Шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дэлхийн банкнаас Монгол Улсад суухаар шинээр томилогдсон суурин төлөөлөгч хатагтай Корали Гэвэрсийг өчигдөр хүлээн авч уулзав.
     Дэлхий дахиныг хамарсан банк санхүүгийн хямралыг Монгол Улс амжилттай гэтлэн давахад олон улсын байгууллагууд, тэр дундаа Дэлхийн банкны  дэмжлэг туслалцаа ихээхэн үр нөлөө үзүүлсэн, тус банкнаас манай улсын олон салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нь улс орны бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр болж буйг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд хоёр талын хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа онцлов. Мөн хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд УИХ-аас Төвийн тогтвортой байдлын тухай хууль баталж гаргасан нь төсвийг хэлэлцэж батлах, уул уурхайн орлогыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэрбээр тэмдэглэлээ.
      Хатагтай хатагтай Корали Гэвэрс урьд нь Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Аршад Сайедын эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, УИХ-тай үр бүтээлтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлээд шинэ ажлын гараа нь амжилттай эхэлсэнд урамтай буйгаа хэллээ. Тэрбээр Дэлхийн банкнаас Монгол Улсад олгох 30 сая ам. долларын хөгжлийн бодлогын зээлийн гэрээнд өчигдөр Сангийн сайдын хамт гарын үсэг зуржээ. Энэхүү зээл нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн сэргэлт, мөн төсвийн тогтвортой байдлыг улам бататгахад чиглэсэн бодлогын шинэчлэлийг дэмжих зорилготой юм байна.
     Тэрбээр мөн УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж