Бүрэгхангай суманд “Хурлын ажлын өдрүүд”-ийг өнгөрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Бүрэгхангай суманд “Хурлын ажлын өдрүүд”-ийг өнгөрүүлэв

Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс уламжлан хэвшүүлж үр дүнгээ өгч байгаа “Хурлын ажлын өдрүүд” арга хэмжээг Бүрэгхангай суманд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд сумын ИТХ-ын төлөөлөгчид, төсөвт байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан нутгийн өөрөө удирдах байгууллагуудын тухай болон аймгийн ИТХ-ын бодлого шийдвэр зохион байгуулсан ажил, хоршооны тухай, байгаль орчин хамгаалах, малын хулгайн гэмт хэрэг, архидан согтуурах, авилгатай тэмцэх тухай хууль, аймаг орон нутгийн цаг үеийн ажил зэрэг сэдвээр зургаан цагийн сургалт мэдээлэл зохион байгуулав. Эдгээр чиглэлээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнууд, аймгийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс мөн холбогдох агентлагийн мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлж оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн сумын төвийн иргэдийн уулзалт, цуглаан, багийн иргэдийн нийтийн хурлуудад оролцон олон нийтийн  санал бодлыг сонсч хүлээн авав. Хурлын өдрүүдээр урлаг спортын уралдаан тэмцээн тоглолт үдшийн цэнгүүн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид хөдөө нутгйинхныг хөгжөөн цэнгүүлэв.

Хурлын өдрүүдийг иргэд, нэн ялангуяа хөдөөгийн малчид талархан хүлээн авч шинэ мэдээ мэдээлэл өгсөнд баярласнаа илэрхийлэхийн зэрэгцээ санал бодлоо хэлцгээжээ. Гуравдугаар багийн малчин Д.Наянчулуун малын гаралтай түүхий эд, хүнсний зүйлийг ченжээр дамжуулалгүй борлуулдаг тогтолцоо бий болгомоор байна гэсэн бол Ж.Бадам, П.Цогоо нар сайн чанарын хээлтүүлэгч бэлтгэх, үржлийн малыг маллаж хамгаалах хүнийг зөв олж өгөх хэрэгтэй гээд орон нутагт ирсэн эрлийз хуц ор сураггүй болсныг сумын удирдлагууддаа анхаарууллаа. Тус суманд гаднын аймгаас их хэмжээний малтай айл өрх орж ирж байгааг иргэд ихээхэн шүүмжлэн ярьдгаа энэ удаа ч мөн л хэллээ. Багийн иргэдийн хурлаар орон нутагтаа гаднын айл өрхийн мал оруулахгүй байхаар тогтсоныг сумын ИТХ дэмжиж шийдвэр гаргасан боловч хэрэгжихгүй “даварсаар даварсаар давгын оронд” гэгчээр  нутгийн малчдын өвөлжөө хаваржааны дэргэд  хашаа хороо барьж бэлчээр талхалсаар байгаад дорвитой арга хэмжээ авахыг аймаг, сумдын удирдлагууддаа санал болгосон байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж