Н.Алтанхуяг андуурч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг андуурч байна

Нэг хэсэг нам гүм байсан АН-ын гишүүд сүүлийн үед хоорондоо толхилцож эхэл­лээ. Гэхдээ ил биш. Наанаа инээчихээд ханцуй дотроо намын удирдлага руугаа салаавч өгч байна. МАХН бод­логоо шинэчлэх тухай янз бү­рийн ажлыг нийгэмд өрнүүлсэн нь ташуур өгсөн байж магад­гүй. Нэгэнт баруун, зүүний үзэл бодлын эрс зөрүүтэй намууд хам­тарсан засаг байгуулсан нь үнэн. Ийм нөхцөлд МАХН илт ганцаарчилсан тоглолт хий­гээд байхад хэний ч дургүй хүрэх нь мэдээж. Ялангуяа АН-ын жирийн гишүүдээс  ийм бухимдал гар­сан  нь жам ёсны асуудал. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээс үл хамаарч эрх баригч хоёр нам хамтарч засгийн эрх барихаар бол­сон  нь арга­гүй алхам юм шиг харагдаж байв.

Харин өнөөдөр эргээд хара­хад АН-ын зүгээс бойкот хийж бол­зошгүй байсан бүхэн ах намын талд бараг шийдэгджээ. МАХН-ын аппаратын, цаашилбал энэ гар­цыг тооцоолсон  С.Баярын бо­дож бай­­сан бүхэн бүтлээ. Харин АН-ын хувьд дор­витой хариулт алга. Тус на­мын дарга Н.Алтанхуягийн хувьд энэ тодорхойлолт бүр ч хамаатай юм.

Хамгийн сүүлд парламентын 20 жилийн ойн баярын хурал дээр Ерөнхийлөгч ч энэ  талаар байр сууриа илэрхийлсэн. Ард түмний амьдрал сайнгүй байгааг, УИХ-ын гишүүд ажиллахгүй буйг, ав­лига газар авсныг тэр хэлсэн. АН-ын удирдлагууд руу үг дайсан Ерөнхийлөгчийг юун илүү дутуу юманд хошуу дүрдэг юм гэж хэн ч  бодоогүй. Тэр тусмаа УИХ-д суу­гаа АН-ын гишүүдийн хувьд  за­гат­насан газар нь маажих шиг л болсон. Сонгогдсон тойргоосоо өөр ярих зүйлгүй болсон тэдэнд Ерөн­хийлөгчийн хатуухан зэмлэл Н.Ал­танхуягийн хэлэх үг, хийх ёстой ажлыг сэрхийтэл бодогдуулах шиг бол­сон. Нээрээ, манай нам байгаа юмуу гэж ардчилагчид маань нэ­гийг бодсон нь сүүлийн үед илт мэдрэгдэж байна. Сөрөг хү­чин­гүй ийм парламент, түүний Зас­гийн газарт хаалт болж байгаа гол буруу нь АН-д байгаа. Ардчилсан хүчний хол­бооны ерөн­хийлөгч З.Энхболд болон С.Эр­дэ­нэ нар зунжин үүнийг сануулсан. Хэрэв Н.Алтанхуягийг өөрчлөх тухай яриа биеллээ олсон то­хиолдолд дараагийн даргын ма­­ра­фонд УИХ-ын гишүүн Л.Ган­­тө­мөрийн нэр бас яригдаж бай­гаа. Гэхдээ З.Энхболд хамгийн тү­рүүнд Н.Алтанхуягийг өөрчлөх кам­панийг удахгүй эхлүүлэхээ мэдэгд­лээ. Өнгөрсөн хугацаанд  түүний бу­химдаж, уурлаж, хэрэлдэж байсан энэ бүх асуудалд цэг тавих нэг л найд­вар бий. Тэр нь ирэх сарын 19-нд болох тус намын ҮЗХ-ны хурал. Тэр үеэр АН-ын даргыг өөрч­лөх асуудлыг тавихаа З.Энх­­болд гишүүн шулуухан хэ­лэв. Энэ асуудлыг гаргаж та­виад зог­сохгүй өөрөө намын дар­гад нэрээ дэвшүүлж, улмаар хам­тар­сан Засгийн газрыг унагахаа ч зарлалаа. Хамтарсан Зас­гийн газрыг байгуулах үеэс л Үнд­­сэн хууль зөрчсөн үйлдэл гэж  эсэргүүцэж байсан түүний эл шийд­­вэр өдгөө нууц биш болжээ. Угаасаа тус намын дүрэмд ч ҮЗХ-ны хурлаар намын даргыг өөрчлөх эсэ­хийг хэлэлцэж болохгүй гэж заагаагүй нь түүнд боломж авч­ра­хыг үгүйсгэхгүй юм. Тийм бодолтой гишүүн ч АН-д нэ­гээр тогтохгүй гарч ирнэ. Угаа­саа З.Энхболд, Л.Гантөмөр гээд дараагийн дарга хэн байх нь бус, харин Н.Алтанхуягийг энэ удаа намын даргаас унагах нь АН-ын­ханд чухал. Ард­чилсан хүчний холбооныхон энэ удаагийн ҮЗХ-ны хуралд өнгөрсөн  хуга­цаанд чамбай бэлдсэн. АН-ын удирдлагууд бүсийн ху­рал хийж явахтай зэрэгцээд л АХХ-ныхон хөдөөгүүр хангалттай давхисан.Тиймээс гишүүдийн дэмжлэг хаа­шаа эргэхийг урьдчилан тооц­сон учраас Н.Алтанхуягийг хүч­тэй  шүүмжилж байгаа тэдний хувьд ҮЗХ-нд ихээхэн найдлага тавьж байгаа. Харин Н.Ал­танхуягийн хувьд ҮЗХ-ны хурлаар тийм ч сүр­тэй зүйл хэлэлцэхгүй гэ­сэн мэдээллийг ойрын үед хүчтэй тарааж байна. 2011 онд Засгийн газ­раас хэрэгжүүлэх ажилд АН-ын зүгээс ямар байр суурьтай орол­цох вэ гэдэгт гишүүдээсээ санал авах нь энэ удаагийн ҮЗХ-ноос га­рах гол шийдвэр байх болно гэж тэр ярьж байгаа. Үүнд нь ч тус намын гишүүд ихээхэн бухимдаж байна. Харамсалтай нь Н.Ал­танхуяг дарга андуурч. Харин тэнд жинхэнэ гал авалцах болно. Хамтарсан Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. Гэтэл юм ойлгохгүй хүний дүрд хувирч тэс өөр юм яриад байгаа нь гайхалтай. Дутуу ха­гас санаачилсан  “Ардчиллын өр­гөө”-ны барилгын ажил одоо ч эх­лээгүй байгааг сүрхий том ажил гэж тодорхойлов. Дээрээс нь шү­лэг, дууны уралдаан зарлаж, намын үүрүүдээсээ шилдгийг нь шал­гаруулах зэрэг социалист маягийн аянаар 20 жилийн ойгоо уг­тахаа илэрхийлсэн. Хамгийн гол нь Английн Консерватив намын ху­ралд оролцоод ийм санаа олсон гэ­сэн нь олон хүний инээдийг хүргэсэн юм. Тийм болохоор ҮЗХ-ны хурлаар зөвхөн ардчиллыг батал­гаажуулах, ард түмний амьд­ралыг дээшлүүлэх сэдвийн дор л ярилцана гэж тэр тооцож байна. Харин намын удирдлагыг өөрчлөх, до­тоод ардчилал төдийлөн яриг­дахгүй, яригдсан ч үүнтэй хол­боо­той шийдвэр гарахгүй аж. Яагаад гэхээр консервативууд нэг л сэдвийг барьж ярилцдаг, ийш тий­шээ үсчдэггүй гэнэ. Үүнийг заавал дагах ёстой гэж Н.Алтанхуяг үзэж байна. Тэгээд ч намын даргыг өөрч­лөх асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэ­лэлц­дэггүй гэж З.Энхболдынхоос тэс өөр тайлбар хийж эхэллээ. 2004 оны сонгуулийн дараа АН,МАХН- тай хамт засаг бариад эцэст нь хөөгдөөд гарсан жишиг энэ удаа давтагдахгүй гэж тэр бүрэн итгэж байгаа аж. Яагаад гэвэл МАХН барууны үзлийг далдуур хүлээн зөв­шөөөрч эхэлсэн нь түүний гол найдвар. Тэгээд ч нам намаараа талцах нь оновчтой хувилбар биш. Харин дундаж ор­ло­готой иргэдээ өөд татаж, сон­гуулийн амлалтаа халамж хэл­бэрээр сонгогчдод хүргэх  нь тус намын хувьд том ажил бололтой. Сүү­лийн үед тэр ийм л юм ярьдаг болжээ. Хаана ч очсон Шадар сай­дын ажлаа тоть мэт давтаж яваа нь намын гишүүдэд нь таалаг­дах­гүй байна. Засаг барьж байгаа улс төрийн нөгөө хүчнийг нь  тол­гойлж буй МАХН-ын дарга С.Батболд гэхэд л  намын ажлаа ямар ч тохиолдолд хийж байна. Энэ то­хиолдолд З.Энхболд нарын нам­даа санаа тавьж ундууцах нь ч аргагүй юм даа.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж