Амлалт нэхэх ард түмний холбооныхон цагдаа нарт хандан уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Амлалт нэхэх ард түмний холбооныхон цагдаа нарт хандан уриалга гаргажээ

Амлалт нэхэх ард түмний холбооныхон ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүд болон олигархи төрийг эсэргүүцэж байгаа улстөрийн хүчнүүдтэй хамтран УИХ-ыг тараах тэмцэлд нэгдэн босно гэдгээ мэдэгдээд буй билээ. Үүнтэй холбогдуулж, тус холбооныхон цагдаагийнханд хандан урилга гаргасан аж. Уриалгад “Цагдаа нар аа! эх орон ард түмнийхээ энх амгалан амар тайвны манаанд ээлж халаагүй зүтгэж байгаа ээж,  аавын эрхэм хүндэт хөвгүүд ээ! Ард түмэн чинь та нарт хандаж байна.

Цагдаа бол улс орны цог хийморь, нүүр царай, сүр сүлд нь байдаг. Цагдааг хараад сүрдэж, хүндэтгэж, эмээж байдаг иргэдийн тоо сүүлийн хэдэн жилд цөөрөн цөөрсөөр одоо та бүхнийг төрийн хувцасны цаана нуугдсан эрхтэн дархтнуудын гар хөл, бууны нохой гэж харагсад хэтэрхий олширчээ. Яагаад цагдаа ингэж нэр хүндээ алдсан гэж эгэл жирийн цагдаа Та боддог вэ? Цагдаа,  ард түмэн хоёрыг ингэтэл нь холтгосон шалтгааныг бид өнөөдрийн олигархижсан төр засаг, түүний гар хөл, холбоо сүлбээний эд эс нь болсон цагдаагийн албан тушаалтнуудтай холбож үздэг. Хөрсөн гэртээ хүлээж байгаа ангаахай үрдээ маргааш идэх талхыг нь олж өгөхөөр хүйтэнд хөрч халуунд халан зогсож байгаа эгэл жирийн төрийн албан хаагч цагдаа нар бол ард түмний л нэг хэсэг бөгөөд, бид хамтдаа энэ бусармаг төрийн буруу бодлогын золиос болж байгаа гэдгийг цагдаа болгон ухамсарлаасай гэж хүсч байна. Цагдаа бол ард түмний хүүхэд. УИХ-ын гишүүн, дарга, сайд, ерөнхийлөгч, компанийн захирлын хүүхэд цагдаа болсон гэж та нар сонссон уу?

Борог амьдралтай эгэл ард түмний хүүхдүүд л өнөөдөр эргүүл хийн гудамжаар алхаж, согтуу хөлчүү, үхсэн үрэгдсэн, алсан талсан гээд нийгмийн аль муу муухайтай зууралдан амиа, гэр бүлээ чадан ядан тэжээдэг. Эгэл борчуудын хөвгүүд л цагдаа болж дохиур барин зам дээр зогсож Улаанбаатарын утаан дээр нэмээд дутуу шатсан шатахууны хорт утаагаар амьсгалдаг. Бүдүүрч гүзээ суусан албан тушаалтан -цагдаа нар олигархуудтай хуйвалдан “төрийн албан хаагчийн цалингаар” хаусанд амьдарч, үнэтэй жийп машин унан баярхаж, цагаан захт гэмт хэрэгтнүүдийг ял зэмээс мултлан хөлжиж байна. Олигархуудын гар хөл бологч энэ л албан тушаалтан-цагдаагийн хөл дор эгэл жирийн цагдаагийн нэр хүнд, олон түмний хайр хүндэтгэл, итгэл, сэтгэл, амьдрал ахуй нь хөсөр хаягдан үрэгдэж байна.

Жагсагчдын эсрэг босгох бэлтгэл болгож цагдаа нарыг өдөржин шөнөжин залхтал нь бэлтгэл хийлгэж байгаа гэж цагдаа найз нар маань ярьж байна. Та нарыг бэлтгэл хийж хийж талбай дээр бороохойгоо бариад очиход та нарын аав ээж, эмээ өвөө, найз нөхөд, ах дүү нар чинь л өөдөөс чинь зогсож байх вий. Та бүхэн тэднийхээ өөдөөс бороохой далайж, эсвэл дахиад буу шагайх гэж үү? Цагаан захт гэмт хэрэгтнүүд та бүхэнд тушаал өгч жирийн иргэнийг буудуулаад эцэст нь та нарт л ял үүрүүлээд өөрсдөө цэвэрхэн мултарч үлдэцгээдэг. Хоёр намын амласан 2,5 сая төгрөг цагдаа Танд ч бас л хэрэгтэй. Эцсийн эцэст Таны төлөө, таны ядарсан гэр бүл, аав ээж, ах дүүгийн төлөөх тэмцэлд цагдаа нар бидний сөргөлдөгч биш хамтрагчид байна гэж чин сэтгэлээсээ найдаж байна.

Дөрөвпүгээр сарын 5-ны тэмцэл амар тайван байх эсэх нь зөвхөн цагдаа нараас шалтгаална. Хэн нэгэн этгээдийн турхиралтад автаж ахан дүүс, аав ээжийнхээ өмнөөс эсэргүүцэл үзүүлэн мөргөлдөөн үүсгэхгүй байхыг Та бүхнээс хүсч байна. Энэ л та бүхний хувьсгалт тэмцэлд нэгдэж, хувь нэмрээ оруулж байгаа хэрэг мөн шүү. Бидний тэмцэл бас Таны сайн сайхан амьдрал, шударгаар албаа гүйцэтгэх боломжийн төлөө юм шүү гэдгийг бүү умартаарай.

Та бид хамтдаа бусармаг нийгмийг өөрчилж чадна гэдэгт бүү эргэлзээрэй.

Эцэг эх, элгэн садан руугаа бороохойн нударга зангидаж, бууны ам чиглүүлэхийн оронд тэдэнтэйгээ сэтгэл зүрх, үг, үйлдэл нэг байж, төрж өссөн эх орондоо сайн сайхан амьдрах бололцоогоо хамтдаа олж авцгаая” хэмээжээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж