Донорын тоо 30 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Донорын тоо 30 хувиар буурчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ДОХ-ын халдвартай донорын цусыг 14 хүн сэлбэсэн гэх мэдээлэл олныг түгшээгээд авсан. Олон нийт энэ түгшүүрт байдлаас өнөөдөр ч гарч амжаагүй л байна. Эрүүл мэндийн яам нь “ДОХ-той донор байсан. Харин хүнд тараагаагүй” гэж мэдэгдсэн ч түгшүүрт байдлыг зогсоосонгүй. Харин ч “Эд нар ямар нэгэн юм нуугаад байна” гэх хардлагыг төрүүлээд амжив. Харин энэ түгшүүрт мэдээ секунд алдалгүй улс даяар тархаж байх үед цус сэлбүүлдэг иргэдийн тоо эрс буурчээ. Иргэдийн энэ байдлаас болоод одоо Монгол Улс гуравхан хоногийн цусны нөөцтэй болсон гэх. Өмнө нь долдугаар сарын 1-ний үймээн, самууны дараа цусны хомсдолд орж байсан ч өнөөдрийнх шиг хомсдолд ороогүй байна.

    Аравдугаар сарын 27. Өдрийн 11:45 цаг. Цус сэлбэлтийн үндэсний төвд цус өгч буй хүн байсангүй. Харин ганц, нэг хүн хаалга асууж орж ирэх. Төд удалгүй хоёр, гурван хүн орж ирэн цусаа яаж өгөх вэ, гэж асуугаад “Цус сэлбэлт судлалын төв”-ийн нарийн коридороор явж одов. Энэ хэдэн хүнээс хойш цус өгөх гэж байтугай, хаалга асуудаг хүмүүс ч байсангүй. Тэнд ажиллаж байгаа хэдэн сувилагч нар аавыгаа ирэхийг хүлээж байгаа хүүхдүүд шиг үүд сахисан хэвээр л…

    Хэсэг хугацаа өнгөрсөний дараа цус өгөх гэсэн хэдэн залуус орж ирэв. Тэднээс асуувал “Бид өмнө цусаа өгч байсан ч бидэнд нэг л айдас байгаад байна. Гэхдээ яах вэ, өгнө өө. Тэр хүмүүст халдсан гэсэн нь худлаа юм биш үү. Зүгээр л сенсаци байсан юм шиг байна лээ” гэж хариулж байлаа. Гэхдээ л “Цус сэлбэлт судлалын төв”-д цус өгөх гэж биш хаалга асууж ирдэг хүмүүс олширчээ.

    Өчигдрийг бодвол “Цус сэлбэлт судлалын төв”-д хөл хөдөлгөөн чамгүй байв. Гэхдээ цус өгөх гэсэн хүмүүсээр биш “Залуус 25”, “Улаан загалмайн залуучуудын байгууллага” хамтран сургалт зохион байгуулж, үүнд нь оролцох гэсэн эмч нараар л дүүрэн байлаа. Тэнд ажилладаг нэг эмэгтэй “Урьд нь ингэж цөөхөн хүн ирж байгаагүй. Дор хаяад л 70-80 хүн ирдэг байлаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр худлаа хөөргөдсөн мэдээнээс болоод хүмүүс ч ирэхээ больчихлоо” гэж байсан юм.

          Сургалт зохион байгуулаад ч тэр юм уу, цусны хомсдолыг ч тодруулах гэсэн юм уу хэвлэл, мэдээллийн хэрэгсэлүүд очсон байлаа. Ямар сайндаа л “Сүүлийн хэд хоног цус өгөх гэсэн хүмүүсээр биш, сурвалжлагч, сэтгүүлчдээр дүүрэн байна даа” гэж тэндхийн жижүүр хариулж байхав.

    Цусны хомсдол болоод сүүлийн үеийн дуулиантай холбоотой хэдэн асуултад “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн захирал Д. Улаанхүүгээс хариулт авсан юм.

    -Иргэд танай төвийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

    -Ер нь дажгүй мэдээлэлтэй байдаг байх. Залуучууд ямар байгааг би мэдэхгүй. Сүүлийн хэд хоногт хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан үндэслэлгүй мэдээллээс болоод иргэд манай төвийн талаар буруу мэдээлэлтэй болчих вий гэж эмзэглэж байна даа.

    -Цусны нөөц хомсдолд орсон гэх болсон. Ер нь цусны нөөц тэдэн ширхэг байвал стандарт нь гэсэн зүйл байх уу?

    -Тийм нарийн заачихсан стандарт гэж байдаггүй юм. Харин хэдий хэр хугацаагаар хадгалж болохоор байна гэдгээс харгалзаж хадгалах хугацааг тогтоодог. Богино хугацаанд хадгалагдах бүтээгдэхүүнийг бид нөөцлөөд байж болохгүй. Ер нь цусыг онцлогийнх нь ангилалаас хамаараад 6-72 цаг хадгалдаг.

    -Цус өгөх гэсэн хүмүүс хэр хандаж байна?

    -Жирийн үед дунджаар 100 гаруй хүн өдөрт ирдэг байлаа. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн буянаар цус өгөх гэж ирдэг хүмүүсийн тоо 30 хувиар багассан. Энэ чинь л цусны хомсдолт орох болсон шалтгаан. Долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр хомсдолд орж байсан ч өнөөдрийнх шиг ийм байдалд орж байгаагүй юм шүү.

    -Дэлхийд цусны төвийн хэрэглэдэг техник хэрэгсэлээр нь олон улсын болон дэлхийнх гэж хоёр стандарт байдаг гэж сонссон. Манайх яг аль стандарт дээр нь байгаа бол?

    -Манайх бол дэлхийн стандартаар явдаг юм шүү дээ. Манайд одоогийн байдлаар 26 салбар банк байгаа. Энэ 26 салбар болгонд хоёр тэрбумын үнэтэй аппарат хэрэгсэлээр хангана гэдэг хэцүү. Дунджаар энэ 26 салбар чинь жилд 16 мянган литр цус бэлтгэдэг. Манай цусны төв дунджаар 20 мянгийг нь дангаараа бэлтгэдэг. Говьсүмбэр аймагт нэг банк бий, гэтэл Говьсүмбэрээс том сум байгаа. Тэнд бас л нэг байдаг. Ерөнхийдөө цаашид нэмж салбар банкуудыг байгуулах нь зөв юм л даа. Хамгийн гол нь аюулгүй байдал, дээд зэргийн хамгаалалт нь хангагдсан байх ёстой.

    -Монголд одоогийн байдлаар хичнээн донор байгаа вэ?

    -Монголд одоо бүртгэлтэй 60 мянган донор бий. Цус сайн дураараа өгч байгаа 22 мянган хүн бий.

    -Халдвар авсан донор гэр бүлтэй байсан гэсэн. Эхнэрийнх нь шинжилгээний хариу гарсан уу?

    -Мэдэхгүй ээ. Ер нь энэ халдвар авсан хүний хувийн нууцтай холбоотой асуудал. Манайх тэр халдвар авсан хүний бүртгэл болоод бүх юмыг нь устгачихсан байгаа. Анх илрэнгүүт нь л цусыг нь битүүмжлээд шалгах ёстой байгууллагад нь өгчихсөн.

    Ийнхүү цусаа өгдөг иргэдийн тоо 30 хувиар буурчээ. Та бүхэнд нэг статистик сонирхуулъя. Хамгийн сүүлийн мэдээллээр нэг сарын хугацаанд нийслэлд зам тээврийн 4375 осол гарснаас 1966 хүн гэмтэж, 71 нь нас баржээ. Харин өдөрт 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэсэн таагүй үзүүлэлт гарсан байна. Энэ бүхэнд цус сэлбэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл угаас хүрэлцээ тааруу, байнга дутмаг байдаг цусыг нийлүүлэгч буянтнууд 30 хувиар буурсан нь асуудал болон хувирлаа. Харин үүнийг “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн захирал Д. Улаанхүү хэвлэл, мэдээллийнхнийн ташаа мэдээллээс боллоо гэж бусад руу буруугаа чихээд сууж байх. Харин ч хэвлэл мэдээллийнхэн өөрсдийн үүргээ биелүүлж чадсан. Асуудал хэн нэгнийг буруутгахад бус цусны хомсдолоос ангижрах гарцыг хайхад байна гэдгийг гомдлогч нарт сануулах юун
    .

    Б. Болорсүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж