
Хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм.
Харин тус байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Зоригт горимын санал гаргаснаар хэлэлцэж буй эхний асуудал түр завсарласан. Учир нь цаазаар авах ялтай холбоотой зарим мэдээллийг Ажлын хэсгээс тэрбээр хүсч, тэд энэ талаар эргэж байнгын хороонд танилцуулахаар болсон.
Дараагийн асуудал болох Монгол Улс Унгар улсын "Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Унгарт манай улсын нэлээд олон иргэн амьдардгаас 800 гаруй нь гэрээгээр ажилладаг юм байна. Тэдгээр иргэд хамгийн багадаа л гэхэд цалингийнхаа 34 хувийг шимтгэлд төлдөг. Тодруулж хэлбэл, нэг ажилчин ойролцоогоор 300 евро сард авдаг гэж бодоход түүнийхээ 100-г нь шимтгэлд өгдөг гэсэн үг аж. Тэр нь буцааж олгогдох боломж одоогоор байдгүй тул үүнийг өөрсдөд нь буцааж олгодог болох талаас нь Унгар улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр хийх гээд байгаа юм хэмээн асуудал оруулсан ажлын хэсгийнхэн тайлбарласан юм.
Мөн тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл"-ийн хоёрдугаар үе шатны Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд бас дэмжлээ.
Г.Дарь