

Нээлтийн ёслолыг нээж “Монгол тээвэр нэгдэл” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Түмэндэлгэр хэлэхдээ “Тус корпорацийн эрхэм зорилго бол МУ-ын хууль дүрмийг мөрдөн хил орчмын болон уул уурхайн тээвэрлэлтийн тодорхой хувийг найдвартай хийж ОУ-ын стандарт шаардлагыг хангасан дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц корпорацийг бий болгоход оршино.
Мөн үүний хамт тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудал дээр онцгой анхаарч, тэдний эрх ашигийг хамгаалан хүчийг нэгтгэж , ажилгүйдэл ядуурлыг бууруулан, ажлын байруудыг олноор нь шинээр бий болгон парк шинэчлэлтийг өөрсдийн хүч хөрөнгөөр дорвитой хийж 1000-2000 хүртэл хүнд даацын техникээр 10-20 сая тн ачаа тээвэрлэлт хийх чадвартай, авто тээврийн зах зээл дээр өөрийн байр суурийг бодитойгоор бэхжүүлэн, тээвэрчдийг ажлын байраар баталгаатай ханган ажиллах үндсэн зорилтуудыг тавьж байгаа юм.
Тээврийн байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгаа өнөө үед тээврийн компаниуд нэгдэн, зохион байгуулалтын оновчтой хэлбэрт шилжиж , бодлого зорилт, хүч хөрөнгөө нэгтгэх шаардлага амьдралаас урган гарч байгаа юм” гэв.
Дашрамд дурдахад 1990 оноос Монгол улс зах зээлийн системд шилжиж, 1991 оноос авто тээвэрт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах ажлыг эхэлсэнээр одоо улсын хэмжээний авто тээврийн хэрэгслэлийн 90 гаруй хувь нь хувийн хэвшилд хүрсэн билээ. Өнөөдөр авто тээврийн салбарт хувийн авто машин бүхий иргэд, болон бусад хувийн том тээврийн аж ахуйн нэгжүүд түлхүү ажиллаж байна.
Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос явуулсан тээврийн зах зээлийн эрэлт хэрэгцээний маркетингийн судалгаанаас үзэхэд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээний хэрэгцээ хил орчмын худалдаа, уул уурхай, төслийн тээвэрлэлт, зам, барилгын салбарт тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ их байгаа боловч тээврийн нэгдсэн бодлого, тээврийн ложистикийн менежмент огт байхгүй байгаа нь өнөөдрийн тулгамдсан асуудал юм.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед гадаад дотоодын хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарын тээвэрлэлтэнд оролцох сонирхол улам идэвхиж, хил орчмын болон олон улсын тээвэрлэлтэд гадаадын хөрөнгө оруулалттай хүнд даацын автомашины хэт төвлөрөл үүсч, зам хөрсний эвдрэл үүсгэн, бэлчээр сүйтгэн олон салаа зам гаргах нь ихсэж байгаагаас гадна эдгээр автомашинд давамгайлан газар орны онцлогыг мэдэхгүй, шороон замаар хүнд даацын машин барих туршлага багатай гадаадын жолооч нар ажиллаж МУ-ын нутгийн гүн рүү 50-250 км хүртэл нэвтрэн орж тээвэрлэлт хийн,зарим үед хүний амь эрсдүүлсэн осол аваарь хийж манай улсын хууль дүрмийг илт зөрчиж байгаа талаар орон нутгийн удирдлага, ард иргэд, тээвэрчид, хэвлэл мэдээллээр мэдээлсээр байгаа билээ.
“Монгол тээвэр нэгдэл” корпорацийн нээлтийн ёслолод оролцсон Зам тээвэр, Барилга хот байгууллалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Сүүлийн үед уул уурхайн олон ордууд тухайлбал Оюу толгой, Таван толгой, Олон –Овоот, гэх зэрэг олон ордуудын ашиглалтын төслүүд хэрэгжиж эхлэх шатандаа орж байгаа нь нааштай эерэг хандлагууд боловч тэр болгон шаардлагатай үр дүнд хүргэхгүй харин гадны компаниудаар тээврийн ложистикоо хийлгэж гадны тээврийн компаниудаар тээвэрээ хийлгэх хандлага ажиглагдах боллоо.
Иймд МУ-ын ачаа тээвэр, авто тээвэр, тээвэр зуучийн салбарт 5-50 жил ажиллаж мэргэшсэн үндэсний тээврийн компаниуд зохион байгуулалтын нэгдсэн хэлбэрт шилжиж, бодлого зорилтоо, хүч хөрөнгөө нэгтгэн, “Монгол Тээвэр Нэгдэл” үндэсний корпораци байгуулан ложистик системийн менежмент бүхий “ Тээврийн ухаалаг тогтолцоо” төслийг боловсруулан, МУ-ын ачаа тээвэрлэлтийн ухаалаг тогтолцоо бүрэлдүүлэн тогтоож , улс орны хөгжилд тус дэм болох нийгэм эдийн засгийн ач холбогдолтой зорилт дэвшүүлж байгаад бахяр хүргэе” гэлээ.
“Монгол Тээвэр Нэгдэл” үндэсний корпорацийн үүсгэн байгуулагч компаниуд 2010 оны 10-11 саруудад 200 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсний дагуу эхний 80 тээврийн хэрэгсэл орж ирж дахин 80 ажлын байр шинээр бий болгожээ. Ихэнхи уул уурхайн төслүүд хэрэгжиж байгаа Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Ховд аймгуудад тус корпорациас авто хотхон, авто засварын газрууд байгуулж, парк шинэчлэл хийж, ажлын байруудыг нэмж байна.
“Монгол Тээвэр Нэгдэл” корпораци нь Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Тээвэр зуучийн холбоодтой хамтран 2011 онд ложистикийн менежмент бүхий “Тээврийн ухаалаг тогтолцоо” төслийг боловсруулан төслийг хэрэгжүүлсэнээр 1000 хүртэл тээврийн хэрэгслээр паркийн шинэчлэлийг өөрсдийн хүчээр хийх зорилт дэвшүүлж Монголын тээвэрчид, тээврийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа.
“Монгол тээвэр нэгдэл” корпорацийн нээлтийн ёслолд оролцсон цоо шинэ хүнд даацын 20 гаруй машин шууд алсын тээвэрт гарахаар Оюу толгой, Тавантолгойн зүг хүлгийн жолоо заллаа.