
Утаагүй түлш зарах ёстой байсан хүнсний дэлгүүр нүүрс зарж байлаа. Тус дэлгүүрийн худалдагч Г.Мөнхтөрөөс энэ талаар тодруулахад “Манайхаар заруулах л юм ярьж байсан. Одоо болтол ирээгүй байна. Хүмүүс нүүрс асуугаад байхаар нүүрсээ зарахгүй өөр яах вэ дээ. Тэгээд ч хүний юу түлэх нь тийм чухал юм уу. Зарим хүний ярьж байгаагаар тэр түлш чинь сайн халдаггүй л гэсэн. Одоо муу халж байгаа бол дүн өвлөөр ямар байх нь ойлгомжтой юм биш үү. Ерөөсөө хэдэн дарга нарын бизнес л биз. Өөр юу байхав дээ” гэв.
Харин Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Ч.Лхамаа “Манайх заримдаа хэрэглэдэг л юм. Энэ хавьд утаагүй түлш зарж байгаа газар бараг байхгүй. Тэгээд ч тэр түлш чинь мод их хэрэглүүлдэг, их үйрдэг юм билээ. Гэхдээ түлэх ёстой бол түлдэг л байх даа. Манайх жижиг гэртэй болохоор түлж болж байгаа. Харин байшинд амьдардаг иргэдэд тохирохгүй юм шиг санагдсан” гэлээ.
Тус хорооны нэгэн иргэнээр заалгаж гудамж сүлжсээр боловсруулсан түлш зарж буй цэгт очиход худалдагч нь “Хэдхэн уутыг авсан. Зараад дууссан” хэмээн ярьж байв. Гэхдээ энэ дэлгүүрт боловсруулсан түлш зарж байгааг мэдэх хүн цөөхөн байлаа. Дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдээс энэ түлшийг хэрэглэж үзсэн эсэхийг нь асуухад үгүй хэмээн хариулах нь олон байлаа. Түүнээс гадна тус дэлгүүрийн гадна хананд “Боловсруулсан түлш зарах цэг” хэмээх бичигтэй хуурч унах шахсан хулдаасан хэвлэл тохсон байсан нь хэрэглэгчийг татах биш түлхэж мэдэх юм.
Дээрхи асуудлаар нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтэн Ш.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд нүүрс түлж байна. Захирамж амьдарлд хэрэгжихгүй байгаа нь ямар учиртай вэ?
-Энэ бол тухайн иргэдийн ойлголттой холбоотой байж болох юм. Бас нэг их хүйтрээгүй болохоор борлуулалт сайнгүй байна. Тийм болохоор одоохондоо зохих шаардлагаа тавиад л ажиллаж байгаа. Ерөнхийдөө нийлүүлэлт эхэлсэн. Хаана, хаана зарж байгаа тухай хаягжуулалтыг хийж байна.
-Хороодын хувьд иргэдээс хогны мөнгийг нь ч гүйцэд авч чаддаггүй юм чинь утаагүй түлш хэрэглэхийг шахаж чадахгүй юм биш үү. Яагаад хороогоор дамжуулж энэ ажлаа хийж байгаа юм бэ?
-Хороо бол иргэдэд үйлчилдэг анхдагч нэгж. Бас хороод л иргэдэд тулж ажиллана шүү дээ. Бид бас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтраад түүхий нүүрс түлүүлэхгүй байх зорилготой шалгалт хийж байна. Энэ шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дор, дор нь арилгуулах юм.
Харин Агаарын чанарын албаны дарга Н.Батсайханаас утсаар зарим зүйлийг тодруулах гэсэн боловч харьяа хороод нь хариуцан ажиллаж байгаа гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй. Мөн тус газар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран түүхий нүүрс түлүүлэхгүй байх зорилготой хяналт шалгалт хийж байгаа гэсэн боловч хотын төвд хамгийн ойр есдүгээр хорооны хувьд үр дүн харагдсангүй. Ямар ч байсан боловсруулсан түлш нийлүүлэх 12 компани өнөөдрийн байдлаар ажлаа хийж эхлээгүй бололтой. Тиймээс тэднийг түлшээ нийлүүлж эхэлтэл иргэд нүүрсээ түлэх нь ойлгомжтой байгаа юм. Ийнхүү нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын гаргасан захирамж өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин