Тэгвэл миний инээд хүрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Тэгвэл миний инээд хүрэхгүй байна

Тэгвэл миний инээд хүрэхгүй байна
УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг С.Бямбацогтыг  “Ярилцъя” булангийнхаа шинэ зочноор урьсан юм. Шинэ залуу үеийн төлөөллүүдтэй сонины хуудсаар дамжин “уулзаж” тэдний үзэл бодол, байр суурь, хувь ертөнцийнх нь талаар тодорхой мэдрэмж авах   хүсэлтэй байгаагаа манай уншигчид бидэнд ирүүлдэг. Энэ удаа тэдний хүсэлтийн дагуу эрхэм гишүүн С.БЯМБАЦОГТТОЙ ярилцсан юм.

-Байнгын  ажиллагаатай пар­ламент байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэ­лийн чуулган дээр  Ерөнхий­лөг­чийн хэлсэн үг шуугиан тарьж байна. Энэ талаар ги­шүүд олон янзын байр суурь­тай байгаа.  Таныхыг со­нир­хож болох уу?
-Монгол Улсад байнгын ажил­лагаатай парламент үүсч хөгж­сөний 20 жилийн ойн  хүн­дэт­гэлийн чуулган хуралдаж бай­сан. Хэлсэн үг нь тэр өдөр байж таарсанд л жаахан өөтэй хү­лээж авах шалтгаан гарч байж болох юм. Өөрөөр хэлбэл, яг энэ хүн­дэтгэлийн чуулган дээр  асууд­лыг ярьж байгаа нь  гад­наасаа жаахан зохимжгүй харагдсан болохоос бусдаар бол хэлсэн үгэнд  нь авах, бо­дох, цаашдаа санаж  сэтгэх олон асуудлууд  бай­сан. Гар­цаа байхгүй энэ ул­сын Ерөн­хий­­лөг­чийн хэлэх л  ёстой үг шүү дээ.

-Гишүүд дотор бухим­дал­­тай улсууд нэлээд байх шиг байсан ?
-Хүн хэлэхээс нааш, цаас чи­чи­хээс нааш гэдэг. Парла­мент өөрийн алдаа дутагдлаа сонс­дог  байх хэрэгтэй. Бид­ний том дутагдал бол  шүүмж­лэ­­лээс тасрах гээд, шүүмж­лэ­хээр энэ яах гээд ингээд бай­гаа юм бэ, яагаад шүүмжлээд бай­­гаа юм бэ гэдэг байдлаар хар­­даг маань шүү дээ. Эсрэг реакци л  үзүүлэх гээд унадаг. Тиймэрхүү хандлага бидний дунд давамгайлж байгаагийн нэг том илрэл  юм болов уу. Үнэ­хээр гишүүд маань бас жаа­хан таагүй хүлээж авч бай­на лээ. Таагүй хүлээж авч бай­гаа өнгө нь юу байна вэ гэхээр түрүүний миний хэлсэн өнгө. Бидний баярын өдөр бай­сан ш  дээ. Монгол Улсын тө­рийн эрхийг барих дээд бай­гуул­­лага УИХ-ын 20 жилийн ойн баярын хүн­дэтгэлийн чуул­­ган хурал­даж байна. Гэ­тэл заавал энэ өдөр ингэж хэлж байгаа нь ямар учиртай юм бэ гэдэг үүднээс хандаж  байсан.

-Ерөнхийлөгч АТГ-ын дар­­­гын асуудалд хандсан УИХ-ын байр суурийг хүчтэй шүүм­жилсэн.  Энэ бол танай на­мын бүлгийн л хийсэн зүйл. Та хүлээж авч байгаа биз дээ?
-Хүлээж авна аа. УИХ-ын дэ­­гийн хуульд илээр санал ху­раах, горимын саналаар бол нуу­цаар санал хурааж болох заалт  байдаг л даа. Үнэхээр болж байгаа нь юу юм, болох­гүй байгаа нь юу юм гэж илэн да­лангүй, ний нуугүй ярилцах, за­­саглал хоорондын харил­цаанд цав суулгачихгүй ажил­лах талаар бодолцох ёстой бай­сан гэдэг бодол надад бол төрж л бай­сан. Ялангуяа  олон­хи болж байгаа манай намын­хан санал санаачлага­тай гар­цыг олох талаас ажил­лах бай­сан бо­лов уу. Энэ асуу­дал дээр Ерөн­хийлөгчийн зү­гээс эмзэглэсэн байдал хараг­даж  байна лээ.

-Үнэхээр марзан юм бол­сон. Хууль зөрчсөн нь бол ба­­­­тал­­гаатай. Гэхдээ бид огц­­руу­лахгүй ээ гэсэн шийд гар­гав аа даа. Парламентын зү­­гээс гаргасан хамгийн ха­чир­­халтай  шийдвэр биш гэж  үү. Та чинь аль байн­гын хо­­­роонд харъяалагд­даг би­лээ?

-Би Эдийн засгийн байн­гын хо­роо, Нийгмийн бодло­го, бо­ловс­рол, соёл Шинжлэх ухаа­ны байн­гын хороонд харъ­яа­лагд­­даг л даа. Хууль зүйн байн­гын хо­роо­гоор асуудал хэ­лэл­­цэг­дэж байгаа. Асуудал дан­даа хаалт­тай ху­рал­даж байна. Тэгэ­хээр энэ та­лаар мэ­дээ­лэл бидэнд их бага бай­гаа гэсэн үг. Хууль зөрч­сөн гэ­сэн дүгнэлт гарсан юм уу, хууль зөрчөөгүй гэсэн дүг­нэлт гар­­сан юм уу би мэ­дэх­гүй байна.

-Юу вэ. УИХ-ын гишүүд хүр­­тэл ийм төвшний ойл­голттой байгаа хэрэг үү. Наа­дах чинь үнэхээр гайхал тө­рүүлж байна шүү ?
-Эхнээсээ л асуудал хаалт­тай, нууц гэж орж ирсэн шүү дээ. Тийм болохоор хаалт­тай хэ­лэлц­сэн байх. Тэгээд тэрэн дээ­рээ­сээ тулгуурлаад нуу­цаар санал хураах шийдвэр гар­сан байх. Тэгэхээр энэ асуудал дээр бид үүнээс өөр төвш­ний ямар мэдээлэлтэй байх юм бэ.

-Таныг МАХН-ын дэргэ­дэх МАСЗХ-г  тэргүүлнэ гэ­сэн таа­маг  их хүчтэй яриг­даж бай­сан. Гэтэл гэнэт нэг за­­луу гаргаж ирээд тавьчих­сан. Танд ер нь энэ залуу­чуу­­дын бай­гуул­лагыг тол­гой­­лоод  ажил­лавал ажил­­ла­чихъя гэ­сэн бодол бай­­сан уу, үгүй юу?
-Байсан. Ийм шулуухан асууж байхад би бас шулуу­хан л хэлчихье. (инээв) Би  МАСОХ-ны ерөнхийлөгчөөр то­дорхой хугацаанд ажиллаж бай­сан. Залуучуудын бай­гуул­лагын удирдах зөвлөлд  бас нэлээн олон жил ажил­ла­сан хүн л дээ. Энэ үүднээсээ за­луучууд оюут­нуудтай нэ­лээн ойр.  Мөн энэ ч үүднээс нь холбооны өм­нөх ерөн­хий­лөгч Г.Зандан­ша­тар дарга, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар болон бу­сад удирдах албан тушаалт­нууд надад залуу­чуу­дын бай­гуул­лагыг удирдаж ажил­лахыг санал болгож бай­сан байх. Би са­налыг хүлээж авч байсан. Ажиллаж сураагүй биш, хийж чадахгүй ажил биш намын­хаа төлөө, залуучуудын төлөө өм­нө нь хийж байсан аж­лаа  үр­гэлж­лүүлэх үүрэг даал­га­вар намаас өгвөл ачааг нь үүрээд зүтгэе гэсэн бодол бол байсан.

-Тэгээд?
-Тодорхой бодлого гарч ир­сэн байх л даа. Одоо юу гэ­дэг юм, шинэ үеийнхэндээ, тэр дун­даа 1980-аад онын­хондоо энэ албыг өгөөд явах нь зөв.  Өнөө­дөр 20-30 насных­­ны ний­гэмд эз­лэх байр суурийг нь то­дорхой бол­гох, эд нартай тулж ажиллах, нам руугаа шинэ ги­шүүд дэм­жигч­­дийн эгнээг  өргө­жүүлэх  шаард­­лага бас бус асууд­лууд  бай­на гээд урьд нь ярьж байсан асууд­­луу­­дaa эр­гэж харах шаард­­­лага гарсан юм байгаа биз дээ.

-Тийм үү. Гэхдээ танд энэ шийдвэрээ хэлж ярьсан юм байгаа биз дээ?
-Албан ёсоор надад хэл­сэн юм бол байхгүй л дээ. Нэ­гэн­тээ намын бодлого шийд­вэр гарч байгаа бол энэ нь дээр би юу ярих вэ дээ.

-Улс төрийн хүрээнд ажил­­­­ладаг сэтгүүлчийн хувьд тэр тохироо яагаад буц­­чих­сантай холбоотой мэ­дээлэл бол надад байна л даа. Та харин их албан ёсны өнгөтэй сэт­гэгдэлтэй яваа юм байна ?
-Тийм үү. Албан ёсны шийд­­­вэр гарсны дараа албан бус сэтгэгдэл төдий юм яриад явах нь онц биш зүйл гэж би бод­дог юм л даа.

-Танай нам дуучдыг сту­ди энэ тэр байгуулж өгнө гэж 100 гаруй сая төгрөгөөр “ху­далдан авч”  намдаа эл­сүүлж байгаа гэх юм. Танай намд дуучид ямар хэрэгтэй юм бэ. Эсвэл гавьяатаа танай на­xмаас авчихсан юм уу?
-Манай намынхныг хэдэн гавь­яатуудыг намдаа элсүүл­лээ, пиардлаа гээд шүүмж­лээд байгаа. Ялангуяа АН-ын за­рим хүн. Өөрсдийнх нь хий­гээ­гүй юмыг хийчихээр бу­химд­­сан шинжтэй харагдаж байна лээ.

-Үнэндээ бол хөгийн гэж хэлж болох шоу л даа. Хэ­дий­гээр тэдний эрх ч гэсэн. Бу­­х­имдсан шинжтэй харагд­сан гэж Н. Алтанхуяг даргыг хэлж байна уу. Саяхны нэг со­нинд ярилцлага өгөхдөө “Ц.Ням­дорж сайд та хоёрыг  тэр эргүү хүмүүстэй би юу ярих юм” гэж хэлсэн байсан?
-Би уншсан. Тэр үед Мон­голбанкны дэд ерөнхий­лөг­чийн асуудлууд яригдаж бай­сан. АН-ынхан ажил албан ту­шаал л гарах юм бол хамтар­сан Засгийн газар байгуулсан юм чинь заавал нэг юмыг нь ма­най нам авна гэдэг. Агент­ла­гууд хүртэл энэ амбициас нь болоод орлогч даргатай, дэд даргатай болчихсон. Яа­сан гэ­хээр АН-д зориулж хам­тар­сан Зас­гийн газар байгуул­сан уч­раас гэсэн санамж би­чиг гаргаж ир­сэн. Энэ байдлыг л би шүүм­жил­сэн. Хоёр нам сон­гуулийн ам­лалтыг биелүү­лэх гэж хам­тар­сан Засгийн газрыг бай­гуул­сан юм уу, ажил хийхийн тө­лөө та нар нэгдсэн юм уу эс­вэл сандал ширээний төлөө нэгд­сэн юм уу. Юм л болбол хой­ноос ирээд хот ма­найх, хотонд ирээд хонь ма­найх гэгчээр ажил албан ту­шаал гарах л юм бол талыг нь манайх авах ёстой гээд зүт­гэчих юм. Ажил  хийх гэхээр зав­сарлага аваад суучих юм. Энэ байдал чинь болохгүй бай­на ш дээ. Одоо ингээд ард түм­­нийхээ төлөө, амлалтаа бие­­лүүлэхийн төлөө  хамтарч ажил­­­лах юм уу үгүй юмуу. Хөө­вөл гарах юм уу хөөсөн ч га­рах­­гүй юм уу гэж би хэлсэн юм. Тэгсэн чинь Н.Алтан­хуяг дарга  “Хөөсөн ч гарахгүй” гэж хариулж байсан. Ц.Нямдорж дарга бид хоёрын асуудалд ханд­сан хандлага, илэрхийл­сэн үг өгүүлбэр маань тэр хүнд одоо эргүү  хүний байд­лаар л сон­согд­сон юм байна л даа.

-Сэтгэцийн тодорхой онош зааж томъёолсон  бай­на лээ. Хатгаж байгаа юм биш шүү. Зүгээр инээд хүрээд бай­на?
-Миний инээд бол огт хү­рэх­­гүй байна л даа. Ховд, Увс айм­­гийн сонгогчдын тодор­хой хэс­­­гийг басамжилж дором­жилж бай­­н­а л гэж би хүлээж авч бай­гаа.

-С.Баяр гэдэг лидерийн ху­вийн шийдвэрийг дагаж танай нам дотор шинэ үеийн­­хэнд боломж олгосон маш том хаалга нээгдэж  байна. Энэ бол ямар ч удир­дагчийн үзүүлж бай­гаа­гүй  жишиг. Тэр хаалгаар 60-аад оныхон, 70-аад оны танай үеийнхэн орж ирээд зогсч байна. Түүний ярилцлагын нөлөөнөөс га­раа­гүй явж байхдаа хэн нэ­гэн залуухан гишүүнтэй ярилцъя гэж шийд­сэн юм. С.Бая­рын хий­сэн мэдэгд­лүү­дийг танай үеийн­хэн жишээ нь яаж хү­лээж авсан бэ?
-С.Баяр дарга бол үнэхээр энэ цаг үеийг тодорхойлж  байгаа улстөрч. Гаргаж байгаа шийдвэрүүд нь цочмог, сайн бодож төлөвлөсөн юм болов уу, үгүй юм болов уу санам­сар­гүй хэлчихсэн юм биш бай­­гаа гэж бодмоор алхмуу­дыг  дандаа хийдэг. Жишээ нь, XXV их хурлаар на­мын дар­га болсны­хоо дараа “Би эрх мэд­­лийг нь давхар ав­маар бай­на”  гэж хэлнэ гэж хэн ч бодоо­гүй байсан. Гэтэл шууд их хур­лын индрээс л хэлчих­сэн.  Да­раа нь МАХН олонхи бол­чи­хоод бид ачааг дангаа­раа үүрэх ёстой байтал ачаа­гаа хувааж үүрнэ ээ, хам­тар­сан Засгийн газар байгуулна гэж хэний ч санаанд оромгүй шийд­вэр  гаргасан.  Дараа нь гэнэтхэн Ерөнхий сайдаа “Би өөрөө өгнө” гээд л өгчихсөн. На­мын дар­гаа мөн адил. Ин­гээд бо­дохоор манай хүн хү­ний са­наанд багтамгүй шийд­лүү­дийг  гаргадаг. Эхлээд хү­лээж ава­хад үнэхээр хэцүү. Их цочир­дож хүлээж авцгаа­даг.

Тэгээд да­раа нь, тодорхой цаг хуга­цаа­ны эргэлтэн дээ­рээс хара­хад  үнэхээр тэр хү­нийг хүнд­лэх, ойлгох, дэмжих, зөв­шөө­рөхөөс аргагүй шийд­вэ­рүүд болсон байдаг. С.Баяр дар­гыг энэ үүднээс нь хүн­дэлж явдаг. С.Баяр дарга бай­на, Д.Дэм­­бэ­рэл дарга байна, Ц.Ням­дорж дарга байна. Би энэ хүмүүсийг бүг­дийг нь  хүн­дэлж явдаг. Одоо бидний да­раа дараагийн үе ачаа үү­рэх цаг нь боллоо. 60-аад онын­хон та нар ачаагаа үүрээ гэж сан­дал ширээтэй­гээ зуу­рал­дах­гүй­гээр өгч ча­даж бай­гаа нь өө­рөө улс тө­рийн маш том эр зо­риг. Улс тө­рийн агуу том соёл ч юм. Би энэ үүднээс нь хү­лээж авч байгаа. Намайг Мон­голын ардчилсан социалист оюут­ны хол­бооны даргаа өгье гэхэд надад С.Баяр дарга хэлж байсан. Бям­бацогт оо, сонгуу­лийг хамт дуусгана шүү. Зо­риг­той бай, зорилготой бай, зар­чим­­тай байна шүү гэж. Тэр үг нь ми­ний амьдралдаа ба­рим­тал­­даг зарчим болж үлдсэн. Улс­­төрч хүн зорил­го­той байх ёс­той юм байна, зоригтой байх ёс­­той юм байна, зар­чимтай байх ёстой юм байна. Одоо би өдөр тут­мын хийж байгаа ажил, гар­гаж бай­гаа шийдвэрээ энэ дэн­сэн дээр л тавьж тунгаан боддог.

-Та намын хэдэн оны гишүүн бэ?
-Намын 2000 оны гишүүн.

-Н.Энхбаяр даргыг дагаж орж ирсэн залуу юм уу?
-Үгүй. Би харьцангуй эрт биеэ даасан хүн. Тийм боло­хоор хэн нэгэн даргын  өмнө хой­но нь орж гүйдэггүй. Эсвэл эн­гийн утгаар хэлвэл хэн нэ­гэн­­тэй нь нэг тал болчихоод хэн нэгнийх нь эсрэг байлд­даг­­гүй. Өөрийнхөө зөв гэж бод­сон юман дээр бялдууч ха­рагд­­чих болов уу гэж бол­гоомж­­лохгүй, өө­рийнхөө хэ­лэх үгийг л хэлнэ.  Буруу гэж бод­­сон юман дээр мөн адил шүүмж­­лээд л явна. Энэ зан бай­дал маань харин  өөрс­дий­гөө дандаа тойрон хүрээ­лүү­лээд сурчихсан хү­мүүст таа­лагд­даггүй юм шиг байгаа юм. Хүмүүс харж сур­сан, дадсан өнц­гөөсөө л юмыг ха­рах гээд бай­даг. Тэр утгаараа на­майг нэг болохоор энэ Н.Энх­­бая­рын хүн гэнэ, нэг болохоороо энэ С.Баярын хүн,  М.Энхбол­дын хүн гэж ярьж байдаг.  Хэн нэгэн том лидерын өмнө очиж бө­хөлздөггүй боло­хоор  өнөө­гийн улс төрд надад онож бай­гаа ч юм байгаа байх, алдаж байгаа ч юм байгаа л байх. Гэх­дээ цаг ху­гацааны явцад өөрийнхөө зөв гэж үзсэн энэ үз­лээрээ явж байгаагийн маань хариу эе­рэг л гарна гэж би бодож байгаа.

-Нэг ахмад улстөрч на­дад хэлж байсан юм байна. Энэ Бямбацогтод нэг биеэ даа­сан, тоосон ааш байдаг юм аа. Их залуугаасаа эдийн зас­гийн хүчтэй болчихсон хүн  болохоор барагтай шү­гэл­­дэхэд гүйж ирдэггүй. Тэгэ­­хээр зарим нь энэ яасан пээд­гэр пацаан бэ гэж хан­дах гээд байх юм. Улс төр эв­гүй шүү дээ, хэрчүүл­чих вий гэж ?
-Би айлын том хүүхэд л дээ. Дороо олон дүүтэй. На­майг 10 дугаар ангид байхад ми­­ний аав өөд болсон. 10 ду­гаар ан­гийн, ажил амьдра­лын захад ч очоо­гүй хүүхэд яаж би цаа­шид энэ хэдэн дүү нараа авч явна даа гэж бодож бай­сан. Үнэхээр хүнд байсан.

-Бага нь хэдтэй үлдэж байв?
-Бага дүү маань гурван нас­­тай үлдэж байсан. Тэр үеэс эхлэн амьдралын төлөө би л тэм­цэх ёстой, зүтгэх ёстой, зүт­гэхгүй бол энэ хэдэн дүү нар минь яах юм вэ гэдэг бо­дол на­майг эзэмдсэн. Тэгээд  өө­рийн­хөө чадал чинээгээрээ  зүтгэсэн. Энэ хэмжээгээр амьд­ралын хат сууж, хүн зо­рил­готой бай­вал бас амьд­ра­лын амтыг мэ­дэр­дэг юм бай­наа гэдгийг үзэж мэдсэн боло­хоор харьцангуй эрт биеэ даа­сан маань үнэн. Амьдрал на­майг хүмүүжүүлж ийм болго­сон юм болов уу. Түүнээс биш биеэ тоосон хүн бол би биш байх аа.

-Дүү нар тань өсч том болцгоосон байх. Одоо бүгд гар нь ганзаганд, хөл нь дө­рөөнд хүрцгээсэн биз дээ?
-Гурван настай үлдэж бай­сан дүү маань одоо Бээжин­гийн их сургуульд анагаахын чиг­­лэ­лээр сурч байна.  Эрэгтэй дүү нар маань миний байгуул­сан ком­панийг авч явж байгаа. Ямар ч байсан намайг орол­цуу­­лах­гүйгээр, санаа зовоох­гүй­­гээр асуудлуудаа шийдээд  явж байгаа. Эмэгтэй дүү нар маань айлын бэр болоод, өөр өөрс­дийн­хөө амьдралыг аваад явж байгаа. Дүү нарын хувьд бол санаа зовох юм байхгүй. Ха­рин миний бие өөрийн гэр бүл­­дээ гэ­рийн эзэн хүний хувьд, эцэг хүний хувьд хүлээх ачаатай.

-Бүгдийг нь боловс­рол­той болгож, хоо­лонд нь хүр­гэж өдий зэрэгтэй авч явдаг сайн ах юм аа ?
-Аавынхаа шарил дээр  өөртөө андгайлсан юм. Би заа­вал хэдэн дүү нараа боловс­рол­той болгож, хоолонд нь хүр­гэнэ гэж тангараг тавьсан. Дүү нараа хамгийн эхлээд боловс­рол­той болгочихвол гэр бү­лийн­хээ өмнө, аавынхаа өмнө хү­лээж байгаа үүргээ биелүү­лэх нь тэр шүү гэж л бодож зүт­гэсэн. Би амьдралд унаж босч л яв­сан. Өөрийн гэсэн байртай, унах унаатай болчих юмсан. Тэрүүгээрээ халтуур хийгээд амьдрах юм сан гэсэн хэцүү үеийн минь мөрөөдлүүд одоо ч бодогддог. Хүний хүсэл мө­рөө­дөл, тавьж байгаа зорилгод хяз­гаар байдаггүй. Хүн дандаа л ураг­шаа тэмүүлж байдаг. Хам­гийн гол нь тэр тэмүүлж бай­гаа  тэмүүллийнхээ эзэн нь болж үр дүнд хүр­сэн хүн амьд­ралд хайртай байдаг байх. Бусдын өмнө хүлээх хариуц­лагатай шүү гэдгээ эрт ухам­сарлаж, түүнийхээ төлөө зүт­гэж сурсан хүн нийгмийн өмнө ч тэр төлөвшлөөрөө л хариуц­лага хүлээж амьдардаг юм шиг надад санагддаг.

-Таны аав, ээж ямар ажил алба эрхэлдэг хүмүүс байсан бэ?
-Манай аав ерөөсөө л төрийн хар хүн байсан. Насаараа  аж ахуй удирдаж явсан. Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байсан. Тэнд зохион зааварлах хэлтсийн дар­га байсан. Мянгад, Чандмань сумдад сум нэгд­лийн дарга хийж байсан ийм хүн л дээ. Аавыгаа дагаж хөдөө их явна.  Ажил төрлийнх  нь хүнд хэцүү, жаргал зовлон бүх л юманд нь аавыгаа дагадаг. Машиных нь хонины хонхорт ороод нуугдчихдаг хүүхэд байлаа. Тэгээд л хөдөө  аавтай л хамт явж байдаг.

-Нэгдлийн даргын хүү юм байна?
-Тийм ээ, нэгдлийн даргын хүү. Манай ээж  нягт­лан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. На­саараа л Ховд аймагт ажиллаж байгаа. Дүү нар маань бүгд Улаанбаатарт ирсэн. Зарим нь  га­даа­дад сурч байгаа. Ээж маань л нутагтаа ган­цаараа байж байдаг. Би ажлаа хийнэ. Тэт­гэвэр­тээ гартлаа нутгаасаа явахгүй гээд хөдлөх янзгүй.

-Таныг  бараг Ховдод амьдраад байна гэж л сонсогддог?
-Тэгж хэлж болно шүү. /инээв/ Урьд нь бол харьцангуй цөөн явдаг байсан.  Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүн болсноосоо хойш жилд доод тал нь тав дээд тал нь арав явдаг. Бараг сар болгон  явчих гээд байна.

-10 жилээ хаана төгссөн бэ. Ховдод уу?
-Би их олон ангитай. Анх нэгдүгээр ангид орж байхдаа аймгийнхаа төвд сургуульд орж байлаа. Дөрөвдүгээр ангиа Мянгад суманд төгссөн. Наймдугаар ангиа Чандмань суманд төгсөж байлаа. 10 дугаар ангидаа эргээд аймгийнхаа төвд ирж байсан даа. Аав маань хөдөө томи­лолтоор ажилладаг. Тэгээд л гэр бүл нь дагаад нүүж байдаг айл байсан.

-Даргын хүү онц сурна л биз дээ?
-10 дугаар ангиа бол онц төгссөн. Гэхдээ дүү нараа бодох юм бол олимпиад энэ тэрд түрүү­лээд явж байсан юм байхгүй. Манай дүү нар бол харьцангуй амжилттай сурдаг хүүхдүүд байсан. Математик, физикээр аймагтаа олимпиадад түрүүлдэг. Миний хувьд бол спортоор нэлээн хичээллэдэг. Аймгийнхаа сагс, волейболын шиг­шээд байдаг. Тэмцээнд их оролцоно. Сургуу­лийнхаа сурагчдын зөвлөлийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн ч гэх юм уу олон нийтийн ажилд их оролцдог тийм хүүхэд байж дээ.

-10 дугаар ангиа төгсөөд ямар сургуульд оров?
-10 дугаар ангиа төгсөөд би ЦИС-д орсон юм. Тэр үед чинь 10 дугаар ангиа онц төгссөн хүүхэд ЦИС-д шалгалтгүй орно гэсэн журам байсан. 10 дугаар ангиа төгсөөд явах болдог, тэр үед чинь орон сууц  улсынх байсан шүү дээ. Юу ч болоо билээ, ээж дүү нар маань намайг явахаар улсын байранд дандаа байгаад байх ч билүү, үгүй ч билүү. Тэгээд нэг хувийн байшин барья даа гэж шийдээд есдүгээр ангидаа дүүтэйгээ тоосго цохисон. Хоёр сар гаруй хугацааны дотор 30 га­руй мянган төгрөгний орлого олж байсан. Тухайн үедээ бол УАЗ 469 машины өртөг. Тэр үед УАЗ 469 чинь 27 мянган төгрөгийн үнэтэй байдаг байсан юм. Тэгээд тэр мөнгөөрөө хойтон жил нь ээж дүү нартаа зуныхаа амралтаар байшин барьж өгчихөөд, сургуульдаа явах шаардлага байдаг.  Амьдралын ийм шаардлагаар хавар эрт конкурс энэ тэрд явалгүй онц төгссөн эрхийн дагуу ЦИС-ийн хуваарь авчихаад, маргаашаас нь эхлээд барилга барих ажилд орж байсан даа.  ЦИС-д би хоёр жил сурсан. Тэр үед чинь зах зээлд орсон хүнд үе байсан ш дээ. Тэгээд арга буюу надаас өөр хөдлөх хүн байхгүй амьдралын шаардлагаар гэдэг юм уу даа бизнест орсон. Ган­загын наймаа хийж Хятад-Оросын хооронд ч явж байлаа. Оросоос хүнсний бүтээгдэхүүн чихэр жимс, тамхи зөөгөөд Ховддоо авчирч зардаг тийм бизнес хийж байлаа.  Олон жил худалдаа хийсэн дээ.

-Бизнест хөл тавиад олон жил болчихсон юм байна?
-1994 онд 20 настайдаа анх УАЗ 469 машин авч байсан. Тэр үедээ 20 настай хүүхэд өөрийнхөө хөдөлмөрөөр машин аваад унана гэдэг нэлээн л гайхагдаж байсан.

-Одоо бол нэг хүн дагаад халаасанд нь орчихооргүй бэлтэй?
-Яахав хүнээс нэг их илүү гараад байхгүй. Ер нь миний амьдралдаа баримталдаг нэг зарчим байдаг. Хүн хорвоод нүцгэн ирдэг, нүцгэн буцдаг. Хичнээн хөрөнгөтэй байгаад аваад үхэх юм биш. Амьдралыг хоосноос нь эхлээд явж болдог юм байна гэдгийг өөрийнхөө амьдралаас үзсэн учраас үр хүүхдэдээ  амьдралын ухаан л үлдээх юмсан гэж боддог. Амьдралын ухаан муутай хүнд хичнээн их хөрөнгө үлдээгээд буруу шийдвэр гаргаад үрэн таран хийгээд л хаячихна. Тийм болохоор  хөрөнгө мөнгө гэдэг ойлголтыг нэг их шүтэж явдаггүй. Өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун, хүнээс гуйчихааргүй амьдраад явж байна.  Авч үхэхгүйгээс цааш, арав давхарлаж өмсөхгүйгээс хойш, арван таваг хоол идэхгүйгээс цааш тийм их хөрөнгөөр яах юм бэ.

-Хоёр ихэр хүүхэдтэй болсон гэсэн. Та­найх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Том нь одоо 12 настай, долдугаар анги. Бага хоёр нь ихэр хүү. Манайх таван бартай. Манай эхнэр бартай. Бид хоёр 10 жилийн нэг ангийн хоёр. Манай том хүү бас бартай.

-10 жилийн үерхэл юм уу?
-Тийм. 10 жилийн үерхэл.

-Баруудыг хурц характертай хүмүүс гэдэг. Үнэн үү?
-Ер нь хурц шүү. Манай эхнэр ч түргэн ааш­тай, би ч түргэн зантай Муудалцах нь хурдан, сайдалцах нь ч хурдан. Залуу байхад л тийм байж дээ. Харин одоо бол тэр залуу насных шиг муудалцаад байх явдал ч моодноос гарсан даа.Зан зангаа авалцана гэдэг нь юм болов уу даа. (инээв)

-МАХН-ын байртай хамт таны дэлгүүр ч бас шатсан. Энэ явдлын дараа та нэлээн шүүмжлүүлэх шиг болсон. Ингэхэд аж ахуйн нэгжүүд хохиролоо төлүүлсэн . Танайх яасан бэ?
-Үгүй. Амьдралд хүн зөв, буруу шийдвэр олон л гаргадаг. Манай эхнэр бид хоёрын хувьд  бас нэг гаргасан буруу шийдвэр нь энэ байсан юм шиг байгаа юм. Татваргүй барааны дэлгүүр ажил­луулъя гэдэг шийдвэр. Зөвхөн архи биш шүү дээ. Хүмүүсийн хэрэглээний бүх л юмнуудыг зардаг байсан. Тэгээд яахав, нэлээн хэмжээний хохирол амссан. Угаасаа энэ дэлгүүрийг ажил­луулсан нь зөв шийдвэр байгаагүй. Тэгээд яаж үлдэгдэл барааг нь  хурдан зарж энэ бизнесээс холдох вэ гэдэг бодол манай эхнэрийн өдрийн бо­дол шөнийн зүүд болж байдаг юм шиг байгаа юм.

-Парламентад таны үеийн нэлээн хэдэн гишүүд байгаа.  Үе хоорондын ялгааны асуудлууд энэ цаг үед эрчимтэй хөн­дөг­дөж эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд “Бу­руу дэвж буй шувуу”-ны тухай яриа хөөрөө ч гарч байгаа . Нам дотор та нарын гэх нөлөө яг ямар төвшинд байна вэ. Мөн үе солигдох процессын талаар та юу бо­дож явдаг вэ?
-Ачаагаа даах хэмжээгээрээ л үүрнэ. Ачаа даах тэнхээтэй байх юмсан гэж боддог. Тодорхой хэмжээгээр улс төртэй, энэ намтай хувь заяагаа холбосны хувьд  улс эх орныхоо төлөө  өөрөөс ха­маарах бүхнээ хийж ажиллана. Хэтэрхий чө­лөөтэй дуугарч байна гэдэг  юмуу, хэтэрхий амбицтай байна гэдэг маягаар бидний хэдэн залуусыг шүүмжилдэг. Гэвч бидний тэр дууга­ралтыг албан тушаалын зорилготой гэдэг юм уу, эсвэл бусад янз янзын сэдэлтэй амбиц гэж бо­дож болохгүй л дээ.  УИХ-аас гарч байгаа шийд­вэр болгон хүний амьдралд сайн, муугийн аль нэгээр нөлөөлдөг. Тийм болохоор бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Энэ үүднээсээ  бид сонсох ёстой, унших ёстой, судлах ёстой, шүүмжлэлийг хүлээж авах үүрэгтэй гэж боддог. Мөн алдах эрхгүй орон зайд ажиллаж байгаа улсууд учраас буруу гэж үздэг юман дээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Мэдээж УИХ-д Засгийн газар, намын удирдах зөвлөлөөс бодлого орж ирдэг. Тэр бодлого маань өнөөдөр амьдралд ний­цэх үү, үгүй юү гэдгийг бид тунгаах, шүүх, нягтлах ёстой. Мөн эрхтэй. Баялаг бүтээдэг хүмүүс байна, баялаг хуваарилдаг хүмүүс байна. Би бол баялаг бүтээдэг салбарт л ажиллаж байсан хүн. Олон хүн ажлын байртай болгож, улсдаа татвараа төлж, ажиллагсдаа ажилтай амьдралтай байлгахын төлөө ажиллаж ирсэн. Тэр замдаа одоо энэ төрийн хүнд суртал, элдэв бэрхшээлийг биеэрээ мэдэрч үзсэн. Ингэж явж байж би улс төрд орж ирсэн. Энэ үүднээсээ яаж баялаг бүтээдэг вэ, яаж татвар төлдөг вэ, яаж олон хүмүүсийн амьдралыг авч явдаг вэ, яаж ажлын байртай болгодог вэ гэдгийг мэдэрдэг  өнцгөөсөө хардаг. Энэ өнцгөөсөө харж байгаа маань баялгыг хуваарилдаг, насаараа дарга хийж явж байгаа хүмүүст заримдаа таалагддаг­гүй байх. Ний нуугүй хэлэхэд. Бидний асуудлыг харж байгаа өнцөг нь өөр болохоор хэтэрхий зөрж байна гэдэг юм уу, өөрийнхөөрөө ааш авир гаргаж байна гэдэг юмуу, бодлогогүй байна, бодлого дагахгүй байна гэдэг шүүмжлэл  үүсч байгаа байх л даа. Тухайн бодлого маань зөв үү буруу юу, харж байгаа өнцөг маань аль өнцгөөс харж байгаа вэ гэдгийг  ойлгох ёстой л доо.

-Залуу, омголон үедээ амжилт олоод га­раад ирчихсэн  үед дотроос хүч түрээд л, юуг ч барьж аваад хийчихмээр зориг ороод  байдаг үе байдаг . Тэр л үе дээрээ ах нарыг унагачихмаар санагдаад л,  “дайраад оръё л доо” гэсэн уриа хажуу хавирганаас сон­согдоод л байгаа юм биш үү?
-Чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээд эхлэ­хээр эд их амбицтай  байна. Албан тушаалын төлөө байна гэдэг байдлаар мушгиж нийгмийг эргүүлээд сөрөг турхирчихдаг нэг технологи харин байдаг бололтой. Өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж байгаа асуудлыг хэтэрхий омголон байна. Биднийг дайрч урдуур түрж орж ирэх гээд байна гэдэг байдлаар мушгисан байх. Бусдаар бол бид  ахмад үеэ дээдлэх ёстой, хүнд­лэх ёстой, сонсох ёстой гэдгээ мэддэг шүү дээ.

-Ахмад үе залуу үе хоёрын хооронд хөндлөнгийн сэтгүүл зүй мушгиад байна гэсэн үг үү?
-Тийм асуудал байгаа л байх. Бид бол ахмад үеэ сонсдог, хүндэлдэг. Харин ах нар маань үгэндээ жаахан харам байдагт нь харамсдаг. Мэдээж бүгдээрээ залуу насыг туулж ирсэн. Алдсан оносон юм бүгдэд нь л байдаг байх. Энэ үүднээсээ  засч залруулаад өгчих юмсан. Энэ нь зөв, энэ нь буруу байна шүү гэж бидэнд заадаг  зөвлөдөг байгаасай, бас биднийг сонсдог байгаасай гэж боддог. Хамгийн энгийн наад захаас нь хэлэхэд энэ хүмүүс чинь бидний дараа  энэ намыг  цааш нь авч явах юм шүү, энэ намын хувь заяатай холбоотой учраас эд нарыгаа зөв залаад аваад явчих юмсан, зөв ирээдүйг үлдээчих юмсан гэсэн үүднээс асуудалд ханддаг байгаасай гэж хүсдэг. Бусдаар бол энэ үеийнх­ний цаг нь болчихсон, дууссан, энэ үеийнхнийг хөөж явуулаад өөрсдөө суучих ёстой гэсэн тийм амбиц бидэнд  байхгүй.

-Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатар гишүүн хоёрын хооронд нэг ялихгүй асуудал болсон доо. Тэр үед та нар бухимдсан уу?
-Бухимдсан. Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр их ойр л доо. Энэ үүднээсээ яасан гэж ингэж байгаа юм гэх байдлаар Ж.Сүхбаатар гишүүнийг өмөөрөх сэтгэлээр би хандаж байсныг нуухгүй. Сүүлдээ манай хоёр ойлголцсон. Хэн хэн нь ухаантай хүмүүс шүү дээ.

-Ер нь эр хүний хувьд илт дээрэлхээд байвал цохиод унагачихаар омог бол танд байгаа юу?
-Байна аа. (инээв) Ер нь дээрэлхүүлэхгүй. Хүмүүстэй адилхан нүүрэн дээр нь толгойгоо илээд зогсч өнгөрөөчихөөд  дараа нь араас нь муу юм бодоод явах дургүй. Үзвэл үзээд, хэлэх юмаа хэлчихнэ. Дараа нь бодож санаад байх юм байдаггүй.

-Дургүй хүргээд байвал нударга зөрүүл­чихвэл ч зөрүүлчих юм байна ?
-Би эр хүн юм байгаа биз дээ. Гэхдээ ард нь нэг их юм бодоод санаад тээж үлдэхгүй. Энэ бол миний нэг сул тал байх. Аль болох хүн тэр үед нь тэвчээртэй байгаад, биеэ барих ёстой юм шиг байгаа юм. Би бол тэгж чаддаггүйдээ бас буруу ч юм болов уу. Дуугүй сонсчихоод дараа нь сэмхэн араас нь гэтэх аргад суралцах  юмсан гэж бодож байгаа шүү. (инээв)

-Яах нь вэ, тийм хэрэггүй юм сурч?
-Улс төрд чинь бас тийм хүмүүс их яваад байдаг юм биш үү.

-Одоо Ховдынхон л бүх салбарт хүчтэй байна. Өөрийг тань Ховдын нутгийн зөв­лөлийн дарга гэж сонссон. Үнэхээр Хов­дын фракц гэж юм байна уу, үгүй юу?
-Ер нь манай баруун монголчууд чинь тэм­цэгч цустай хүмүүс шүү дээ. Ойрдын хаан Гал­дан­бошигт, Амарсанаа, Чингүнжав гээд. Ерөөсөө л эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний тө­лөө  хаанаас тэмцэл гарч байсан энэ хүмүүсээс л гарсан байдаг. Энэ үүднээсээ цусанд нь тэмцэгч чанар байдаг юм шиг байгаа юм. Бас байгаль цаг ууртай ч холбоотой болов уу гэж боддог юм. Үнэхээр манай нутагт яваад очихоор хангай нутаг шиг сайхан түлээ мод байдаггүй. Сайхан модоороо хашаа байшингаа барьчих боломж байдаггүй. Тэгээд л байгалийнхаа чулууг ашиглаад хашаа байшингаа бариад  амьдардаг. Өвс байхгүй, хадлан тэжээл бэлтгэх юм байхгүй. Тэгээд отор нүүдэл хийгээд  хавраас  намар болтол хээр хөдөөгөөр явдаг. Ерөөсөө амьдрал нь өөрөө бөөн тэмцэл, байгаль цаг ууртай тэмц­сэн тэмцэл, хөдөлмөр дунд  л өнгөрдөг . Энэ үүд­нээсээ бол их хөдөлмөрч ард түмэн. Хөдөл­мөрч, тэмцэгч чанар нь өөрсдийг нь хурцалж байдаг.  Энэ нь тодорхой амжилтанд хүргэдэг юм болов уу. Тохиолдлоор энэ цаг хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Монголбанкны ерөнхийлөгч, хотын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга гээд Ховдын харьяат хүмүүс байна л даа. Энийг Ховдын фракц хүчээ авч байна гээд зарим хэвлэл бичдэг.

-Ховдын фракц гэж үнэхээр байхгүй хэрэг үү?
-Байхгүй.

-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуайн биеийг алжаасан гэх мэдээлэл яваад байх юм. Энэ юу вэ?
-Төрийн жинхэнэ хар хүн гэвэл өнөөдөр Д.Дэмбэрэл даргыг л хэлнэ. Үнэхээр насаараа төрд ажилласан. Ажиллахдаа зарчимтай, шудар­га, асуудалд голч байр сууринаас хандаж ирсэн хүн. Би урьд нь бас нэг их ойрхон байгаагүй. 2008 оны сонгуульд хамт нэр дэвшсэн тэр үеэс л хамт явсан. Маш олон цагаар ажиллана. Олон мянган километр зам туулна. Биеийн хувьд бол гайхал­тай эрүүл хүн шүү дээ. Энэ ярьж байгаа яриа юм бол хий цуу яриа.  Даргын өрөө миний өрөө хоёр ойр­хон байдаг. Нэг тойргоос сонгогдсон Их хур­лын гишүүний хувьд бид хоёрт УИХ-ын бодлого шийдвэрийн талаар ч тэр, тойргийн асуудлаар ч гэсэн өдөр тутам уулзах учрах, ярих зөвлөх  асуу­дал байнга л гарч байдаг. Энэ болгон дээр байнга уулзаж байгаа. Миний мэдэхээр ямар биетэй хүн байсан тэр хэвээрээ л байгаа. Өөрчлөлт орсон юм байхгүй байгаа. Д.Дэмбэрэл даргын турш­ла­гыг нь, энэ төрийн ноён нуруу болоод явж байгаа эрдэм чанараас  нь Монголын улстөрчид сурал­цаасай, үлгэрлэж аваасай гэж би боддог. Энэ хүн өнөөдөр ийм нөхцөл байдалд энэ хүнийг харин ч өөлөхөөргүй авч явж чадаж байгаа шүү дээ. Энэ төрд зөв хүн хэрэгтэй л байгаа юм бол тэр нь Д.Дэмбэрэл дарга гэдгийг бүх итгэл үнэмшлээрээ хэлэх байна.

-Хэвлэлийнхний нисгэсэн шувуу байжээ?
-Мэдэхгүй юм даа. Ийм яриа гараад байхаар гайхах юм.

-Бөхийн найраанд бол танай нутгийн зөвлөл жаахан оролцдог биз дээ?
-Нэг их оролцож чаддаггүй ш дээ. (инээв)

-Цүнхтэй мөнгө бариад л явцгааж байна гэж яригддаг ш дээ?
-Нутгаа гэсэн сэтгэл байлгүй л яахав. Энэ үүднээс бид дэмжих бодлого бол явуулдаг. Гэхдээ начингийн найраанаас цаашаа гарч чадахгүй байна л даа. (инээв) Зарим аймгууд аварга, арс­лан, заан төрүүлж чадаж байна. Тэгээд бодохоор найраандаа бас муу байгаа биз дээ.

-Та тэрбум төгрөгөөрөө юу хийж байгаа вэ?
-Амараа гишүүн, Дэмбэрэл дарга бид гурав нийлж Ховд аймгийн ИТХ Засаг дарга, сумдын Засаг дарга ИТХ-аас саналыг нь авч байгаад то­дор­хой асуудлуудад зарцуулж байгаа. Өнгөрсөн жил бидний гол анхаарсан зүйл бол сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн засварын асуудал, барилгын ажлууд, сургуулийн дотуур байр барих, их засвар хийх  ийм зүйлд зарцуулагдсан. Ховд аймагт бусад аймгуудад байхгүй их том баруун бүсийн  “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн” барих ажлыг эхлүүлсэн. Үүндээ бол нэг тэрбум төгрөгийг нь тавьсан. Сонгогдсон гишүүд тойрогтоо болж байгаа зовлон жаргал, бэрхшээ­лийг газар дээр нь мэдэрдэг улсууд шүү дээ. Энэ үүднээсээ тулгамдсан асуудлуудыг шийдвэр­лэ­хэд бид гурав мөнгөө зарцуулсан байгаа. Мөн түүнчлэн аавынхаа нэрээр “Сандаг” гэж сан байгуулсан. Манай эхнэр тэргүүнээр нь ажилла­даг юм. Энэ хүрээнд Ховдын бүх сумын эмнэлгийн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг шинэчилж өгч байгаа.

-Хөрөнгийг нь өөрсдөө хөөцөлдөж оруулж ирж байгаа юу. Бүх сумдад уу даа?
-Тийм. 17 сумын эмнэлэг. Нийтдээ гурван тэрбум гаруй төгрөг  болж байгаа. Улсын төсвөөс юу ч гаргахгүйгээр хийж байгаа ажил юм.

-Сэргэлэн байна шүү?
-Эхнэрийнхээ л хүчин зүтгэл, гадагшаа дотогшоо харилцдаг харилцааны хүчинд АНУ-ын тусламжийн байгууллагатай холбогдсон. Үүний ачаар  сумдынхаа эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийж байна.

-Удахгүй танай намын Их хурал болно. На­мын нэрээ солино, үзэл баримтлалаа со­ли­но. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Ер нь бол МАХН хуучин нэрээ л сэргээж авах гэж байна. МАН бол манай ууган нэр. Тэгээд энэ асуудлаа олон нийттэйгээ, гишүүд дэмжигчид­тэйгээ маш өргөн хүрээнд удаан хугацааны турш хэлэлцэж, санал бодлыг нь авсны эцэст шийдвэрлэх гэж байна.  Намын нэрийг солих нь зөв. Үзэл баримтлал дээр ч гэсэн тэр эргэж харж, засч залруулж явах ёстой шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Дэмбэрэл дарга та хоёрыг АН-ын нэр дэвшигч Ц.Эл­бэгдоржийг дэмжээд явчихсан юм гэнэ лээ гэсэн нэг яриа явсан. Танай намын экс дарга ч намынхнаа дэмжээгүй гээд байгаа. Арай үнэн юм биш биз дээ?
-Ховд аймгаас төрсөн нэг хүү нь Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшээд очиж байхад  нутгийнхаа хүүг  дэмжинэ гэсэн уур амьсгал бол нутгийнханд маань үнэхээр хүчтэй давамгайлж байсан. Бид нарын хувьд ч гэсэн нутгийн хүн гэдэг нэг юм сэтгэлийн мухарт байсан. Гэсэн ч бид аль намаас гарч ирсэн билээ, өнөөдөр хаана яаж алба хашиж байгаа билээ, ямар үүрэг хүлээж байгаа билээ дээ. Намынхаа нэр дэвшигчийн төлөө л ажиллана шүү дээ. Үүнийг ойлгож ядаад байх ч юм байхгүй. Эргэлзэж, хардаад байх нь бүр утга учир муутай зүйл болно.

-Түүнээс биш далдуур Ц.Элбэгдоржийн төлөө явсан юм байхгүй юу?
-Байхгүй. байхгүй.

Сэтгүүлч Б.Ганчимэг
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж