
Энэ үед Тэнгэр уулын шулам хүүхэн Ү Лянь хэрхсэнийг сонирхвол Шаолиний их багшийн очирт бэрээнээс зугтан гарч түүнийг хоёр монгол хөвгүүний хамт үлдээгээд дотоод их хүчээр дүүлэн зугтсан тэрбээр өнгөт тоорын бутан дунд суун хийн дасгал бясалгаж алдагдсан эрчим хүчээ хурдан буцааж нөхөхийг хичээж байв. Гэнэт түүний нүүрний өмнөхөн унжсан удын навч тас хайчилсан мэт цэвэрхэн голоороо салан унахыг ажсан Ү Лянь бясалгалаа ч гүйцээлгүй агшин зуур хойшоо саван унахад үсийт нь шүргэх шахам хос алтан хануур жад нисэн өнгөрөөд модонд зоогдох нь тэр. Нэг дайсанаас дөнгөж салаад амсхийх зав олж амжаагүй байтал нөгөө дайсан гарч ирэх нь тэр. Ү Лянь хойшоогоо годройтон эргэж хоёр хөл дээрээ буумагц хажууханд нь нэгэн хүн их дуугаар хоолойгоо шахан инээх сонсогдов. Харвал түүнээс гурван алхамын зайд тас хар нөмрөг унжуулсан Сүншань уулын нууц зэвсэгийн эрдэмийн багш Гао Мун Жи араб хүүхэн шиг нүүрээ хаасан цагаан алчуурын цаанаас шоолон хөхөрч байх аж. Түүнийг гартаа барьсан цоохор арьсан уутаар нь таньсан Ү Лянь орчин тойрноо хоромхон зуурт ажиглавал Гао Мун Жи ганцаараа бус бололтой энд тэнд мод бутны оройд гарч биеэ далдалсан шавь нар нь багшийнхаа инээх дууг даган хоолойгоо татах нь сонсогдоно. Гао Мун Житэй шулам хүүхэн хоёр дахиа нүүр учирч байгаа нь энэ бөгөөд уг нь ёс журмын хувьд тэд дайсан болох нь бүүхэл харин ч анд бололцон Шаолиний их багш Бао Чжу Лингийн лам нарын эсрэг хамтдаа тэмцэх ёстой улс байв. Учир нь Гао Мун Жи бүтэн жилийн өмнө Шаолинь хийдийн нууц зэвсэгийн эрдэмийн их багш байсан ч хийдийн ёс горимыг зөрсөн учир Лин багшаас хорин бэрээ гөвшүүлэх шийтгэл авсан бөлгөө. Мөрөн голын олон сайн эрсийг өөрийн зохиосон нууц зэвсэгээр чичрүүлж, дээрэм отсон бөглүү замаар ганцаараа явахаас айдаггүй байсан Гао Мун Жинд олон хуваргын өмнө нуруугаа нүцгэлээд хүүхэд шиг зодуулна гэдэг тэсч болшгүй доромжлол байлаа.
Үргэлжлэл