Ө.Хэрлэнчимэгийн хэргийг үргэлжлүүлэн шүүж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн хэргийг үргэлжлүүлэн шүүж байна

Ц.Гончиг: Шүүх хурал болно гэдэгт итгэж  байна

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 18-19-ний шилжих шөнө 15 настай охин Б-ийн амь насыг санаатайгаар хохироосон онц ноцтой  хэрэг гарсан юм. Энэ хэрэгт холбогдогчдийг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах нарын найман хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал зургаан удаа өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж хохирогч охины аав Ц.Гончиг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт гарган улмаар Монгол Улсын ерөнхийлөгчийг шүүх хуралд суух хүсэлт хүртэл гаргаж байв. Талийгаачийн аав Ц.Гончигийн дээрх тэмцлүүд энэ удаа үр дүнгээ өгч, шүүх хурлыг цаг хугацаанд явуулахаар ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх хүлээн авч уулзсан тухай шүүх хурлын өмнө тэрээр сэтгүүлчдэд ярьсан юм.Түүнчлэн  шүүх хурал  удаа дараа хойшлох шалтгаан болоод байсан  өмгөөлөгч нар, гэрчүүд  бүрэн хүрэлцэн ирсэн байв. Хохирогч хин Б-ийн аав Ц.Гончиг энэ удаа шүүх хурал дахин хойшлохгүй байгаасай хэмээн залбирч буй бололтой  талийгаач охиныхоо зургийг хадганд боон авч иржээ.
Д.Сарантуяагийн өмгөөлөгч н.Ганбат шүүх хуралд оролцохоос татгалзав
Шүүх хурлын танхимд 11.20 цагт хэвлэлийнхэн ороход гурван шүүгчээс бусад нь суудлаа эзэлжээ. Арын суудлуудад хохирогч, сэжигтний ар гэрийнхэн чихцэлдэн сууцгаасан байв. Олгосон хэдэн минутад зураг дарж, бичлэг хийж байхад Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах нар эхний эгнээнд гэмшсэн шинжгүй, урагшаа цоо ширтэн суух бол  зэргэлдээ хажууд нь  С.Гантуяа Ү.Ганболд,  Д.Сарантуяа  нар толгойгоо гудайлган нүүрээ халхалж, зурагчдаас харц буруулах аж. Удалгүй гурван шүүгч орж ирснээр зурагчин, зураглаач нарыг шүүх танхимаас гаргаж шүүх бүрэлдэхүүн бүрэн хүрэлцэн ирсэн эсэхийг лавлав. Энэ үед өмгөөлөгч нарын дундаас холбогдогч Д.Сарантуяагийн өмгөөлөгч н.Ганбат “намайг өмнөх шүүх хуралд ирээгүй хэмээн өмгөөлөгчдийн холбооноос хариуцлага тооцсон. Би урьдчилж мэдэгдсэн байхад ийм шийдвэр гаргалаа гэх өргөдлөө өгөхөд баривчлах хүртэл арга хэмжээ авна гэх хариу ирүүлсэн. Тиймээс би энэ шүүх хуралд оролцох боломжгүй” гэв. Шүүх хуралдааныг даргалагч н.Алдар  уг хэрэгт сэжигтнээр татагдсан Д.Сарантуяагаас “танд Ганбат өмгөөлөгчөөс гадна 3 өмгөөлөгч бий. Та Ганбат өмгөөлөгчөөс татгалзаж, шүүх хурлыг явуулахыг зөвшөөрч байна уу” гэхэд Д.Сарантуяа “зөвшөөрч байна” гэх хариултыг хэлснээр 11.25 цагт шүүх танхимаас өмгөөлөгч н.Ганбат гарч явсан юм. Шүүх бүрэлдэхүүнийг н.Алдар даргалж, Улсын яллагчаар н.Насанбат, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, сэжигтний өмгөөлөгч, гэрчүүд бүрэн хүрэлцэн ирсэн учир шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзэв. Шүүх хуралдааныг даргалагч холбоглдогч найман хүний биеийн байцаалтыг танилцуулж буруу зүйл байгаа эсэхийг тодруулахад С.Гантуяа “аавтайгаа хоёулахнаа амьдардаг. Хэрвээ би энэ хэрэгт холбогдоогүй байсан бол ээж дүү хоёроо алдахгүй ч  байсан юм билүү” хэмээн нулимс нь цийлэгнэж, хоолой нь зангирав. Холбогдогч тус бүрээс биеийн байцаалт авч  танилцуулж дуусаад гэрчээр оролцох М.Азжаргал, Н.Бямбадорж, М.Чулуунцэцэг нарыг шүүх танхимаас гаргав.
Ө.Хэрлэнчимэгт эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар ял төлөвлөжээ
Улсын яллагч холбогдогчдын зүйл ангийг таннилцуулах, өмгөөлөгч нар шүүх хуралд оролцож буй байр сууриа илэрхийлэх үе шат 30 гаруй минут үргэлжилсэн юм. Эл хэрэгт сэжигтнээр татагдсан найман хүнээс Ө.Хэрлэнчимэгт эрүүгийн  хуулийн тусгай ангийн 91.2, 115.3, 181.3, 114.3-аар зүйчилсэн   буюу насанд хүрээгүй  хүүхдүүдтэй  бүлэглэн  онц хүнд гэмт хэрэг үйлдэж, бусдын амь насыг санаатай хохироосон, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, насанд хүрээгүй охидыг садар самуун, тэнүүчлэлд татан оролцуулсан гэх үндэслэлээр буруутгаж нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин Ө.Хэрлэнчимэгийн найз залуу болох Ж.Оч-Бадрахыг бусадтай бүлэглэн хүний амь нас хохирооход оролцсон, насанд хүрээгүй охидыг садар самуун, тэнүүчлэлд уруу татсан, Д.Сарантуяа  Б-ийн амь насыг хохирооход баруун хөлийг нь дарсан, Отгонжаргал нь талийгаачийн зүүн хөлийг дарж, цогцос хаяхад оролцсон, насанд хүрээгүй охидыг тэнүүчлэлд татан оролцуулсан, Ү.Ганболд талийгаачийн хоёр гарыг барьж, цогцосыг зөөвөрлөсөн, Ж.Оч-Бадрахын дүү Ж.Оч-Мандах болон К.Тэмүүжин нар хүний амь нас хөнөөхөд оролцсон, цогцос зөөвөрлөсөн, Ү.Ганболдын найз охин гэх С.Гантуяа талийгаач Б-ийн амь насыг хөнөөх үед амыг нь дарсан, цогцос зөөвөрлөж хогийн цэг дээр хаясан гэх үндэслэлээр тус тус буруутгаж ял төлөвлөжээ.
Ө.Хэрлэнчимэг: Би хэрэг хийгээгүй, намайг гүтгэж байна
Уг хэргийг гардан үйлдсэн гэж буруутгагдаад буй Ө.Хэрлэнчимэг шүүх хуралд мэдүүлэхдээ “хэрэг гарах үед би найз залуутайгаа эмээгийндээ байсан. Талийгаач Б  2008 оны долдугаар сарын 18-ний 17 цагийн үед Оч-бадрахын гэрээс явж бид салсан.  Би энэ хэрэгт гүтгэгдэж байна, би ямар ч хэрэг хийгээгүй хүн алаагүй. Талийгаач Б-г өөрөө гуйсан болохоор найз залуу Ж.Оч-Бадрахын гэрт 4 хонуулсан. Намайг Б-г алсан гэж мэдүүлэг өгөөд байгаа Д.Сарантуяаг сайн танихгүй, дотно найз нөхөд байгаагүй. Талийгаач Б-тай 2008 оны долдугаар сарын 13-нд анх танилцсан. Гэтэл намайг хүн алсан гээд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа нь надад их хэцүү байна/хоолой нь зангирав/ Эл хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Ө.Хэрлэнчимэгийн найз залуу  Ж.Оч-бадрах мөн л хэрэгт хамааралгүй хэмээн Ө.Хэрлэнчимэгтэй ижил хариулт  хэлэв.
Д.Сарантуяа  ганцаараа гэм буруугаа  хүлээв
Холбогдогч найман иргэний дунд  Ө.Хэрлэнчимэгийн дарамтад байсан гэх Д.Сарантуяа хэрэг гарах өдөр болсон үйл явдал, хэн хэн хэрхэн оролцсон, талийгаач Б-ийн амь насыг яаж хөнөөсөн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгч, өөрөө тэр хэрэгт оролцож, цогцосыг зөөвөрлөж хаях хүртэл хамт байсан гэдгээ шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр “миний мэдүүлэг нь үнэн,  гүтгэсэн зүйл нэг ч байхгүй, хувийн өс хонзон санаагүй”  хэмээн баталж, “зохих шийтгэлээ авахад харамсах зүйлгүй, харин эд нар хэргээ хүлээхгүй байгаад гайхаж” байна гэв. Тэрбээр өмгөөлөгч нарын асуултад хариулахдаа анх өгсөн мэдүүлгээс санаанаасаа зохиосон зүйл байснаа зөвшөөрч, зарим мэдүүлгээсээ буцаж байв. 
Д.Сарантуяагийн мэдүүлгийг бүгд гүтгэлэг гэв
Хэрэгт сэжигтнээр татагдсан  Ж.Оч-Мандах хэрэг гарах өдөр жолооны курсдээ сууж байгаад гэртээ харьсан гэж байгаа бол, Ү.Ганболд, С.Гантуяа нар Баруунтуруунд байсан гэх мэдүүлгээсээ буцаж хотод байсан гэв. Гэхдээ мөн л хэрэг гарах үед гэртээ байсан гэж мэдүүлж байсан юм. К.Тэмүүжин нь Ж.Оч-Бадрахын хамар хашаанд амьдардаг аж. Тэрбээр хэрэгт оролцож цогцосыг машины багажинд хийсэн гэх мэдүүлгийн худал хэмээн эсэргүүцлээ. Уг хэрэгт холбогдогч Отгонжаргал хэргийн газар огт байгаагүй. Мэдүүлэг өгөөд байгаа  Д.Сарантуяа, С.Гантуяа, Ө.Хэрлэнчимэг нарыг зүс л танина. Гэтэл хүн алсан мэтээр гүтгэж байгаад маш их гомдолтой байна” гэв.
Ц.Гончиг хүссэн хариултаа авч чадсангүй
Талийгаач охины аав Ц.Гончиг шүүх хуралдааны дэгийн дагуу сэжигтэн Ж.Оч-Бадрахаас “Миний охиныг алж байхад яагаад зүгээр хараад зогссон юм бэ. Яагаад тэднийг зогсоож болиулаагүй юм бэ” хэмээн нүдэндээ нулимсаа барьж ядан асуусан боловч  “би юу ч мэдэхгүй ээ” хэмээх хэнэггүй хариулт сонсоод бусдаас нь асуугаад ч адилхан хариултыг сонсоно гэдгээ мэдсэн бололтой “өөр асуулт байхгүй ээ” хэмээн чимээгүйхэн суудалдаа суусан юм. 

Гэрчүүд шүүх танхимд орж ирлээ
Шүүх хурал тасралтгүй үргэлжилж 15.20 цагийн үед Ө.Хэрлэнчимэгийн найз гэх Азжаргал гэрчээр шүүх танхимд орж ирсэн юм. Тэрээр “хэрэг гарах өдөр тэдэнтэй хамт байж байгаад бүрэнхий болох үед гэрлүүгээ явсан. Тэнд энд байгаа найман хүн, талийгаач Б үлдсэн” гэж байв. Гэрчээр оролцох  Азжаргал өмгөөлөгч, шүүг нарын асуултад сонсогдох төдий хариулж хохирогч охин, Б.Хэрлэнчимэг нарын өмсөж байсан хувцас, ямар машинаар явсан бэ зэрэг асуултад “хоёр жилийн өмнөх зүйл болохоор заримыг нь сайн санахгүй байна” гэж хариулж байснаас гадна өмнөх мэдүүлгээсээ өөр зүйл ярьж байв. Тухайлбал өмнөх мэдүүлэгтээ  сууж явсан машинаа Ж.Оч-Бадрахын хар өнгийн машин гэж байсан бол шүүх хуралд такси, Ж.Оч-Бадрахын цагаан өнгийн машин гэх зэргээр төөрч будилсан юм. Түүнээс мэдүүлэг авч байх зуур шүүгдэгч Ө.Хэрлэнчимэг “хохирогчийн өмгөөлөгч Баасанхүүг гэрч Азжаргалд дохио зангаагаар үг зааж өгч байна”  хэмээн эсэргүүцэж, арын эгнээнд суух өмгөөлөгч, сэжигтний ар гэрийнхэн  Ө.Хэрлэнчимэгийн талд орж “илт байна шүү дээ” хэмээн ам амандаа батлан давтав.  Гэвч өмгөөлөгч Баасанхүү тайлбар тавьснаар шүүх хуралдааныг хэвийн  үргэлжлүүлсэн юм. Дарааллын дагуу гэрчүүд болох  Ж.Оч-мандахын найз охин Чулуунцэцэг, Ж.Оч-Бадрахын найз Бямбадорж нар орж  мэдүүлэг өгсөн юм.
17.20 цагт шүүх хурал завсарлав

Зургаан цаг үргэлжилсэн шүүх хурал завсарлаж, шүүхийн танхимаас холбогдогч, өмгөөлөгч нар гарч явах үед хохирогчийн аав  Ц.Гончигтой уулзахад хэргийг үйлдэж миний охины минь амь насыг хөнөөсөн Ө.Хэрлэнчимэг огт өөр зүйл ярьж, өөрийгөө гэм буруугаа гжж байгааг гайхаж байна. Гэвч гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа учир үнэн зөвөөр нь шийдэх байх гэж бодож байна. Шүү хурлын шийдвэрийг гарсны дараа л уулзах уу даа гэснээр явж одлоо. Холбогдогчийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нар ч сэтгүүлчдэд ам нээж болохгүй анхааруулж байсан. Шүүх танхимд сэжигтний ар гэрийнхээс цөөн хүн үлджээ. Тэдний нэгэнтэй цөөн хором ярилцсан юм.
-Та хэний ар гэрээс ирсэн бэ?
-Сэжигтний ар гэрээс ирсэн. Хэн гэдгийг нь тодорхой хэлмээргүй байна.  Үнэндээ сэжигтэн гэж байгаа ч гэм буруугүй хэрнээ хилс хэрэгт гүтгүүлж буй хохирогч болоод байна.
-Шүүх хурлын үйл явцад ямар сэтгэгдэлтэй байна?
-Бүх зүйл нь худал хуурмаг байгааг чи өөрөө харахгүй  байна уу. Олон түмний гэм буруугүй хүүхдүүдийг хилс хэрэгт гүтгэж байна. Тэр гэрч гээд байгаа Азжаргал бол хуурамч. Бас хэрэг хүлээгээд байгаа  Сарантуяа ч гэсэн огт худлаа мэдүүлэг өгч байна. цаанаасаа хуйвалдсан зохиомол зүйл л болоод байна.
-Гэхдээ гэрч худал мэдүүлэг өгвөл эргээд хэрэгтэн болно шүү дээ. тэгэхээр худал мэдүүлэх хэрэгтэй гэж үү ?
-Мэдэхгүй. Цаагуураа мөнгө төгрөгний асуудал байгаа биз дээ. Худал мэдүүлэг хэлснийхээ төлөө эрүүгийн хэрэг үүснэ. Би хүүхдээ гэм буруугүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор эцсийг нь хүртэл явна гэв. Тэрээр халааснаасаа “Өдрийн сонин” гаргаж ирээд “намайг энэ сонин дээр гэрч Азжаргалыг мэдүүлгээсээ буцахгүй бол ална хэмээн заналхийлсэн гэж бичсэн байна лээ. Би хүн алж явдаг алуурчин биш. Тэр үед худал мэдүүлэг өгвөл эргээд шүүхэд дуудагдана шүү гэж л сануулснээс өөр зүйлгүй хэмээв.
Шүүх хурал завсарлах зуур хэргээ хүлээгээд байгаа Д.Сарантуяагийн өмгөөлөгчтэй уулзах гэсэн боловч ямар ч зүйлийн талаар ярихгүй хэмээн эрс татгалзсан юм. Шүүх хуралдаан 17.35 цагаас дахин хуралдаж 21.00 цаг хүртэл хэргийг хэлэлцсэн боловч дуусаагүй. Дараа өдрийн буюу энэ сарын 28-ны 09.00 цагаас дахин хэлэлцэхээр болж тарсан юм.  Хүний амь насыг санаатай хохироосон Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд  холбогдох хэргийн Анхан шатны шүүх хурлын  шийдвэр хэрхэн гарахыг үргэлжлүүлэн хүргэх болно.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж