
Жаахан хүүхдүүдийн “Хэрвээ би шидтэн бол…” гэдэг дууны үг бүр аятайгаа аманд орж инээд хүргээд… Гэтэл “хүүхдийн” дуунд итгэчихсэн Н.Алтанхуяг нь үхэж байсан ч суудлаа өгөхгүй гээд хөлөө савчаад түрүүлгээ хараад уначихдаг байгаа. “Хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн” гэж өдгөө МАХН-ынхан шоолж суугаа, хоёр балайг. Алтангудсыг эрдэнийн гудсаар солиод нэмэргүй ээ гэж нэг үг бий болоод байгааг аль аль нь сонсоогүй бололтой. Нэг нь намын даргаасаа салахгүй зуурч тэгснээрээ хамтарсан Засгийн газрыг цээжээрээ хамгаалагчийн дүрд хувилж МАХН-д үнэлэгдэх арга замаа хайж байна. Нөгөөдөх нь намын даргын суудлыг авчихвал Засгийн газрыг огцруулдаг баатрын дүрд тоглохоор нойргүй хонож байна. Харамсалтай нь энэ хоёрын хэн нь ч мөрөөдөөд байгаа “үүргээ”биелүүлж чадахгүйд хувь тавилангийн шоглоом оршиж байгаа хэрэг. Н.Алтанхуягаар хамгаалуулж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, З.Энхболдоор самруулж огцордог Засгийн газар гэж байдаггүй юм. Энэ бол сонгуулиар олонх болсон намын Засгийн газар. Ялсан нам Засгийн эрхээ барьдаг хуультай. Тэд хамтарч байгуулна уу, хавсарна уу, ганцаараа байна уу тэдний л эрх. Үүнд Ардчилсан намын үүрэг роль гэж байхгүй. Наана чинь МАХН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж байна. Тэд амласнаа өгч, рейтингээ өсгөж байна. Бас стратегийн ордуудыг эргэлтэд оруулж олон жилийн турш илжирч муудсан хэрүүлийн алимыг суга татан хаялаа. Долдугаар сарын 1-ний хариуцлагыг саармагжуулж чадлаа. Одоо болсон. Энэ чигээрээ шааригдаад 2012 онтой золгоход МАХН гарцаагүй ялалт байгуулна. Хорин жилийн турш дотоодын тэмцлээ дарж чадахгүй яваа Ардчилсан нам гай болно уу гэхээс гавъяа лав байгуулахгүй. Өөрсдийн үзэл бодлоосоо урвасан, 100 мянган гишүүнээ дорд үзсэн, Монголын ард түмний сонголтыг уландаа гишгэсэн Ардчилсан намыг Засгийн газраас хөөгөөд гаргаач. Намын гишүүдийнхээ үгийг сонсохгүй атлаа С.Баярын, Ерөнхий сайдын үгэнд ордог, МАХН-ын улаан сарнайн өмнө харц доогуур гөлөлздөг Н.Алтанхуягаар энэ Засгийн газар яах юм бэ. Ийм урвагчтай тагнуулд хамт явж болохгүй гэдгийг МАХН-ын томчууд мэдэх байлгүй. Сү.Батболдын Засгийн газарт алба хашиж байгаа Ардчилсан намын сайдуудаас Х.Баттулгаас бусад нь сэтгүүлчдийг шоронд хийлгэхээр шүүхэд өгөөд байгаа. Муу ч бай 20 жилийн түүхтэй энэ намд сэтгүүлчидтэй заалдаж, хэвлэлийн эрх чөлөө рүү нулимсан гишүүн урд өмнө байгаагүй юм шүү. МАХН-ын хоолонд цадаж уяа нь уртассан тэд өдгөө дөрөв дэх засаглал руу шүлсээ үсчүүлэх болсон. Хэний хотонд хэн орчихоод “хуцаж” байгаагаа мэддэг ч болоосой гэж хаяа боддогоо нуугаад яахав.
“Албан тушаал дуртай дуртай гэхэд Алтанхуяг шиг байж болохгүй” гэсэн хэлц үг бий болсоныг бодоход хүмүүс түүнд их л дургүй гэсэн үг. Энэ хандлага З.Энхболдод ч бас хамаардаг. Ардчилсан намд төдийгөөс өдий хүртэл зүтгэж, хэд хэдэн сонгуулийг удирдан чиглүүлсэн атлаа Төрийн өмчийн хорооны даргаас өөр гавьтай албан тушаалд очоогүйг бодоход нам нь, гишүүд нь түүнээс халгаад байдгийн илрэл. Бас түүнд хаяглагдах нэг айхтар үг бий. “Хэрвээ мань эрийн хөл дээр хэн нэгэн санамсаргүй гишгэчихсэн бол хэзээ нэгэн цагт тэр түүний хөл дээр заавал гишгэнэ” гэж. Сууж байгаад сайтар бодохоор салаа утгатай зэвүүн үг шүү. Энэ хоёрын хэн нь ч Ардчилсан намд үгүйлэгдэж буй хүчтэй лидерийн орон зайг нөхөж чадахгүй. Хэн хэнд нь санаа байвч сачий хүрэхгүй. Яг одоо Элбэгээ шиг нийгмийг эргүүлж өөрийнхөө араас дагуулж чаддаг лидер хэрэгтэй болохоос хол ойрын хов живийг нийлүүлж зангидаад өөртэйгээ хамт намаа унагах хүн хэрэггүй. С.Баяр шиг намын даргын албаа өгчихөөд жил болсон атал рейтинг нь байнга нэгдүгээрт явдаг ийм л хүнийг хайж олох эсвэл төрүүлж гаргах шаардлагатай. Гэвч тийм лидер хэд хоногт, хэдхэн жилд бий болдоггүй нь харамсалтай. Ардчилсан намын алга болсон рейтингийг Ерөнхийлөгчийн үг түр ч атугай эргүүлэн авчирсан. Тэгэхээр Ц.Элбэгдорж өөрийн зүгээс дохиогоо өгчихсөн гэсэн үг. Харин дохиог хэн зөв хүлээн авч хэрэгжүүлэх вэ гэдэг бас эрсдэлтэй алхам. Ямартай ч З.Энхболд бол биш. Тэрэнд орвол Ардчилсан намыг Засгийн газраас хөөгөөд гаргасан нь дээр.
Л.МӨНХБАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин