-Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг шуугиан тарьж байна. Энэ талаар гишүүд олон янзын байр суурьтай байгаа. Таныхыг сонирхож болох уу?
-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган хуралдаж байсан. Хэлсэн үг нь тэр өдөр байж таарсанд л жаахан өөтэй хүлээж авах шалтгаан гарч байж болох юм. Өөрөөр хэлбэл, яг энэ хүндэтгэлийн чуулган дээр асуудлыг ярьж байгаа нь гаднаасаа жаахан зохимжгүй харагдсан болохоос бусдаар бол хэлсэн үгэнд нь авах, бодох, цаашдаа санаж сэтгэх олон асуудлууд байсан. Гарцаа байхгүй энэ улсын Ерөнхийлөгчийн хэлэх л ёстой үг шүү дээ.
-Гишүүд дотор бухимдалтай улсууд нэлээд байх шиг байсан ?
-Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг. Парламент өөрийн алдаа дутагдлаа сонсдог байх хэрэгтэй. Бидний том дутагдал бол шүүмжлэлээс тасрах гээд, шүүмжлэхээр энэ яах гээд ингээд байгаа юм бэ, яагаад шүүмжлээд байгаа юм бэ гэдэг байдлаар хардаг маань шүү дээ. Эсрэг реакци л үзүүлэх гээд унадаг. Тиймэрхүү хандлага бидний дунд давамгайлж байгаагийн нэг том илрэл юм болов уу. Үнэхээр гишүүд маань бас жаахан таагүй хүлээж авч байна лээ. Таагүй хүлээж авч байгаа өнгө нь юу байна вэ гэхээр түрүүний миний хэлсэн өнгө. Бидний баярын өдөр байсан ш дээ. Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллага УИХ-ын 20 жилийн ойн баярын хүндэтгэлийн чуулган хуралдаж байна. Гэтэл заавал энэ өдөр ингэж хэлж байгаа нь ямар учиртай юм бэ гэдэг үүднээс хандаж байсан.
-Ерөнхийлөгч АТГ-ын даргын асуудалд хандсан УИХ-ын байр суурийг хүчтэй шүүмжилсэн. Энэ бол танай намын бүлгийн л хийсэн зүйл. Та хүлээж авч байгаа биз дээ?
-Хүлээж авна аа. УИХ-ын дэгийн хуульд илээр санал хураах, горимын саналаар бол нууцаар санал хурааж болох заалт байдаг л даа. Үнэхээр болж байгаа нь юу юм, болохгүй байгаа нь юу юм гэж илэн далангүй, ний нуугүй ярилцах, засаглал хоорондын харилцаанд цав суулгачихгүй ажиллах талаар бодолцох ёстой байсан гэдэг бодол надад бол төрж л байсан. Ялангуяа олонхи болж байгаа манай намынхан санал санаачлагатай гарцыг олох талаас ажиллах байсан болов уу. Энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн зүгээс эмзэглэсэн байдал харагдаж байна лээ.
-Үнэхээр марзан юм болсон. Хууль зөрчсөн нь бол баталгаатай. Гэхдээ бид огцруулахгүй ээ гэсэн шийд гаргав аа даа. Парламентын зүгээс гаргасан хамгийн хачирхалтай шийдвэр биш гэж үү. Та чинь аль байнгын хороонд харъяалагддаг билээ?
-Би Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл Шинжлэх ухааны байнгын хороонд харъяалагддаг л даа. Хууль зүйн байнгын хороогоор асуудал хэлэлцэгдэж байгаа. Асуудал дандаа хаалттай хуралдаж байна. Тэгэхээр энэ талаар мэдээлэл бидэнд их бага байгаа гэсэн үг. Хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан юм уу, хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан юм уу би мэдэхгүй байна.
-Юу вэ. УИХ-ын гишүүд хүртэл ийм төвшний ойлголттой байгаа хэрэг үү. Наадах чинь үнэхээр гайхал төрүүлж байна шүү ?
-Эхнээсээ л асуудал хаалттай, нууц гэж орж ирсэн шүү дээ. Тийм болохоор хаалттай хэлэлцсэн байх. Тэгээд тэрэн дээрээсээ тулгуурлаад нууцаар санал хураах шийдвэр гарсан байх. Тэгэхээр энэ асуудал дээр бид үүнээс өөр төвшний ямар мэдээлэлтэй байх юм бэ.
-Таныг МАХН-ын дэргэдэх МАСЗХ-г тэргүүлнэ гэсэн таамаг их хүчтэй яригдаж байсан. Гэтэл гэнэт нэг залуу гаргаж ирээд тавьчихсан. Танд ер нь энэ залуучуудын байгууллагыг толгойлоод ажиллавал ажиллачихъя гэсэн бодол байсан уу, үгүй юу?
-Байсан. Ийм шулуухан асууж байхад би бас шулуухан л хэлчихье. (инээв) Би МАСОХ-ны ерөнхийлөгчөөр тодорхой хугацаанд ажиллаж байсан. Залуучуудын байгууллагын удирдах зөвлөлд бас нэлээн олон жил ажилласан хүн л дээ. Энэ үүднээсээ залуучууд оюутнуудтай нэлээн ойр. Мөн энэ ч үүднээс нь холбооны өмнөх ерөнхийлөгч Г.Занданшатар дарга, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар болон бусад удирдах албан тушаалтнууд надад залуучуудын байгууллагыг удирдаж ажиллахыг санал болгож байсан байх. Би саналыг хүлээж авч байсан. Ажиллаж сураагүй биш, хийж чадахгүй ажил биш намынхаа төлөө, залуучуудын төлөө өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэх үүрэг даалгавар намаас өгвөл ачааг нь үүрээд зүтгэе гэсэн бодол бол байсан.
-Тэгээд?
-Тодорхой бодлого гарч ирсэн байх л даа. Одоо юу гэдэг юм, шинэ үеийнхэндээ, тэр дундаа 1980-аад онынхондоо энэ албыг өгөөд явах нь зөв. Өнөөдөр 20-30 насныхны нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхой болгох, эд нартай тулж ажиллах, нам руугаа шинэ гишүүд дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх шаардлага бас бус асуудлууд байна гээд урьд нь ярьж байсан асуудлуудaa эргэж харах шаардлага гарсан юм байгаа биз дээ.
-Тийм үү. Гэхдээ танд энэ шийдвэрээ хэлж ярьсан юм байгаа биз дээ?
-Албан ёсоор надад хэлсэн юм бол байхгүй л дээ. Нэгэнтээ намын бодлого шийдвэр гарч байгаа бол энэ нь дээр би юу ярих вэ дээ.
-Улс төрийн хүрээнд ажилладаг сэтгүүлчийн хувьд тэр тохироо яагаад буцчихсантай холбоотой мэдээлэл бол надад байна л даа. Та харин их албан ёсны өнгөтэй сэтгэгдэлтэй яваа юм байна ?
-Тийм үү. Албан ёсны шийдвэр гарсны дараа албан бус сэтгэгдэл төдий юм яриад явах нь онц биш зүйл гэж би боддог юм л даа.
-Танай нам дуучдыг студи энэ тэр байгуулж өгнө гэж 100 гаруй сая төгрөгөөр “худалдан авч” намдаа элсүүлж байгаа гэх юм. Танай намд дуучид ямар хэрэгтэй юм бэ. Эсвэл гавьяатаа танай наxмаас авчихсан юм уу?
-Манай намынхныг хэдэн гавьяатуудыг намдаа элсүүллээ, пиардлаа гээд шүүмжлээд байгаа. Ялангуяа АН-ын зарим хүн. Өөрсдийнх нь хийгээгүй юмыг хийчихээр бухимдсан шинжтэй харагдаж байна лээ.
-Үнэндээ бол хөгийн гэж хэлж болох шоу л даа. Хэдийгээр тэдний эрх ч гэсэн. Бухимдсан шинжтэй харагдсан гэж Н. Алтанхуяг даргыг хэлж байна уу. Саяхны нэг сонинд ярилцлага өгөхдөө “Ц.Нямдорж сайд та хоёрыг тэр эргүү хүмүүстэй би юу ярих юм” гэж хэлсэн байсан?
-Би уншсан. Тэр үед Монголбанкны дэд ерөнхийлөгчийн асуудлууд яригдаж байсан. АН-ынхан ажил албан тушаал л гарах юм бол хамтарсан Засгийн газар байгуулсан юм чинь заавал нэг юмыг нь манай нам авна гэдэг. Агентлагууд хүртэл энэ амбициас нь болоод орлогч даргатай, дэд даргатай болчихсон. Яасан гэхээр АН-д зориулж хамтарсан Засгийн газар байгуулсан учраас гэсэн санамж бичиг гаргаж ирсэн. Энэ байдлыг л би шүүмжилсэн. Хоёр нам сонгуулийн амлалтыг биелүүлэх гэж хамтарсан Засгийн газрыг байгуулсан юм уу, ажил хийхийн төлөө та нар нэгдсэн юм уу эсвэл сандал ширээний төлөө нэгдсэн юм уу. Юм л болбол хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгчээр ажил албан тушаал гарах л юм бол талыг нь манайх авах ёстой гээд зүтгэчих юм. Ажил хийх гэхээр завсарлага аваад суучих юм. Энэ байдал чинь болохгүй байна ш дээ. Одоо ингээд ард түмнийхээ төлөө, амлалтаа биелүүлэхийн төлөө хамтарч ажиллах юм уу үгүй юмуу. Хөөвөл гарах юм уу хөөсөн ч гарахгүй юм уу гэж би хэлсэн юм. Тэгсэн чинь Н.Алтанхуяг дарга “Хөөсөн ч гарахгүй” гэж хариулж байсан. Ц.Нямдорж дарга бид хоёрын асуудалд хандсан хандлага, илэрхийлсэн үг өгүүлбэр маань тэр хүнд одоо эргүү хүний байдлаар л сонсогдсон юм байна л даа.
-Сэтгэцийн тодорхой онош зааж томъёолсон байна лээ. Хатгаж байгаа юм биш шүү. Зүгээр инээд хүрээд байна?
-Миний инээд бол огт хүрэхгүй байна л даа. Ховд, Увс аймгийн сонгогчдын тодорхой хэсгийг басамжилж доромжилж байна л гэж би хүлээж авч байгаа.
-С.Баяр гэдэг лидерийн хувийн шийдвэрийг дагаж танай нам дотор шинэ үеийнхэнд боломж олгосон маш том хаалга нээгдэж байна. Энэ бол ямар ч удирдагчийн үзүүлж байгаагүй жишиг. Тэр хаалгаар 60-аад оныхон, 70-аад оны танай үеийнхэн орж ирээд зогсч байна. Түүний ярилцлагын нөлөөнөөс гараагүй явж байхдаа хэн нэгэн залуухан гишүүнтэй ярилцъя гэж шийдсэн юм. С.Баярын хийсэн мэдэгдлүүдийг танай үеийнхэн жишээ нь яаж хүлээж авсан бэ?
-С.Баяр дарга бол үнэхээр энэ цаг үеийг тодорхойлж байгаа улстөрч. Гаргаж байгаа шийдвэрүүд нь цочмог, сайн бодож төлөвлөсөн юм болов уу, үгүй юм болов уу санамсаргүй хэлчихсэн юм биш байгаа гэж бодмоор алхмуудыг дандаа хийдэг. Жишээ нь, XXV их хурлаар намын дарга болсныхоо дараа “Би эрх мэдлийг нь давхар авмаар байна” гэж хэлнэ гэж хэн ч бодоогүй байсан. Гэтэл шууд их хурлын индрээс л хэлчихсэн. Дараа нь МАХН олонхи болчихоод бид ачааг дангаараа үүрэх ёстой байтал ачаагаа хувааж үүрнэ ээ, хамтарсан Засгийн газар байгуулна гэж хэний ч санаанд оромгүй шийдвэр гаргасан. Дараа нь гэнэтхэн Ерөнхий сайдаа “Би өөрөө өгнө” гээд л өгчихсөн. Намын даргаа мөн адил. Ингээд бодохоор манай хүн хүний санаанд багтамгүй шийдлүүдийг гаргадаг. Эхлээд хүлээж авахад үнэхээр хэцүү. Их цочирдож хүлээж авцгаадаг.
Тэгээд дараа нь, тодорхой цаг хугацааны эргэлтэн дээрээс харахад үнэхээр тэр хүнийг хүндлэх, ойлгох, дэмжих, зөвшөөрөхөөс аргагүй шийдвэрүүд болсон байдаг. С.Баяр даргыг энэ үүднээс нь хүндэлж явдаг. С.Баяр дарга байна, Д.Дэмбэрэл дарга байна, Ц.Нямдорж дарга байна. Би энэ хүмүүсийг бүгдийг нь хүндэлж явдаг. Одоо бидний дараа дараагийн үе ачаа үүрэх цаг нь боллоо. 60-аад онынхон та нар ачаагаа үүрээ гэж сандал ширээтэйгээ зууралдахгүйгээр өгч чадаж байгаа нь өөрөө улс төрийн маш том эр зориг. Улс төрийн агуу том соёл ч юм. Би энэ үүднээс нь хүлээж авч байгаа. Намайг Монголын ардчилсан социалист оюутны холбооны даргаа өгье гэхэд надад С.Баяр дарга хэлж байсан. Бямбацогт оо, сонгуулийг хамт дуусгана шүү. Зоригтой бай, зорилготой бай, зарчимтай байна шүү гэж. Тэр үг нь миний амьдралдаа баримталдаг зарчим болж үлдсэн. Улстөрч хүн зорилготой байх ёстой юм байна, зоригтой байх ёстой юм байна, зарчимтай байх ёстой юм байна. Одоо би өдөр тутмын хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэрээ энэ дэнсэн дээр л тавьж тунгаан боддог.
-Та намын хэдэн оны гишүүн бэ?
-Намын 2000 оны гишүүн.
-Н.Энхбаяр даргыг дагаж орж ирсэн залуу юм уу?
-Үгүй. Би харьцангуй эрт биеэ даасан хүн. Тийм болохоор хэн нэгэн даргын өмнө хойно нь орж гүйдэггүй. Эсвэл энгийн утгаар хэлвэл хэн нэгэнтэй нь нэг тал болчихоод хэн нэгнийх нь эсрэг байлддаггүй. Өөрийнхөө зөв гэж бодсон юман дээр бялдууч харагдчих болов уу гэж болгоомжлохгүй, өөрийнхөө хэлэх үгийг л хэлнэ. Буруу гэж бодсон юман дээр мөн адил шүүмжлээд л явна. Энэ зан байдал маань харин өөрсдийгөө дандаа тойрон хүрээлүүлээд сурчихсан хүмүүст таалагддаггүй юм шиг байгаа юм. Хүмүүс харж сурсан, дадсан өнцгөөсөө л юмыг харах гээд байдаг. Тэр утгаараа намайг нэг болохоор энэ Н.Энхбаярын хүн гэнэ, нэг болохоороо энэ С.Баярын хүн, М.Энхболдын хүн гэж ярьж байдаг. Хэн нэгэн том лидерын өмнө очиж бөхөлздөггүй болохоор өнөөгийн улс төрд надад онож байгаа ч юм байгаа байх, алдаж байгаа ч юм байгаа л байх. Гэхдээ цаг хугацааны явцад өөрийнхөө зөв гэж үзсэн энэ үзлээрээ явж байгаагийн маань хариу эерэг л гарна гэж би бодож байгаа.
-Нэг ахмад улстөрч надад хэлж байсан юм байна. Энэ Бямбацогтод нэг биеэ даасан, тоосон ааш байдаг юм аа. Их залуугаасаа эдийн засгийн хүчтэй болчихсон хүн болохоор барагтай шүгэлдэхэд гүйж ирдэггүй. Тэгэхээр зарим нь энэ яасан пээдгэр пацаан бэ гэж хандах гээд байх юм. Улс төр эвгүй шүү дээ, хэрчүүлчих вий гэж ?
-Би айлын том хүүхэд л дээ. Дороо олон дүүтэй. Намайг 10 дугаар ангид байхад миний аав өөд болсон. 10 дугаар ангийн, ажил амьдралын захад ч очоогүй хүүхэд яаж би цаашид энэ хэдэн дүү нараа авч явна даа гэж бодож байсан. Үнэхээр хүнд байсан.
-Бага нь хэдтэй үлдэж байв?
-Бага дүү маань гурван настай үлдэж байсан. Тэр үеэс эхлэн амьдралын төлөө би л тэмцэх ёстой, зүтгэх ёстой, зүтгэхгүй бол энэ хэдэн дүү нар минь яах юм вэ гэдэг бодол намайг эзэмдсэн. Тэгээд өөрийнхөө чадал чинээгээрээ зүтгэсэн. Энэ хэмжээгээр амьдралын хат сууж, хүн зорилготой байвал бас амьдралын амтыг мэдэрдэг юм байнаа гэдгийг үзэж мэдсэн болохоор харьцангуй эрт биеэ даасан маань үнэн. Амьдрал намайг хүмүүжүүлж ийм болгосон юм болов уу. Түүнээс биш биеэ тоосон хүн бол би биш байх аа.
-Дүү нар тань өсч том болцгоосон байх. Одоо бүгд гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрцгээсэн биз дээ?
-Гурван настай үлдэж байсан дүү маань одоо Бээжингийн их сургуульд анагаахын чиглэлээр сурч байна. Эрэгтэй дүү нар маань миний байгуулсан компанийг авч явж байгаа. Ямар ч байсан намайг оролцуулахгүйгээр, санаа зовоохгүйгээр асуудлуудаа шийдээд явж байгаа. Эмэгтэй дүү нар маань айлын бэр болоод, өөр өөрсдийнхөө амьдралыг аваад явж байгаа. Дүү нарын хувьд бол санаа зовох юм байхгүй. Харин миний бие өөрийн гэр бүлдээ гэрийн эзэн хүний хувьд, эцэг хүний хувьд хүлээх ачаатай.
-Бүгдийг нь боловсролтой болгож, хоолонд нь хүргэж өдий зэрэгтэй авч явдаг сайн ах юм аа ?
-Аавынхаа шарил дээр өөртөө андгайлсан юм. Би заавал хэдэн дүү нараа боловсролтой болгож, хоолонд нь хүргэнэ гэж тангараг тавьсан. Дүү нараа хамгийн эхлээд боловсролтой болгочихвол гэр бүлийнхээ өмнө, аавынхаа өмнө хүлээж байгаа үүргээ биелүүлэх нь тэр шүү гэж л бодож зүтгэсэн. Би амьдралд унаж босч л явсан. Өөрийн гэсэн байртай, унах унаатай болчих юмсан. Тэрүүгээрээ халтуур хийгээд амьдрах юм сан гэсэн хэцүү үеийн минь мөрөөдлүүд одоо ч бодогддог. Хүний хүсэл мөрөөдөл, тавьж байгаа зорилгод хязгаар байдаггүй. Хүн дандаа л урагшаа тэмүүлж байдаг. Хамгийн гол нь тэр тэмүүлж байгаа тэмүүллийнхээ эзэн нь болж үр дүнд хүрсэн хүн амьдралд хайртай байдаг байх. Бусдын өмнө хүлээх хариуцлагатай шүү гэдгээ эрт ухамсарлаж, түүнийхээ төлөө зүтгэж сурсан хүн нийгмийн өмнө ч тэр төлөвшлөөрөө л хариуцлага хүлээж амьдардаг юм шиг надад санагддаг.
-Таны аав, ээж ямар ажил алба эрхэлдэг хүмүүс байсан бэ?
-Манай аав ерөөсөө л төрийн хар хүн байсан. Насаараа аж ахуй удирдаж явсан. Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байсан. Тэнд зохион зааварлах хэлтсийн дарга байсан. Мянгад, Чандмань сумдад сум нэгдлийн дарга хийж байсан ийм хүн л дээ. Аавыгаа дагаж хөдөө их явна. Ажил төрлийнх нь хүнд хэцүү, жаргал зовлон бүх л юманд нь аавыгаа дагадаг. Машиных нь хонины хонхорт ороод нуугдчихдаг хүүхэд байлаа. Тэгээд л хөдөө аавтай л хамт явж байдаг.
-Нэгдлийн даргын хүү юм байна?
-Тийм ээ, нэгдлийн даргын хүү. Манай ээж нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Насаараа л Ховд аймагт ажиллаж байгаа. Дүү нар маань бүгд Улаанбаатарт ирсэн. Зарим нь гадаадад сурч байгаа. Ээж маань л нутагтаа ганцаараа байж байдаг. Би ажлаа хийнэ. Тэтгэвэртээ гартлаа нутгаасаа явахгүй гээд хөдлөх янзгүй.
-Таныг бараг Ховдод амьдраад байна гэж л сонсогддог?
-Тэгж хэлж болно шүү. /инээв/ Урьд нь бол харьцангуй цөөн явдаг байсан. Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүн болсноосоо хойш жилд доод тал нь тав дээд тал нь арав явдаг. Бараг сар болгон явчих гээд байна.
-10 жилээ хаана төгссөн бэ. Ховдод уу?
-Би их олон ангитай. Анх нэгдүгээр ангид орж байхдаа аймгийнхаа төвд сургуульд орж байлаа. Дөрөвдүгээр ангиа Мянгад суманд төгссөн. Наймдугаар ангиа Чандмань суманд төгсөж байлаа. 10 дугаар ангидаа эргээд аймгийнхаа төвд ирж байсан даа. Аав маань хөдөө томилолтоор ажилладаг. Тэгээд л гэр бүл нь дагаад нүүж байдаг айл байсан.
-Даргын хүү онц сурна л биз дээ?
-10 дугаар ангиа бол онц төгссөн. Гэхдээ дүү нараа бодох юм бол олимпиад энэ тэрд түрүүлээд явж байсан юм байхгүй. Манай дүү нар бол харьцангуй амжилттай сурдаг хүүхдүүд байсан. Математик, физикээр аймагтаа олимпиадад түрүүлдэг. Миний хувьд бол спортоор нэлээн хичээллэдэг. Аймгийнхаа сагс, волейболын шигшээд байдаг. Тэмцээнд их оролцоно. Сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн ч гэх юм уу олон нийтийн ажилд их оролцдог тийм хүүхэд байж дээ.
-10 дугаар ангиа төгсөөд ямар сургуульд оров?
-10 дугаар ангиа төгсөөд би ЦИС-д орсон юм. Тэр үед чинь 10 дугаар ангиа онц төгссөн хүүхэд ЦИС-д шалгалтгүй орно гэсэн журам байсан. 10 дугаар ангиа төгсөөд явах болдог, тэр үед чинь орон сууц улсынх байсан шүү дээ. Юу ч болоо билээ, ээж дүү нар маань намайг явахаар улсын байранд дандаа байгаад байх ч билүү, үгүй ч билүү. Тэгээд нэг хувийн байшин барья даа гэж шийдээд есдүгээр ангидаа дүүтэйгээ тоосго цохисон. Хоёр сар гаруй хугацааны дотор 30 гаруй мянган төгрөгний орлого олж байсан. Тухайн үедээ бол УАЗ 469 машины өртөг. Тэр үед УАЗ 469 чинь 27 мянган төгрөгийн үнэтэй байдаг байсан юм. Тэгээд тэр мөнгөөрөө хойтон жил нь ээж дүү нартаа зуныхаа амралтаар байшин барьж өгчихөөд, сургуульдаа явах шаардлага байдаг. Амьдралын ийм шаардлагаар хавар эрт конкурс энэ тэрд явалгүй онц төгссөн эрхийн дагуу ЦИС-ийн хуваарь авчихаад, маргаашаас нь эхлээд барилга барих ажилд орж байсан даа. ЦИС-д би хоёр жил сурсан. Тэр үед чинь зах зээлд орсон хүнд үе байсан ш дээ. Тэгээд арга буюу надаас өөр хөдлөх хүн байхгүй амьдралын шаардлагаар гэдэг юм уу даа бизнест орсон. Ганзагын наймаа хийж Хятад-Оросын хооронд ч явж байлаа. Оросоос хүнсний бүтээгдэхүүн чихэр жимс, тамхи зөөгөөд Ховддоо авчирч зардаг тийм бизнес хийж байлаа. Олон жил худалдаа хийсэн дээ.
-Бизнест хөл тавиад олон жил болчихсон юм байна?
-1994 онд 20 настайдаа анх УАЗ 469 машин авч байсан. Тэр үедээ 20 настай хүүхэд өөрийнхөө хөдөлмөрөөр машин аваад унана гэдэг нэлээн л гайхагдаж байсан.
-Одоо бол нэг хүн дагаад халаасанд нь орчихооргүй бэлтэй?
-Яахав хүнээс нэг их илүү гараад байхгүй. Ер нь миний амьдралдаа баримталдаг нэг зарчим байдаг. Хүн хорвоод нүцгэн ирдэг, нүцгэн буцдаг. Хичнээн хөрөнгөтэй байгаад аваад үхэх юм биш. Амьдралыг хоосноос нь эхлээд явж болдог юм байна гэдгийг өөрийнхөө амьдралаас үзсэн учраас үр хүүхдэдээ амьдралын ухаан л үлдээх юмсан гэж боддог. Амьдралын ухаан муутай хүнд хичнээн их хөрөнгө үлдээгээд буруу шийдвэр гаргаад үрэн таран хийгээд л хаячихна. Тийм болохоор хөрөнгө мөнгө гэдэг ойлголтыг нэг их шүтэж явдаггүй. Өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун, хүнээс гуйчихааргүй амьдраад явж байна. Авч үхэхгүйгээс цааш, арав давхарлаж өмсөхгүйгээс хойш, арван таваг хоол идэхгүйгээс цааш тийм их хөрөнгөөр яах юм бэ.
-Хоёр ихэр хүүхэдтэй болсон гэсэн. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Том нь одоо 12 настай, долдугаар анги. Бага хоёр нь ихэр хүү. Манайх таван бартай. Манай эхнэр бартай. Бид хоёр 10 жилийн нэг ангийн хоёр. Манай том хүү бас бартай.
-10 жилийн үерхэл юм уу?
-Тийм. 10 жилийн үерхэл.
-Баруудыг хурц характертай хүмүүс гэдэг. Үнэн үү?
-Ер нь хурц шүү. Манай эхнэр ч түргэн ааштай, би ч түргэн зантай Муудалцах нь хурдан, сайдалцах нь ч хурдан. Залуу байхад л тийм байж дээ. Харин одоо бол тэр залуу насных шиг муудалцаад байх явдал ч моодноос гарсан даа.Зан зангаа авалцана гэдэг нь юм болов уу даа. (инээв)
-МАХН-ын байртай хамт таны дэлгүүр ч бас шатсан. Энэ явдлын дараа та нэлээн шүүмжлүүлэх шиг болсон. Ингэхэд аж ахуйн нэгжүүд хохиролоо төлүүлсэн . Танайх яасан бэ?
-Үгүй. Амьдралд хүн зөв, буруу шийдвэр олон л гаргадаг. Манай эхнэр бид хоёрын хувьд бас нэг гаргасан буруу шийдвэр нь энэ байсан юм шиг байгаа юм. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулъя гэдэг шийдвэр. Зөвхөн архи биш шүү дээ. Хүмүүсийн хэрэглээний бүх л юмнуудыг зардаг байсан. Тэгээд яахав, нэлээн хэмжээний хохирол амссан. Угаасаа энэ дэлгүүрийг ажиллуулсан нь зөв шийдвэр байгаагүй. Тэгээд яаж үлдэгдэл барааг нь хурдан зарж энэ бизнесээс холдох вэ гэдэг бодол манай эхнэрийн өдрийн бодол шөнийн зүүд болж байдаг юм шиг байгаа юм.
-Парламентад таны үеийн нэлээн хэдэн гишүүд байгаа. Үе хоорондын ялгааны асуудлууд энэ цаг үед эрчимтэй хөндөгдөж эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд “Буруу дэвж буй шувуу”-ны тухай яриа хөөрөө ч гарч байгаа . Нам дотор та нарын гэх нөлөө яг ямар төвшинд байна вэ. Мөн үе солигдох процессын талаар та юу бодож явдаг вэ?
-Ачаагаа даах хэмжээгээрээ л үүрнэ. Ачаа даах тэнхээтэй байх юмсан гэж боддог. Тодорхой хэмжээгээр улс төртэй, энэ намтай хувь заяагаа холбосны хувьд улс эх орныхоо төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийж ажиллана. Хэтэрхий чөлөөтэй дуугарч байна гэдэг юмуу, хэтэрхий амбицтай байна гэдэг маягаар бидний хэдэн залуусыг шүүмжилдэг. Гэвч бидний тэр дуугаралтыг албан тушаалын зорилготой гэдэг юм уу, эсвэл бусад янз янзын сэдэлтэй амбиц гэж бодож болохгүй л дээ. УИХ-аас гарч байгаа шийдвэр болгон хүний амьдралд сайн, муугийн аль нэгээр нөлөөлдөг. Тийм болохоор бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Энэ үүднээсээ бид сонсох ёстой, унших ёстой, судлах ёстой, шүүмжлэлийг хүлээж авах үүрэгтэй гэж боддог. Мөн алдах эрхгүй орон зайд ажиллаж байгаа улсууд учраас буруу гэж үздэг юман дээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Мэдээж УИХ-д Засгийн газар, намын удирдах зөвлөлөөс бодлого орж ирдэг. Тэр бодлого маань өнөөдөр амьдралд нийцэх үү, үгүй юү гэдгийг бид тунгаах, шүүх, нягтлах ёстой. Мөн эрхтэй. Баялаг бүтээдэг хүмүүс байна, баялаг хуваарилдаг хүмүүс байна. Би бол баялаг бүтээдэг салбарт л ажиллаж байсан хүн. Олон хүн ажлын байртай болгож, улсдаа татвараа төлж, ажиллагсдаа ажилтай амьдралтай байлгахын төлөө ажиллаж ирсэн. Тэр замдаа одоо энэ төрийн хүнд суртал, элдэв бэрхшээлийг биеэрээ мэдэрч үзсэн. Ингэж явж байж би улс төрд орж ирсэн. Энэ үүднээсээ яаж баялаг бүтээдэг вэ, яаж татвар төлдөг вэ, яаж олон хүмүүсийн амьдралыг авч явдаг вэ, яаж ажлын байртай болгодог вэ гэдгийг мэдэрдэг өнцгөөсөө хардаг. Энэ өнцгөөсөө харж байгаа маань баялгыг хуваарилдаг, насаараа дарга хийж явж байгаа хүмүүст заримдаа таалагддаггүй байх. Ний нуугүй хэлэхэд. Бидний асуудлыг харж байгаа өнцөг нь өөр болохоор хэтэрхий зөрж байна гэдэг юм уу, өөрийнхөөрөө ааш авир гаргаж байна гэдэг юмуу, бодлогогүй байна, бодлого дагахгүй байна гэдэг шүүмжлэл үүсч байгаа байх л даа. Тухайн бодлого маань зөв үү буруу юу, харж байгаа өнцөг маань аль өнцгөөс харж байгаа вэ гэдгийг ойлгох ёстой л доо.
-Залуу, омголон үедээ амжилт олоод гараад ирчихсэн үед дотроос хүч түрээд л, юуг ч барьж аваад хийчихмээр зориг ороод байдаг үе байдаг . Тэр л үе дээрээ ах нарыг унагачихмаар санагдаад л, “дайраад оръё л доо” гэсэн уриа хажуу хавирганаас сонсогдоод л байгаа юм биш үү?
-Чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээд эхлэхээр эд их амбицтай байна. Албан тушаалын төлөө байна гэдэг байдлаар мушгиж нийгмийг эргүүлээд сөрөг турхирчихдаг нэг технологи харин байдаг бололтой. Өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж байгаа асуудлыг хэтэрхий омголон байна. Биднийг дайрч урдуур түрж орж ирэх гээд байна гэдэг байдлаар мушгисан байх. Бусдаар бол бид ахмад үеэ дээдлэх ёстой, хүндлэх ёстой, сонсох ёстой гэдгээ мэддэг шүү дээ.
-Ахмад үе залуу үе хоёрын хооронд хөндлөнгийн сэтгүүл зүй мушгиад байна гэсэн үг үү?
-Тийм асуудал байгаа л байх. Бид бол ахмад үеэ сонсдог, хүндэлдэг. Харин ах нар маань үгэндээ жаахан харам байдагт нь харамсдаг. Мэдээж бүгдээрээ залуу насыг туулж ирсэн. Алдсан оносон юм бүгдэд нь л байдаг байх. Энэ үүднээсээ засч залруулаад өгчих юмсан. Энэ нь зөв, энэ нь буруу байна шүү гэж бидэнд заадаг зөвлөдөг байгаасай, бас биднийг сонсдог байгаасай гэж боддог. Хамгийн энгийн наад захаас нь хэлэхэд энэ хүмүүс чинь бидний дараа энэ намыг цааш нь авч явах юм шүү, энэ намын хувь заяатай холбоотой учраас эд нарыгаа зөв залаад аваад явчих юмсан, зөв ирээдүйг үлдээчих юмсан гэсэн үүднээс асуудалд ханддаг байгаасай гэж хүсдэг. Бусдаар бол энэ үеийнхний цаг нь болчихсон, дууссан, энэ үеийнхнийг хөөж явуулаад өөрсдөө суучих ёстой гэсэн тийм амбиц бидэнд байхгүй.
-Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатар гишүүн хоёрын хооронд нэг ялихгүй асуудал болсон доо. Тэр үед та нар бухимдсан уу?
-Бухимдсан. Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр их ойр л доо. Энэ үүднээсээ яасан гэж ингэж байгаа юм гэх байдлаар Ж.Сүхбаатар гишүүнийг өмөөрөх сэтгэлээр би хандаж байсныг нуухгүй. Сүүлдээ манай хоёр ойлголцсон. Хэн хэн нь ухаантай хүмүүс шүү дээ.
-Ер нь эр хүний хувьд илт дээрэлхээд байвал цохиод унагачихаар омог бол танд байгаа юу?
-Байна аа. (инээв) Ер нь дээрэлхүүлэхгүй. Хүмүүстэй адилхан нүүрэн дээр нь толгойгоо илээд зогсч өнгөрөөчихөөд дараа нь араас нь муу юм бодоод явах дургүй. Үзвэл үзээд, хэлэх юмаа хэлчихнэ. Дараа нь бодож санаад байх юм байдаггүй.
-Дургүй хүргээд байвал нударга зөрүүлчихвэл ч зөрүүлчих юм байна ?
-Би эр хүн юм байгаа биз дээ. Гэхдээ ард нь нэг их юм бодоод санаад тээж үлдэхгүй. Энэ бол миний нэг сул тал байх. Аль болох хүн тэр үед нь тэвчээртэй байгаад, биеэ барих ёстой юм шиг байгаа юм. Би бол тэгж чаддаггүйдээ бас буруу ч юм болов уу. Дуугүй сонсчихоод дараа нь сэмхэн араас нь гэтэх аргад суралцах юмсан гэж бодож байгаа шүү. (инээв)
-Яах нь вэ, тийм хэрэггүй юм сурч?
-Улс төрд чинь бас тийм хүмүүс их яваад байдаг юм биш үү.
-Одоо Ховдынхон л бүх салбарт хүчтэй байна. Өөрийг тань Ховдын нутгийн зөвлөлийн дарга гэж сонссон. Үнэхээр Ховдын фракц гэж юм байна уу, үгүй юу?
-Ер нь манай баруун монголчууд чинь тэмцэгч цустай хүмүүс шүү дээ. Ойрдын хаан Галданбошигт, Амарсанаа, Чингүнжав гээд. Ерөөсөө л эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хаанаас тэмцэл гарч байсан энэ хүмүүсээс л гарсан байдаг. Энэ үүднээсээ цусанд нь тэмцэгч чанар байдаг юм шиг байгаа юм. Бас байгаль цаг ууртай ч холбоотой болов уу гэж боддог юм. Үнэхээр манай нутагт яваад очихоор хангай нутаг шиг сайхан түлээ мод байдаггүй. Сайхан модоороо хашаа байшингаа барьчих боломж байдаггүй. Тэгээд л байгалийнхаа чулууг ашиглаад хашаа байшингаа бариад амьдардаг. Өвс байхгүй, хадлан тэжээл бэлтгэх юм байхгүй. Тэгээд отор нүүдэл хийгээд хавраас намар болтол хээр хөдөөгөөр явдаг. Ерөөсөө амьдрал нь өөрөө бөөн тэмцэл, байгаль цаг ууртай тэмцсэн тэмцэл, хөдөлмөр дунд л өнгөрдөг . Энэ үүднээсээ бол их хөдөлмөрч ард түмэн. Хөдөлмөрч, тэмцэгч чанар нь өөрсдийг нь хурцалж байдаг. Энэ нь тодорхой амжилтанд хүргэдэг юм болов уу. Тохиолдлоор энэ цаг хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Монголбанкны ерөнхийлөгч, хотын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга гээд Ховдын харьяат хүмүүс байна л даа. Энийг Ховдын фракц хүчээ авч байна гээд зарим хэвлэл бичдэг.
-Ховдын фракц гэж үнэхээр байхгүй хэрэг үү?
-Байхгүй.
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуайн биеийг алжаасан гэх мэдээлэл яваад байх юм. Энэ юу вэ?
-Төрийн жинхэнэ хар хүн гэвэл өнөөдөр Д.Дэмбэрэл даргыг л хэлнэ. Үнэхээр насаараа төрд ажилласан. Ажиллахдаа зарчимтай, шударга, асуудалд голч байр сууринаас хандаж ирсэн хүн. Би урьд нь бас нэг их ойрхон байгаагүй. 2008 оны сонгуульд хамт нэр дэвшсэн тэр үеэс л хамт явсан. Маш олон цагаар ажиллана. Олон мянган километр зам туулна. Биеийн хувьд бол гайхалтай эрүүл хүн шүү дээ. Энэ ярьж байгаа яриа юм бол хий цуу яриа. Даргын өрөө миний өрөө хоёр ойрхон байдаг. Нэг тойргоос сонгогдсон Их хурлын гишүүний хувьд бид хоёрт УИХ-ын бодлого шийдвэрийн талаар ч тэр, тойргийн асуудлаар ч гэсэн өдөр тутам уулзах учрах, ярих зөвлөх асуудал байнга л гарч байдаг. Энэ болгон дээр байнга уулзаж байгаа. Миний мэдэхээр ямар биетэй хүн байсан тэр хэвээрээ л байгаа. Өөрчлөлт орсон юм байхгүй байгаа. Д.Дэмбэрэл даргын туршлагыг нь, энэ төрийн ноён нуруу болоод явж байгаа эрдэм чанараас нь Монголын улстөрчид суралцаасай, үлгэрлэж аваасай гэж би боддог. Энэ хүн өнөөдөр ийм нөхцөл байдалд энэ хүнийг харин ч өөлөхөөргүй авч явж чадаж байгаа шүү дээ. Энэ төрд зөв хүн хэрэгтэй л байгаа юм бол тэр нь Д.Дэмбэрэл дарга гэдгийг бүх итгэл үнэмшлээрээ хэлэх байна.
-Хэвлэлийнхний нисгэсэн шувуу байжээ?
-Мэдэхгүй юм даа. Ийм яриа гараад байхаар гайхах юм.
-Бөхийн найраанд бол танай нутгийн зөвлөл жаахан оролцдог биз дээ?
-Нэг их оролцож чаддаггүй ш дээ. (инээв)
-Цүнхтэй мөнгө бариад л явцгааж байна гэж яригддаг ш дээ?
-Нутгаа гэсэн сэтгэл байлгүй л яахав. Энэ үүднээс бид дэмжих бодлого бол явуулдаг. Гэхдээ начингийн найраанаас цаашаа гарч чадахгүй байна л даа. (инээв) Зарим аймгууд аварга, арслан, заан төрүүлж чадаж байна. Тэгээд бодохоор найраандаа бас муу байгаа биз дээ.
-Та тэрбум төгрөгөөрөө юу хийж байгаа вэ?
-Амараа гишүүн, Дэмбэрэл дарга бид гурав нийлж Ховд аймгийн ИТХ Засаг дарга, сумдын Засаг дарга ИТХ-аас саналыг нь авч байгаад тодорхой асуудлуудад зарцуулж байгаа. Өнгөрсөн жил бидний гол анхаарсан зүйл бол сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн засварын асуудал, барилгын ажлууд, сургуулийн дотуур байр барих, их засвар хийх ийм зүйлд зарцуулагдсан. Ховд аймагт бусад аймгуудад байхгүй их том баруун бүсийн “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн” барих ажлыг эхлүүлсэн. Үүндээ бол нэг тэрбум төгрөгийг нь тавьсан. Сонгогдсон гишүүд тойрогтоо болж байгаа зовлон жаргал, бэрхшээлийг газар дээр нь мэдэрдэг улсууд шүү дээ. Энэ үүднээсээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бид гурав мөнгөө зарцуулсан байгаа. Мөн түүнчлэн аавынхаа нэрээр “Сандаг” гэж сан байгуулсан. Манай эхнэр тэргүүнээр нь ажилладаг юм. Энэ хүрээнд Ховдын бүх сумын эмнэлгийн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг шинэчилж өгч байгаа.
-Хөрөнгийг нь өөрсдөө хөөцөлдөж оруулж ирж байгаа юу. Бүх сумдад уу даа?
-Тийм. 17 сумын эмнэлэг. Нийтдээ гурван тэрбум гаруй төгрөг болж байгаа. Улсын төсвөөс юу ч гаргахгүйгээр хийж байгаа ажил юм.
-Сэргэлэн байна шүү?
-Эхнэрийнхээ л хүчин зүтгэл, гадагшаа дотогшоо харилцдаг харилцааны хүчинд АНУ-ын тусламжийн байгууллагатай холбогдсон. Үүний ачаар сумдынхаа эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийж байна.
-Удахгүй танай намын Их хурал болно. Намын нэрээ солино, үзэл баримтлалаа солино. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Ер нь бол МАХН хуучин нэрээ л сэргээж авах гэж байна. МАН бол манай ууган нэр. Тэгээд энэ асуудлаа олон нийттэйгээ, гишүүд дэмжигчидтэйгээ маш өргөн хүрээнд удаан хугацааны турш хэлэлцэж, санал бодлыг нь авсны эцэст шийдвэрлэх гэж байна. Намын нэрийг солих нь зөв. Үзэл баримтлал дээр ч гэсэн тэр эргэж харж, засч залруулж явах ёстой шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Дэмбэрэл дарга та хоёрыг АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжээд явчихсан юм гэнэ лээ гэсэн нэг яриа явсан. Танай намын экс дарга ч намынхнаа дэмжээгүй гээд байгаа. Арай үнэн юм биш биз дээ?
-Ховд аймгаас төрсөн нэг хүү нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд очиж байхад нутгийнхаа хүүг дэмжинэ гэсэн уур амьсгал бол нутгийнханд маань үнэхээр хүчтэй давамгайлж байсан. Бид нарын хувьд ч гэсэн нутгийн хүн гэдэг нэг юм сэтгэлийн мухарт байсан. Гэсэн ч бид аль намаас гарч ирсэн билээ, өнөөдөр хаана яаж алба хашиж байгаа билээ, ямар үүрэг хүлээж байгаа билээ дээ. Намынхаа нэр дэвшигчийн төлөө л ажиллана шүү дээ. Үүнийг ойлгож ядаад байх ч юм байхгүй. Эргэлзэж, хардаад байх нь бүр утга учир муутай зүйл болно.
-Түүнээс биш далдуур Ц.Элбэгдоржийн төлөө явсан юм байхгүй юу?
-Байхгүй. байхгүй.
Сэтгүүлч Б.Ганчимэг
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин
Холбоотой мэдээ