
NBA-ын хамгийн алдартай, шилдэг дасгалжуулагчдын нэг Фил Жэксон дасгалжуулагчийн хувиар 11 дэх, харин “Лейкерс”-ийн хамт тав дахь аваргын бөгжөө авсан бол түүний арааv багийн хууччуул болох Коби Брайнт, Дерек Фишер нар тайзны голд ирж, NBA-ын коммиссар Дэвид Стернээс тав дахь аваргын бөгжөө гардан авчээ. Ингэснээр Брайнт, Фишер нар “ЛА Лейкерс”-ийн түүхэнд мөнхөрсөн шилдэг тоглогчид болох Карим Абдул-Жаббар болон “Шидэт” Жонсон нартай эн зэрэгцэх болов.
Энэ үеэр Коби Брайнт цэнгэлдэх дүүрэн цугласан хөгжөөн дэмжигчдэдээ хандан “Та наргүйгээр бид энэ амжилтад хүрэхгүй байсан. Гэхдээ багийн спортын хувьд тухайн багийн эзнээс их зүйл шалтгаалдаг. Тиймээс үүнийг эрхэм Жерри Басст зориулъя” гэжээ.
Аваргын бөгжний үнийн талаар тунхаглаад байдаггүй ч бөгжний загвар хийц, бүтээх явцыг нь авч үзвэл үнэхээр ховор эд болох нь ойлгомжтой. Чухам юугаараа онцлог, ховор байдгийн учир нь аваргын төлөөх финалын цуврал долоо дахь тоглолтын бөмбөгний арьсыг аваргын бөгжинд ашигласан бөгөөд NBA-д нийт 16 удаа түрүүлсэн “Нуурынхан”-ы амжилтыг хүндэтгэн 16 ширхэг цагаан алмазыг бөгжинд шигтгэжээ.
Аваргын бөгж гардуулах ёслолд Абдул-Жаббар оролцсон бөгөөд түүний авч байсан үеийн аваргын бөгжийг өнөө цагийнхтай харьцуулбал хэмжээ болоод үнийн хувьд жижигдэнэ гэдгийг онцолсон байна.
Ламар Одом аваргын бөгжөө гардан авсны дараа цэнгэлдэхийг дүүргэсэн үзэгчид бүгд Рон Артестийг чиглэжээ. Учир нь тэрбээр анхны аваргын бөгжөө зул сарын баяраар дуудлагаар худалдана хэмээн мэдэгдэж, олныг алмайруулаад байгаа юм. Зул сарын баяраар “ЛА Лейкерс” орчин цагийн их гурвалыг бүрдүүлсэн “Майами Хит”-ийг талбайдаа хүлээн авч, тоглох учиртай. Харин аваргын бөгжөө худалдаж, олсон мөнгийг Артест ахлах сургуулийн сурагчдын эрүүл мэндийн төлөө хандивлах гэнэ.
Бөгж гардуулах ёслолын дараа өнгөрсөн хоёр улирлын аварга “ЛА Лейкерс” талбайдаа “Хьюстон Рокетс”-ийг хүлээн авч тоглосон бөгөөд 112:110 харьцаатай хожсоноор улирлын анхны хожлоо авсан байна.
Ш.Тэргэл