулаад ихийг хийж чадахгүй нь ми­ний л
муугийнх байх. Уг нь улстөрчид маань ямар их мөнгө болохыг нь зөндөө л
тайлбарлаж өгөөд байдаг юм. “Сардаа хүнд зүгээр байхад нь 10 мянган
төгрөг орж ирнэ гэдэг чинь ямар их тус дэмтэй билээ. Бидний өгсөн тэр 10
мянган төгрөгөөр амьдарч байгаа айл цаана чинь байна. Энэ мөнгө байхгүй
бол хөөрхий, тэд яаж амьдрах юм. Тэр мөнгөөр ойролцоогоор 14 ширхэг
“Атар” талх авч болно. Цаашилбал таван кг будаа юмуу, 10 кг гурил. За
тэгээд сэтгэлээ сэргээхийг хүсвэл үнэтэй ресторанд орж, тал порц шарсан
хавирга, нэг аяга ус ч бас ууж болно шүү дээ” гээд л тэд тайлбарлаж өгнө
дөө. Үнэхээр ч тэр 10 мянган төгрөг нь байхгүй бол хагас порц үхрийн
хавирга, 14 ширхэг “Атар” талх, таван кг будаа, 10 кг гурилыг хэн л
зүгээр өгөв гэж дээ.

Улстөрчид маань ийм л сайхан сэтгэлтэй
хүмүүс. Иргэд ч тэднийхээ сайхан сэтгэлд сэв суулгахгүй гэсэн дээ
“Манайх хүүхдийн мөн­гөөр л амьдардаг. Манайх “Хүний хөгжлийн сан”-ийн
хүчинд л сарыг давж байна” гээд л уулгалан магтах нь бий. Ийм сайхан эв
хамтын нөхөрлөл дунд ер нь толбо суулгах, шүүмжлэлийг хэлэх хэрэг байна
уу. Улстөрчдийг амьдралаас тасарсан гээд л загнаад байдаг. Гэтэл тэд
маань 10 мянган төг­рөгөөр сардаа амьдарч бол­но гэдгийг бодож олох
хэм­жээнд л амьдарч байгаа юм байна шүү дээ. Ийм бай­хад “Улстөрчид
биднийг мал­наас дор үзэж байна” гэж гоморхох хэрэг алга. Амьд­ралд минь
тусалдаг 10 мянган төгрөгөөр нь “Атар” талхаар өл залгасан шигээ л
амьдраад байя, монголчуудаа. Иймээс л улстөрчид биднийг хайрлан,
хүндэлдэг гэдэгт би нэг ч минут эргэлздэггүй юм шүү.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж