
Ардчилсан намын дотор Засгийн газраас гарах эсэх асуудал хүчтэй доргилт өгч, тэр нь намын даргын тархи, зүрхэнд хүндээр тусчээ. Энэ тусгалын нөлөө намуун, дөлгөөхөн Н.Алтанхуягийг тэс өөр хүн болгон хувиргав. Аргаа барсан хүн яадаг билээ. Тэрбээр Засгийн газраас ч гарахгүй, намын даргын суудлаа ч өгөхгүй гэсэн мэдэгдлийг ичиж зоволгүй хийсээр байна. Уг нь түүний хэлээд, мэдрээд байгаа шиг хамгийн хүчтэй өрсөлдөгч нь З.Энхболд биш юм шүү дээ. Үнэн хэрэгтээ Ардчилсан нам Засгийн газраас гарах эсэхийг Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын хэн нь ч мэдэхгүй. Харин Х.Баттулга сайд мэднэ. Учир нь Ардчилсан нам дахь олон фракц ганцхан л хүнийг үгийг сонсч толгой дохидог. Тэр нь Х.Баттулга. Түүний үгийг захын нэг фракцийн толгойлогч байтугай Төрийн тэргүүн ч сонсдог. Бас намын даргын суудалд өтөөд байгаа тэр З.Энхболд ч сонсоно. МАХН-ын дарга ч сонсох учиртай.
Тэрбээр саяхан “Засгийн газраас гарахад яадгийм. MSC-ийн ажлыг хийх гэж би сайд болсон биш” хэмээн унтууцсан тухай үг Төрийн ордонд гэрлийн хурдаар нисч явна. Хэрвээ энэ үг үнэн бол юм эхлэхийн дохио. Тиймээс Х.Баттулгыг л анхааралтай ажиглахад хангалттай. Үүнийг улс төрийн маш явцуу хүрээний нөлөө бүхий хүмүүс ч хүлээн зөвшөөрөөд байна. Х.Баттулгын унтууцаж унагасан үг унтаж байсан Ардчилсан намыг сэрээж орхив бололтой. Ардчилсан намын гишүүд “Энэ үнэн үү” гэлцэн нүд нь сэргэчихсэн давхилдаж яваа гэсэн шүү. Парламентын 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг Х.Баттулгын унагасан үгтэй утгын хувьд тохирч байгаа нь гайхалтай. Тиймээс Ардчилсан нам Засгийн газраас гарах эсэхийг Н.Алтанхуягаас биш Х.Баттулгаас асуусан нь дээр.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин