Тусгай сангийн тухай төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Тусгай сангийн тухай төслийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуулийн төсөлд тусгаснаар 12 нэр төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хохирогчид төрөөс 2.5-3 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор заажээ.  Гэхдээ энэхүү хуульд зааснаар гэмт этгээд нь хохирогчид нөхөн төлбөр өгөх боломжгүй нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд үйлчлэх аж.

Харин сангийн хөрөнгийн нийт хэмжээ 1.5 тэрбум төгрөг байна, эх үүсвэрийг нь улсын төсөв, захиргааны зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн төлбөр, шүүхийн торгуулиас тус бүр бүрдүүлнэ гэж тооцоолжээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд сангийн эх үүсвэрийг ийм замаар бүрдүүлж, гэмт хэрэгтнүүдийн өмнөөс төр нөхөн төлбөр хийгээд байх нь учир дутагдалтай. Гэмт этгээдүүдээр өөрсдөөр нь хөдөлмөр эрхлүүлж, нөхөн төлбөрийг барагдуулдаг  байх ёстой гэв.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбараар бол онц хүнд гэмт хэрэг хийсэн этгээдүүдээр хөдөлмөр хийлгэнэ гэдэг маш хүнд аж. Оргож бусгахаас эхлээд сөрөг үр дагавар гарах магадлалтай. Ядаж л тэднийг хорих ангиас ажил руу нь хүргэхэд харгалзагч олноороо шаардана, мөн ажилд нь хүргэх, буцааж авч явах зэрэгт зардал ихээр шаардах аж. Одоогоор ял нь арай хөнгөнд тооцогдох гэмт этгээдүүдээр замын ажил хийлгэхээр судалгаа хийж байгаа” гэсэн тайлбар хэллээ.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “12 нэр төрлийн гэмт хэрэг гэж заах нь эцсийн дүндээ Үндсэн хуулийн цэц дээр очоод унах вий. Иргэн бүр шүүхийн өмнө эрх тэгш эрх эдэлнэ гэж заасан. Тийм учраас хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг онцгой анхаарах шаардлагатай” гэлээ.
Хуралдааны төгсгөлд гишүүдээс эл хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа эсэхээр санал хураалгахад 12 гишүүнээс ес нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, тогтсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж