Рональдо ирэх жил зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2010.02.24-нд нийтлэгдсэн

Рональдо ирэх жил зодог тайлна

Хөлбөмбөгийн их спортын түүхэнд өөрийн гэсэн орон зайг бий болгож, нэрээ мөнхөлсөн Бразилийн алдарт хөлбөмбөгч Рональдо ирэх жил зодог тайлахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ. 18 настайдаа 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилийн шигшээ багт багтаж, анхныхаа дэлхийн аваргын цом хүртсэн тэрбээр хожим нь 2002 оны дэлхийн аваргын төлөө Германы багтай тоглож, өрсөлдөгчийнхөө хаалганд хоёр гоол оруулж байсан билээ. Өдгөө тэрбээр төрөлх нутагтаа “Коринтианс” багт хүчин зүтгэж байгаа юм. Энэ жил 34 нас зооглох Рональдогийн тус клубтэй байгуулсан хоёр жилийн гэрээ нь 2011 онд төгсгөл болох бөгөөд тэр үед хөлбөмбөгийн их спортоо орхиж, албан ёсоор зодог тайлах тухайгаа ярьсан байна.
Рональдо олон улсын хөлбөмбөгийн талбарт нэрээ мөнхөлж, гайхалтай амжилт гаргаж байсан ба Бразилийн шигшээ багийн хамт 97 тоглолтод оролцож, 62 гоол оруулсан бөгөөд 2006 оны ДАШТ-ий үеэр дэлхийн аваргын 15 дахь гоолоо оруулж, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Харамсалтай нь дэлхийн таван удаагийн аварга бразилчууд дөрөвний нэг шигшээд хожигдож, тэмцээнийг орхисон юм. Тэрбээр мөн ирэх зун Өмнөд Африкт болох 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд дасгалжуулагч Дунга түүнийг сонгох эсэхээс бүх зүйл шалтгаална.
FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурвантаа шалгарсан тэрбээр “Эйндховен”, “Барселона”, “Реал Мадрид”, “Интер Милан”, АС Милан” зэрэг Европын шилдэг клубуудад хүчин зүтгэж явсан гайхалтай чадварлаг, дэлхийн шилдэг тоглогчдын нэг билээ.
С.Шүр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж