“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгох 120 мянган төгрөгийг тараах ажил одоо ч үргэлжилсээр байгаа. Энэ мөнгө манай улсын иргэдийн амьжиргааны түвшин ямар байгааг нийтэд ёстой л нэвт шувт үзүүлсэн гэхэд болно. Далан мянган төгрөг авах гэж дугаарлах нь дүүрч гэж бодъё. Гэтэл шат дараалан таван сарын турш олгох 10 мянган төгрөгийг авахын тулд л иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр хонон, өнжин дугаарласан нь Монгол Улсын иргэдэд 10 мянган төгрөг хэчнээн чухал болохыг харуулсан юм. “Хүний хөгжил сан”-гаас нийт 2.5 сая хүнд 189.1 тэрбум төгрөгийг өнгөрсөн сарын байдлаар олгоод байсан юм. Энэ тоо одоо нэмэгдсэн нь лавтай. Харин төрийн түшээд баруун, солгойгүй бэлэн мөнгө цацаж, инфляцийг хөөрөгдлөө гэх шүүмжлэлийг дотоодын төдийгүй олон улсын байгууллагынхнаас сонссоны эцэст амласан мөнгөө яасхийгээд өгчих вэ гэдэг дээр аргаа барж байгаа. Учир нь сонгууль ч дөхөж байна. Бас хэн нэгэн амлалт нэхэгч тэднийг зовоож мэднэ.
Статистикийн тоо баримт дунд нэгэн таатай мэдээлэл байна. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл энэ сарын эхний есөн сарын байдлаар нэг их наяд 341.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн юм. Уг тоо тухайн сард үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 175.2 тэрбум төгрөгөөр буюу 15 хувиар нэмэгдсэнийг харуулж байгаа. Манай улсын экспортын голлох бараа нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний өсөлтөд ч уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж буй нь нөлөөлсөн аж. Уул уурхайн баялгийг ашиглах, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр манай улсад мөнгөний нийлүүлэлт, валютын урсгал нэмэгдэж байгаа билээ. Монголбанкны мэдээгээр өнгөрсөн сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт гурван их наяд 851.7 тэрбум төгрөг болсон байсан. Энэ нь наймдугаар сарын эцсийнхтэй харьцуулахад 197.3 тэрбум төгрөгөөр буюу 5.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин өнгөрсөн оныхоос нэг их наяд 198.3 тэрбум төгрөг буюу 45.2 хувиар өсчээ. Статистикийн мэдээллийн гол ач холбогдол нь түүнтэй уялдсан бодлогыг тодорхойлох явдал хэмээдэг. Тиймээс төрийн түшээд Хөгжлийн банк байгуулах шийдвэрийг гаргахдаа энэ мэдээллийг голчилсон бололтой. Тэд томоохон аж үйлдвэрийн төслүүдийг Монголын банкууд дэмжиж чадахгүй байна гээд байгаа.
Улаанбаатар хотын хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ статистик мэдээлэл дээр бол буураад л байгаа. Харин амьдрал дээр үнэ буурах биш бага багаар нэмэгдсээр байгаа хэмээн хүн бүр ярьж байна. Энэ сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Энэ нь хүнсний бүтээгдэхүүн төдийгүй бусад өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Яг л эдийн засагчид төдийгүй хүн бүрийн таамаглаж байсан шиг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзвэл, энэ сарын 20-ны байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын мөн үеийнхээс 5.2 хувиар буурсан байна. Харин өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байгаа аж. Энэ сарын 20-ны байдлаар үхрийн цул махны үнэ дунджаар 4163 төгрөг, хонины мах 3095-3389 төгрөг, адууны мах 2540, ямааны мах 2480 төгрөг байсан байна. Эдгээр үнэ нь өмнөх сарынхаас 5-7 хувиар хямдарсан үнэ. Харин үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсч 3600 төгрөг болсон хэмээх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өгчээ. Гурилын үнэ нэг л өглөө нэмэгдсэн байдагтай хүн бүр эвлэрч байх шиг байна. Гурил үйлдвэрлэгчдээс үнээ яагаад өсгөв гэж асуухаар “Энэ бол зах зээлийн зарчим” гэх хариултыг өгдөг болоод байгаа юм. Энэ сарын 20-ны байдлаар “Алтан тариа” ХК-ийн гурилын үнэ 0.9-9.4 хувиар өссөн. Бусад компанийн гурилын үнэд төдийлөн өөрчлөлт ороогүйг үзвэл зах зээлийн зарчим тус компанид л үйлчилдэг бололтой. Нийслэлийнхэн өнгөрсөн сарыг дуустал хямд үнэтэй хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс авч байсан. Харин одоо бол иргэд хүнсний захуудаас төмсийг 800-1000 төгрөгөөр, лууванг 700-1000 төгрөгөөр худалдан авч байгаа. Харин үүнийг статистикчид 10-18 хувиар буурсан үнэ хэмээн онцолсон байна билээ.
Т.УРАНГЭРЭЛ
"Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин