Гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалт бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалт бэлэн болжээ

Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессийн газрын дарга  Б.Заяабалтай ярилцлаа.

-Концессийн гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталсан гэсэн. Үүнд ямар ямар бүтээн байгуулалт багтсан байгаа вэ?

-Хуульд өмчөөсөө хамаараад төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хэрэгжүүлэхээр заасан. Үүний дагуу жагсаалтуудыг ТӨХ яамдуудаас санал авч, Сангийн яам болон ҮХШХ-той зөвлөлдсөний дагуу Засгийн газарт танилцуулж 121 төслийн жагсаалт батлуулаад байна.

“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр” батлагдсантай холбоотойгоор яамдын саналд өөрчлөлт орж төслийн тоо нэмэгдсэн тал бий. Төслүүдийн хувьд төрийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудад тусгагдсан томоохон төслүүд багтсан. Төслүүдийг салбаруудаар авч үзэх юм бол бидний мэдэх 100000 айлын орон сууц хэрэгжүүлэх чиглэлийн 46 төсөл, мянганы замын үргэлжлүүлэх, ашигт малтмалын тээвэрт зориулагдсан авто замын чиглэлийн 47 төсөл, Таван-толгойгоос Чойбалсан хүртэлх төмөр зам шинээр барих, өмнөх Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг шинэчлэх чиглэлийн 2 төсөл, аж үйлдвэрийн парк барих төсөл, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэглээг хангах 5 дахь эх үүсвэрийг барих, Говийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах эрчич хүчний дулааны цахилгаан станц барих гэх мэт эрчим хүчний чиглэлийн нийт 16 төсөл, боловсролын чиглэлийн гурав, эрүүл мэндийн чиглэлийн гурав, байгаль орчны чиглэлийн нэг, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн хоёр төслүүд тус тус багтсан байгаа.

-Аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төслүүдийн жагсаалт хэзээ гарах  вэ?

-Концессийн тухай хууль бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн гол хууль. Хуулийн дагуу төрийн өмчийн концессийн зүйлийн хувьд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн концессийн зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ. Сонин дээрээс Өмнөговь аймгийн хувьд хэрэгжүүлэх концессийн зүйлийн жагсаалтыг олж харсан. Хуулийн 9.5-д аймаг, нийслэлийн Засаг дарга нар концессийн зүйлийн жагсаалтаа боловсруулаад Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхээсээ өмнө тухайн асуудлыг хариуцаж байгаа яам, ҮХШХ, ТӨХ-ний санал авна гэж заасан байгаа. Одоогоор ийм санал ирээгүй байгаа учраас аймаг, нийслэлийн хэмжээнд жагсаалтаа боловсруулах шатанд явж байгаа гэж ойлгож байгаа.

-Концессийн гэрээг хэрхэн байгуу­лах вэ, сонгон шалгаруулалт зарлах уу. Компаниуд яаж оролцох боломжтой вэ?

-Уралдаант шалгаруулалт явуулсны дүнд ялсан компанитай байгуулах гэрээний төслийг Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэрээ байгуулж концесс олгох эрхийг баталгаажуулах хуультай.

-Сонгон шалгаруулалтыг хэзээнээс зарлах вэ, эхний ээлжинд аль концесс дээр уралдаант шалгаруулалт явуулах вэ?

-Хамгийн эхний ээлжинд бизнесийн шинэчлэлийн жилийн хүрээнд бизнесийг хөхүүлэн дэмжихүйц төслүүдийг хэрэгжүүлэх болно. Говийн бүсийн уул уурхайн хөгжил бол бизнесийг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ ч утгаараа говийн бүсийн замын төслүүд, хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх төслүүдийг зарлахаар бэлтгэж байна.

-Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төслүүд маш том төслүүд байна. Үүнд манай дотоодын компаниудын чадавх хүрэхгүй байвал яах вэ. Гадаадын компани энэ 121 жагсаалтад байгаа төслүүдийг гүйцэтгэх үү?

-Төмөр зам, хурдны зам, цахилгаан станц барих гэх мэт томоохон төслүүд бий. Гадаадын болон дотоодын хуулийн этгээд аль аль нь оролцох эрх нь нээлттэй. Эдгээр төслүүдийг гүйцэтгэж байсан туршлагатай үндэсний компаниуд байхгүй нь үнэн. Эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын компаниуд маань гадаадын компанитай хамтраад оролцож болно, эсхүл хамтраад тухайн төслийг хэрэгжүүлэх зорилготой шинэ компани байгуулаад оролцож болно. Түүнээс гадна үндэсний компаниудын маань гүйцэтгэж чадах орон сууцны болон авто замын төслүүд нэлээд бий. 

-Үнэхээр жинхэнэ утгаараа хөгжиж чадвал концесс маш зөв арга гэдэг. Гэхдээ ар өврийн хаалга ороод, шударга бус өрсөлөөн явах вий гэх болгоомжлол байна. Тухайлбал, хуульд Засгийн газар тендер зарлахгүйгээр өөрсдөө журам гаргаж шийдвэрлэж болно гэсэн заалт байгаа?

-Хуульд таны асуусан шиг заалт ерөөсөө байхгүй. Ер нь олон улсын байгууллагууд, үндэстэн дамнасан корпорацуудын хүлээн зөвшөөрсөн үндсэн гурван аргаар концесс олгох этгээдийг шалгаруулдаг. Үүнд, нээлттэй сонгон шалгаруулалтын арга, өрсөлдөөнт хэлцлийн арга, шууд гэрээ байгуулах арга байна. Манай хуулиар нээлттэй сонгон шалгаруулалтын арга (нэг үе шаттай, хоёр үе шаттай) болон шууд гэрээ байгуулах арга хэрэглэх нь зөвшөөрөгдсөн. Шууд гэрээ байгуулах аргыг өөрөөр хэлбэл таны асуусанчлан тендер зарлахгүйгээр өгөхдөө үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх төслийн хувьд, концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нь тухайн этгээдийн өмчлөлд байгаа нөхцөлд, тендер зарлаад санал ирээгүй нөхцөлд эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хуга­цаанд санал ирэх магадлал бага гэж үз­сэн тохиолдолд Засгийн газар, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ху­рал шйидвэрлэх эрхтэйгээр тусгасан байгаа.

-Төрийн юм гэхээр л шахааны бизнес болоод явчих вий, эрх мэдэл нөлөөлөх вий гэж болгоомжилсны үүд­нээс асууж байгаа юм л даа. Концесс олгох ажил шударга байлгахаар ямар зохицуулалт хийсэн байгаа вэ?

-Шударга байдал хангах үүднээс ч Концессийн зүйлийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад Могойн голын дулааны цахилгаан станц барих гэрээг Концессийн тухай нийцүүлэх, Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын тохиролцооны дагуу баригдах Шивээ-Овоогийн цахилгаан станц барих төслийн гэрээ, Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд хаягддаг усанд гүн цэвэршүүлэлт хийн эрчим хүчний үйлдвэрүүдийн хэрэгцээг ханган  эрчим хүч гаргах хэрэгцээнд ашиглах патентын дагуух гурван төслийг шууд гэрээ байгуулах аргаар үлдсэн 118 төслийг уралдаант шалгаруулалтын арга буюу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар хэрэгжүүлнэ. Олон улсад хамгийн шударга сонгон шалгаруулах арга бол нээлттэй уралдаант шалгаруулалтын энэ л арга, учир нь урилга олон нийтийн хэвлэлээр нэг өдөр  мэдээлэгддэг, оролцогчдын саналыг нэг өдөр, нэг цагт нээгддэг, урьдчилж уралдаант шалгаруулалтын баримт бичигт дурдсаны дагуу үнэлгээ хийгддэг гэх мэтчлэн процессууд нь журамлагдсан байгаа.

-Хөрөнгө оруулагчдад ямар батал­гаа гаргах вэ. Замын салбарт улсын төс­вийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын санхүүжилт хугацаандаа орж ирэхгүй асуудал одоо байдаг. Төрийн зүгээс үүр­гээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Кон­цессийн гэрээ байгуулаад төсөл хэрэгжүүлэхэд ийм байдал үүсэх вий гэж хувийн хэвшил болгоомжилж бай­на?

-Концессийн тухай хуулийн дагуу эдгээр эрсдлүүдийг тооцож концесс эзэмшигчтэй байгуулах гэрээнд тусгах ёстой.  Төрийн өмчийн жагсаалтын нийт төслүүдийн 60 хувь нь барих-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжих бөгөөд энэ утгаараа хэрэгжилт нь улсын төсвийн төсвөөс нэлээд хамааралтай. Тийм учраас улсын төсөвтэй уялдуулж хэрэгжүүлье, тэр ч утгаараа тухай бүр нь судлан шийдвэрлэж байя гэдгээр концессийн зүйлийн жагсаалтад тусгасан.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж