
FIFA-гийн клубын дэлхийн цомын тэмцээн энэ жил Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдоно. Хоёр дахь жилдээ Арабт зохион байгуулах гэж байгаа Клубын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-18-ны өдрүүдэд болох юм. Абу Даби хотноо болох энэхүү тэмцээний сугалаа өчигдөр Швейцарийн Цюрих хотноо болов. Сугалаа ёсоор Төв болон Хойд Америкийн бүсийн аварга Мексикийн “Пачука” шөвгийн наймд Африк тивийн аваргатай тоглохоор болсон байна. Одоо Африкийн аваргын төлөө Конго улсын “Мазембе”, Тунисын “Эсперанс” багууд үлдээд байгаа юм. Харин хагас шигшээд Өмнөд Америкийн бүсийн аварга Бразилийн “Интернасиональ” баг өрсөлдөгчөө хүлээж байна. Европын аварга Италийн “Интер Милан” ч хагас шигшээд шууд тоглоно. Тус багийн өрсөлдөгчөөр Азийн аварга, эсвэл зохион байгуулагч орны “Аль Вахда”, далайн орнуудын “Хекари Юнайтед” багуудын аль хожсон нь тоглох юм. Азийн аваргын төлөө Ираны “Зоб Ахан”, БНСУ-ын “Сённам Илва” багууд үлдээд байгаа билээ. Эдгээр багуудаас клубын дэлхийн цомын тэмцээнд түрүүлбэл таван сая ам.долларын шагнал авах бол шигшээд үлдсэн баг дөрвөн сая, гуравдугаар байрт орсон баг 2,5 сая, дөрөвдүгээр байр хоёр сая, тавдугаар байр 1,5 сая, зургадугаар байр нэг сая, долдугаар байр 500 мянган ам долларын мөнгөн шагналыг тус тус хүртэх ажээ.
Score Studio