
Ханшийн дайны оршил
Сарын өмнөөс АНУ Хятадыг юанийнхаа ханшийг хүчээр бага байлгаж, улмаар олон улсын зах зээл дээр өөртөө давуутай байдал үүсгэж байна хэмээн зэмлэж эхэлсэн юм. Ийнхүү экспортоороо дэлхийд голлон өрсөлдөгч Хятадын валютад дайн зарлаж, тун удалгүй ам.долларын ханш ч унаж эхлэв. Харин одоо болохоор Хятад улс АНУ-ыг валютын ханшаа санаатайгаар унагаааж, улмаар дэлхийн хэмжээний ханшийн урвуу өрсөлдөөнд бусдыг уриалсан гол буруутан хэмээн зарлаж байгаа юм. Ийнхүү валютын ханшийн дайны буруутан хэн болох нь тодорхойгүй үлдэж байна. Гэвч хэн нь буруутан бэ гэхээсээ хэн энэ дайныг зогсоож чадах вэ гэдэг асуулт хариултгүй байгаа нь хамгийн ноцтой асуудал болж байгаа юм. Энэхүү “Ханшийн дайнд” дэлхийн хамгийн том экспортлогч Хятадаас өгсүүлээд Япон, Тайланд, БНСУ, Колумб гээд дэлхийн экспортын голлох улсууд ээлж дараалан нэрвэгдэж эхлэв. Эдпгээр улс орнууд өөрийн улсын мөнгөний ханшийг буулгах албадлагын арга хэмжээг хэдийнээ авч эхэлжээ. Зөвхөн Япон гэхэд л Төв банк нь сүүлийн дөрвөн жилийн дотор хамгийн том мөнгөний интервенци хийж нийтдээ 25 тэрбум ам.долларын хэмжээтэй бэлэн мөнгөний нийлүүлэлт цутгасан ч эдийн засгийн хямралаа зогсоож чадаагүй л байна. Гэвч Өмнөд Солонгос, Тайвань, Бразиль гээд дэлхийн эдийн засагт чамгүй нөлөөтэй орнууд Японы энэ жишээг дагахаар зэхэж байгааг харахад ханшийн дайн улам л ужиг шинжтэй болох нь харагдаж байна. Гэхдээ “ханшийн дайны “ гол стратеги болох мөнгөний ханшаа бодлогоор унагах аргаар өнөөдөр дэлхийн хамгийн том экспортлогч болж чадсан Хятадын амжилтыг тэд давтаж чадна гэхэд эргэлзээтэй байгаа ажээ.
Доллар “капут”….?
“Ханшийн дайнаас” хамгийн их хохирч байгаа орны нэг нь АНУ болж байгаа юм. Хятадын үйлдвэрлэлийн далайц болон юанийн ам.доллартай харьцах ханш бага байгаагаас тэдний өртөг багатай бүтээгдэхүүн хямд үнээрээ америкийн үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахаж байгаа нь америкчуудыг сандаргаж байгаа билээ. Иймээс АНУ Хятадыг бодлоготойгоор мөнгөний ханшаа буулгаж байна гэж зэмлэхээс гадна сөрөг арга хэмжээ авахаа ч мөн мэдэгдэж эхэлжээ. Тухайлбал АНУ-ын Конгрессийн гишүүдийн олонхийн саналаар АНУ-ын засгийн газарт гаалийн татварын шинэ бодлогыг хэрэгжүүлэх хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ төслөөр бол үндсэнийхээ валютын ханшийг албадлагаар бууруулж байгаа орнуудаас АНУ-д экспортолж буй бараанд нэмэлт татвар ногдуулах болж байгаа юм. Ингэснээр АНУ дотоодын үйлдвэрлэгчдээ гадаадын өрсөлдөгчдөөс нь хамгаалж байгаа хэрэг ажээ. Үүнээс гадна АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх 11 болон 12-р саруудад ам.долларын ханшийг сулруулах шинэ арга хэмжээг дэс дараалан авахаар болж байгаа нь ялангуяа өрнөдийн болон бусад өндөр хөгжилтэй орнуудыг тун их хямрааж байгаа гэнэ. Хэрэв “ханшийн дайны” дээрхи үндсэн стратегийг АНУ-ын зүгээс ийнхүү идэвхитэй барьж эхэлбэл Өрнөд Европын орнууд мөн л хариу арга хэмжээ авхаас өөр аргагүй болно гэж шинжээчид баталаж байгаа юм.
Эцсийн үр дүн…
Эцсийн дүндээ “ханшийн дайнаас” хэн хожих вэ гэдэг асуулт гарч байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар бол экспортоос эдийн засаг нь шууд хамааралтай Хятад, Япон болон Өмнөд Солонгос зэрэг орнуудад өөрийн үндэсний валютын ханшийг сулруулах нь магадгүй хямралаас гарах цорын ганц зам нь байсан байж болох ч энэ нь түр зуурын “өвчин намдаах” эм төдий л үйлчилгээтэй гэж Saxo Bank –ийн зах зээлийн бодлого төлөвлөгч ноён Мадс Коэфоед хэлжээ. Түүний үзэж байгаагаар бол мөнгөний ханшаа унагаах бодлого экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиг авчрах ч цаашдаа дотоодын хэрэглэгчдэд нь маш муу нөлөөтэй байх болно гэж үзэж байгаа юм. Ханш унагаах нь дотоодын нийт бүтээгдэхүүн болон дотоодын хэрэглээний үнэд маш том цохилт болдог гэж тэр баталж байгаа.юм. Улмаар их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлэгдсэнээс дотоод зах зээл дээрхи үнийн ерөнхий баримжаа хэт дээшилж, импортын барааны үнэ өсөх сөрөг үр дүн гарах болж байгаа юм. Энэ бүхэн нь цаашдаа тухайн улсын иргэдийн материаллаг баялгийн хэмжээг бууруулах болно гэж ноён Коэфоед таамаглаж байна.
Нөгөө талаар ханшийн дайнаас үүдэх хямрал дэлхийн хэмжээнийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээг хумих аюул занал байж болох талаар ч заррим шинжээчид анхааруулж байгаа юм. Ялангуяа ханшийн уналтад илүүтэй анхаарах болсноор хандивлагч орнуудаас буурай орнуудад үзүүлэх тусламжийн цар хүрээ, шуурхай байдал буурах хандлага ажиглагдаж болох ажээ. Мөн дэлхий нийтийн туслалцааг шаардаж байдаг глобал асуудлууд болох өлсөгөлөнгийн эсрэг болон хүрээлэн байгаа орчны асуудлуудыг шийдэх хүмүүнлэгийн тусламжид “ханшийн дайн” сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Тэгээд ч ханшийн дайны гол өдөөгчид болох экспортын зонхилох орнууд магадгүй явцуу сонирхлын бүс тогтоон зөвхөн тэр улсуудад л хөрөнгө оруулалтаа өгдөг байх ч нөхцөл үүсч мэдэхээр болжээ. Энэ нь манай Монгол шиг хөгжлийн хурдцаа дөнгөж авч эхэлж байгаа буурай хөгжилтэй орнуудад таатай мэдээ биш болох нь лавтай. Ханшийн дайны сүүдэр Монголд хэрхэн тусч болох вэ …(Харин яг одоо өрөө төлвөл зүгээр юм биш үү)
М.Наст