
Зогсолтгүй эргэж байсан банк зүсээ хувиргаж засгийн мэдэлд очоод жил болох гэж байна. “Зоос” банкийг татан буулгаж Засгийн газрын зүгээс Сангийн яамаар дамжуулан хөрөнгө оруулж Төрийн банкийг босгосон юм. Харин ойрдоо бүр таг чиг боллоо. Санаа тавих эрх нь жирийн иргэдийн хэнд нь ч нээлттэй болохоор энэ банк руу чих тавих, асууж сураглах ёстой билээ. Бараг өөрсдөө ард түмэнд тайлагнах ч үүрэгтэй. Монголбанкинд хүргүүлдэг улирал, жилийн тайлангаа ч өгч байгаа эсэхийг мэдэх арга алга. Гэтэл Бэн Турнбул гэгч гүйцэтгэх захирал нь үүрэгддэг юм уу өнгөрсөн хавраас хойш байгаа үгүй нь мэдэгдэхгүй боллоо. Уг нь Сангийн яамнаас менежментийн гэрээгээр эрхийг нь өгч тэднээр удирдуулж байгаа гэж ойлгодог. Шуудхан хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөөс илүүчилж тус банкийг босгосон болохоор биднийх билээ. Харин хуучин “Зоос”-ыг өргөжүүлж, эсвэл багасгаж уг банкийг төрийн дэмжлэгтэйгээр бий болгосон гэж зарим хүн ойлгодог. УИХ-ын зарим гишүүн ч ингэж ярьж буй. Гэвч үгүй. Өнгөрсөн тавдугаар сард ТӨХ-ны шийдвэр гарч “Төрийн банк” ХХК-ийг 28 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар 100 хувь төрийн өмчийн бүртгэлд авсан. Гэтэл өнөөдөр “Зоос”-оос данс дугуйлж, бие даасан арилжааны банкны үйл ажиллагааг явуулж чадаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна. Хуучин “Зоос”-ын нэрийг өөрчлөөд л бүтэц, үйл ажиллагаа нь хуучнаараа яваад байгаа юм шиг. Наад зах нь тус банкны байрны тавдугаар давхарт “Зоос” банкны хохирол барагдуулах алба гэж байгуулсан сурагтай. Тэр нөхөд “Зоос”-оос урт хугацаатай, их хэмжээний зээл авсан зээлдэгчдийг очиж дарамталдаг гэсэн. “Манайхаас авсан мөнгөө өг. Одоо “Зоос” гэж банк байхгүй” гээд л дүвчигнэсэн тохиолдол нэг бус удаа гарчээ. Нэг ёсондоо “Зоос”-оос авсан зээлээ хугацаанд нь Төрийн банкинд төлөөд явна гэж бодсон тэдгээр зээлдэгчид бухимдах нь аргагүй юм. Найдваргүй зээлдэгч гэдэг нь батлагдсан бол өөр хэрэг. Гэтэл урт хугацааны зээл авснаасаа болж банк дампууруулсан этгээд гэж чичлүүлэх нь хэнд сайхан байхав. Үүнээс гадна Төрийн банкны гүйцэтгэх захирлаар урьд нь “Зоос”-д гэрээгээр ажиллаж байсан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны багийн хүнийг томилсон нь одоо ч сонирхол татдаг. Заавал ингэх шаардлага байсан уу. Арилжааны банкуудын л нэг байсан банкыг заавал сонгож авч анхнаасаа татан буулгаад л /чанаргүй зээл гаргасан гэдэг боловч анхнаас нь хянаж болох байсан/, Монголбанкаар дамжуулж Сангийн яам санаа тавиад л. Мөн энэ бүхний эцэст Европтоо нэр хүндтэй банкны хүнээр удирдуулахаар болсон гэдэг ч урьд нь “Зоос”-ын хувьцааны 25+1 хувийг эзэмшиж байсан эчнээ танил нөхөр хүрээд ирсэн.Үүнээс гадна “Зоос”-ыг анх хөл дээр нь босгох гэж Монголбанк хичээсэн боловч бүтээгүй гэх Монголбанкны байр суурь анхаарал татдаг. Эхний ээлжинд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 15 тэрбум, дараа нь алтны компаниудыг дэмжих зорилгоор Засгийн газраас 76 сая. долларын санхүүжилт гаргасны 18 саяыг нь тухайн үед байршуулсан ч тус болсонгүй гэж Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдорж мэдэгдэж байсан. Элсэнд хийсэн ус шиг алга болсон гэсэн үг. Одоо энэ талаар тэр юу ч ярихгүй байгаа. Үүнийг Төрийн банкинд өнгөрсөн хавар Засгийн газраас байршуулсан 60 гаруй тэрбум төгрөгийн бонд дээр нэмж тооцох уу, эсвэл “Зоос”-ыг үгүй хийсэн гол хүн гэгдээд байгаа “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт тохоод өнгөрөх үү гэдэг нь ч одоо эргэлзээтэй. Уг нь татан буулгуулахаас жилийн өмнө “Зоос” банк 220,6 тэрбум төгрөгийн активтай, 100 гаруй мянган хадгаламж эзэмшигчтэй байсан. Гэнэт л тэнгэр ниргэсэн юм шиг дампуурал мөн, биш гэсэн яриа газар авсан билээ. Гол нь тухайн үед “АНОД”,”Зоос” банкнаас Олон овоотын лицензийг барьцаалж их хэмжээний зээл авсан Ц.Мянганбаярыг буруутгаж байсан санагддаг. Одоо ч ялгаагүй. Гэтэл асар их алтны нөөцтэй ордоос өнөө маргааш биш гэхэд ойрын хоёр, гурван жилдээ авсан зээлийнх нь эргэн төлөлт ороод ирэх байсан гэж ойлгодог. Ямар зам барихтай адил биш. Хоног өдөр өнгөрөх тусам л ашгаа өгөх салбарт тэнэг биш учраас дээрх банкны эзэд ч тэр үедээ түүнд зээл олгосон байж таарна. Ц.Мянганбаярын хувьд дотоодын арилжааны банкуудаа сонгосон нь зөв байсан ч “АНОД”-оос авсан дээрээ нэмж “Зоос”-оос зээл авсан нь хожим ирэх гайг далласан байх. Тийм ч болохоор хэнийх нь ч санаа бүтээгүй. Гол нь эндээс өнөөдөр хаалгаа барьсан “Зоос”, Төрийн банкны халхавч уу, эсвэл эсрэгээрээ юү гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Өнөөдрийг хүртэл Төрийн банк тайлангийн хурал ч хийсэнгүй. Ашигтай ажиллаж байгаа үгүйг ч мэдэх арга алга. “Зоос”-ынх бол хадгаламж эзэмшигчдийн, бас ТУЗ-ын гээд хэд хэдэн хурал болсон. Гэвч энэ хоёр бол тусдаа учраас л Төрийн банкийг өнөөдөр хэн ч олж харахгүй байгаа юм.Төрийн банкинд оруулсан Засгийн газрын хөрөнгийг татан буулгасан банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төлөхөд зориулаад байна уу.Үгүй гэх хүн ч алга. Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч хуучин, шинэ хоёрын нэгдэх замыг засах үүргийнхээ дагуу “Зоос”- той холбоотой өр, авлагыг хуулийн дагуу шийдвэрлээд явж байгаа эсэхийг бүү мэд. Мөн хуучин ”Зоос”-ын эргэн төлөх чадвартай зээлдэгчдийн буцаан төлөлт өөр халаас руу урсаад байна уу гээд тоочвол хаалттай зүйл олон байна. Мэдээж өмнөх “Зоос”-ын харилцагчид Төрийн банкинд үргэлжлүүлээд харилцах данс нээгээд хамтран ажиллаж байгаа гэх байх л даа. Гэвч тэр тоо өнөөдөр бас бүрхэг байгаа. Тус банкны ажилтны ярьж байгаагаар ойрын үед бус оны эцэст л тайлангаа нийтэд ил болгож болно. Одоогоор цаг нь болоогүй гэнэ. Харин улирлын тайлан балансаа хуулийн хүрээнд Монгол банкинд хүргүүлж байгаа эсэхэд хариулахыг хүсээгүй юм. Бодвол хөрөнгө оруулагч болох Сангийн яамныхнаас эмээж байгаа биз.
Сүүлийн үед ашигт малтмалын ордуудаас олох орлогод түшиглээд Хөгжлийн банк байгуулах талаар ярьж байгаа. Уул уурхайгаас орж ирэх хөрөнгийг энд л төвлөрүүлэх зөв гарц гэж ярьцгааж байна. Гэвч Төрийн банкийг анх байгуулахад ноён Д.Пүрэвдорж бас л ийм утгатай зүйл ярьж байсан. “Татан буулгасан банкыг түшиглээд төр өөрийн гэсэн банктай болж байгаа нь нэг талаар олзуурхууштай. Энэ банкинд удахгүй ашигт малтмалын ордуудаас орж ирэх хөрөнгийг төвлөрүүлнэ гэж Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Үүнд гадны туршлага хэрэгтэй байгаа учраас гадны менежментийн багийг урих болно. Төрийн банкийг Сангийн яам үүсгэн байгуулж Засгийн газрыг төлөөлж байгаа юм” гэж жилийн өмнө хэвлэлд ярьжээ. Гэвч түүний ярьсан нь худлаа байлаа. Төрийн мэдлийн энгийн л нэг арилжааны банк байгуулах гэж байснаа яагаад нуусныг одоо л мэдмээр байна.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин