Д.Сүрэнхорыг тоглоомонд ашиглахаар эртнээс тооцоолсон бололтой

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорыг тоглоомонд ашиглахаар эртнээс тооцоолсон бололтой

Нэхэн санахад: 2009 оны 4 сарын
23-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байхад нэр
дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн төв комиссын ажилтан Я.Төмөрбаатар гэгч
хэвлэлийн бага хурал дээр "Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн. Тун удахгүй
түүнийг дэлгэх болно. Тэр ялдгиймаа гэхэд энэ сонгууль хүчингүй болно
шүү" гэж мэдэгджээ. Тэр үед бүгд түүнийг “сонгуулийн халууралдаа
хэтэрхий эрт орчихлоо” гэж бодоод л өнгөрсөн. Гэвч түүний заналхийлэл
өнөөдрийн үйлдлийн бэлтгэл байсан нь улам бүр тодорхой болж байна.

Ялагдагчийн гоморхол, Д.Сүрэнхорын “нутаг буцалт” давхцахын учир

Саяхан Н.Энхбаяр намынхаа дарга С.Баярыг онилж байгаад хагас жилийн
бухимдал, жөтөөрхлөө нэгмөсөн цацаж дотроо уужруулсан билээ. Түүний
хэлсэн үгэнд хэд хэдэн анхаарал татахаар, бас элэг хөшихөөр зүйлс
байсан. Н.Энхбаяр өөрийн хяналтанд байдаг сонинд өгсөн ярилцлагадаа
“Хууль зөрчсөн элдвийн зөрчлийг илрүүлж, яг шударгаар саналын хуудсыг
тоолбол ард түмэн маань надад итгэл үзүүлж, дахин Төрийн тэргүүнээр
сонгосон… Бүр товчхон хэлбэл би улсын хэмжээнд ялаад Улаанбаатарын
зургаан дүүрэгт  луйвардуулаад дууссан. Сонгуулийн луйвар булхайн тухай
бид өмнө нь ч их ярьсан. 7 дугаар сарын 1-ний үйл явдал ч сонгуулийн
луйвартай холбоотойгоор өрнөсөн шүү дээ… Ерөнхийлөгчийн сонгуулийн
луйврыг 2008 оны УИХ-ын сонгуулийн зарим тойрогт туршиж үзчихээд, тэр ов
мэхээ давтан хийсэн ч гэж хэлж болно. “СЕХ-ны танилцуулсан дүнг
хүндэтгэж байна” гэж би хэлсэн. СЕХ маань яаж ажилладаг байгууллага
билээ гэдгийг та бид сайн мэднэ” гэж хэлжээ.

Энэ бол маш ноцтой мэдэгдэл. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга,
Ерөнхийлөгч байсан хүн өнгөрсөн хойно нь ийм зүйл ярьж байгаа нь бүр
хариуцлагагүй хэрэг. Түүний үгнээс хэд хэдэн логик дүгнэлт гарч байна.
МАХН удаа дараа, тэр дундаа 2008 онд сонгуулийн луйврыг СЕХ-той хамсан
хийсэн юм байна. Үүнийг нь Н.Энхбаяр сайн мэдэж байна. 1990 оноос хойш
СЕХ-ны даргыг МАХН ээлжгүйгээр томилж ирсэн болохоор будилуулсан асуудал
өөртэй нь холбоотой болох нь дамжиггүй. Тэгэхээр 2009 оны сонгуулийг
СЕХ бас будилуулсныг Н.Энхбаяр мэдсэн хирнээ “СЕХ-ны танилцуулсан дүнг
хүндэтгэж байна” гэж хэлсэн болж таарч байна.

Зүй нь тэр өөрийгөө дүрсэлж байгаа шигээ шударга ариун хүн байсан юм бол
сонгуулийн луйвар удаа дараа нүдэн дээр нь хийгдэж байхад гэмт хэргийг
нуун дарагдуулдсан болж таарч байна. Гэмт хэргийг цаг тухайд нь
илчлээгүй, мэдсээр байж нуун дарагдуулсан бол гэмт хэргийн хамсаатан гэж
үздэг номтой.

Н.Энхбаяр “Д.Сүрэнхорын захидал” гэж зүйлийн тухай дурдмагц илбийн юм
шиг Австриас өнөөх нь буцаад ирж байгаа нь анхаарал татахгүй байх
аргагүй. Н.Энхбаяр “дахин хэлье. “Suisse Credit” гэдэг банк энэ дэлхийд
байхгүй. Харин “Credit Suisse” гэдэг  банк бий. Дэлхийд алдартай банкны
хоёр үгнээс бүтдэг оноосон нэрийг урд хойно нь оруулан сольж, ард
түмнийг хуурсан. Жишээ нь “Талх чихэр” компанийг “Чихэр талх” гэж
болохгүй биз дээ? Төстэй сонсогдоно, төөрөгдүүлнэ” гэсэн нь сонгуулийн
дүнг үгүйсгэхээр эртнээс бэлдсэн мэхнийхээ технологи, мөн чанарыг
тайлбарлаад байгаа мэт сэтгэгдэл төрлөө.

Нэхэн санахад: Сонгуулийн санал хураалт эхлэхээс гурав дөрөв хоногийн
өмнө интернет сайтуудаар Д.Сүрэнхорын захиа гэж зүйл гарсан. Гэтэл
захиаг ганц нэг хүн л олж үзээд байхад бараг цагийн дараа Н.Энхбаяр гарч
ирж мэдэгдэл хийн сүржигнэсэн бөгөөд оройд нь Д.Сүрэнхорын ээж
Э.Рэнцэндуламыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тэргүүтэй нөхөд дундаа хийн
нилээд шахаж шамдуулсан байдалтайгаар уйлуулан байж “Миний хүү над руу
утсаар ярьсан. Захидал бичих нь битгий хэл эх орноосоо зугтаж яваа миний
нэрийг барьж гүтгэх ч гэж дээ. Миний зовлонгоор гараа угааж, гэмгүй
хүмүүсийг гүтгэж байна гэсээн” гэх үгийг хэлүүлсэн нь ТВ-үүдийн архив,
сонины шарлаагүй хуудаснаа байж байна.

Захианы талаар хүмүүс мэдэж ч амжаагүй байхад тун хурдан, асар
бэлтгэлтэй, зохион байгуулалттай няцаалт өгч эхлэсэн нь олонхи хүмүүст
“зохиомол, хиймэл, зохион байгуулалттай зүйл” гэсэн ойлголт өгч, хэн ч
ач холбогдол өгөөгүй  билээ. Учир нь үүний өмнө түүний сонгуулийн
ажилтнууд “Н.Энхбаярыг буудлаа” гэх зэргээр ор үндэсгүй мэдээлэл цацаж
“өрөвдүүлэх” чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан нь олонд илэрхий болсон.
Тийм болохоор бас нэг өрөвдүүлэх оролдлого гэж үзээд хэн ч тоогоогүй.
Гэтэл энэ нь тун алсын зорилготойгоор цацсан мэдээлэл байжээ гэдэг нь
одоо улам бүр тодорхой болж байна.

Н.Энхбаяр ярилцлагадаа “худлаа ч байсан түрүүлж дуугарсан нь хождог тийм
цаг үе болчихсон учир дуугүй байгаад байж болохгүй” гэж сургажээ. Энэ
нь түүний амьдралдаа баримталдаг алтан зарчим бололтой. С.Баяраас өрсөж
худлаа хэлэх гэж их яарсан бололтой юм. Тэрээр сонгуулийн сурталчилгааны
үеэр өрсөлдөгчөө “солонгосуудаас мөнгө авсан”, “хятадаас дүрвэж орж
ирсэн” гэхчилэн гүтгэж байсан нь ч энэ зарчмаа мөрдсөн хэрэг байсан
бололтой.
 
Д.Сүрэнхорын “нутаг буцалтын” эргэн тойронд

Сүүлийн үеийн мэдээ: “Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд Австри улсад
айлчилахдаа өөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхорыг
баривчилж авчирчээ. Д.Сүрэнхор анхны мэдүүлэгээсээ эхлээд завшсан
мөнгөө МАХН ба түүний удирдлагуудад өгч байсан хэмээн мэдүүлж эхэлжээ.
Тэр нь тухайн үед МАХН-ын Ерөнхий нарын бичгийн дарга байсан, одоо бол
ОХУ-д элчин сайдын албыг хашиж байгаа  Д.Идэвхтэнд илүү их хамаарах
бололтой. Д.Идэвхтэн дарга сандарч Монголруу Москвагаас утас цохиж
Д.Сүрэнхорыг Өршөөлийн хуульд хамруулахаар хөөцөлдөж эхэлсэн”

Түүнийг баригдсан тухай сонсонгуутаа “Д.Сүрэнхорын захидлыг АН-ын хар
пиар, МАХН дотроосоо нэр дэвшигчээ унагаах гэсэн оролдлого” хэмээн
хэвлэлээр бичиж гарлаа. Хамгийн баяртайгаар энэ тухай бичиж, тарааж
байгаа хүн нь “шудрага сонгуульчин” Б.Цогтгэрэл билээ. Тэрээр
Д.Сүрэнхорыг монголын нутагт хөл тавьж амжаагүй байхад нь шахуу
баривчлагдсан талаар нь тал тал тийшээ ярьж, мэдээлж, түгээж байжээ.
Найз нөхдийнхөө дунд “дарваан Цогоо” хэмээн дуудагддаг энэ эр өнгөрсөн
сонгуулийн үеэр Н.Энхбаярын хамаг хар ажлыг хийж, өрсөлдөгчийг нь
муулах, гүтгэх, гутаах нөр их ажлыг нугалж өгсөн “энэ цагийн эгэл
баатар” юм. Ц.Элбэгдоржийн “би сэтгүүлчдийг шүүхэд өгөхгүй” гэсэн үгэнд
дулдуйдан Цогоо түүнийг элдвээр гүтгэж байсныг бүгд санаж байгаа байх.
Энэ этгээдийг сэтгүүлч биш болохыг саяхан болж өнгөрсөн нэгэн явдал
илчилж орхисон билээ. Тэрээр БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “цагаан шонхор
шувуу бариад, өөрийн биеэр арабуудад хил гаргаж өгч, өндөр үнээр
дамласан” гэж хуурамч нотлох баримт үйлдвэрлэн, голгүй гүтгэснийхээ
төлөө хуулийн байгууллагад дуудагдан, ялгүй өнгөрчих гэхдээ шалдаа буун
сайдаас уучлал гуйн аргаа барж явна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч
тэгэж байсныг нь хүмүүс тод санаж байгаа. Түүнийг гайхуулаад байгаа
шигээ МУҮИС-ыг төгсөөгүй гэдгийг газар зүй, геологийн салбарын декан
В.Батцэнгэл албан ёсоор тодорхойлсон бөгөөд  монголын сэтгүүлчдийн
байгуулагууд ч сэтгүүлчийн мэдлэг боловсрол, ёс зүй, чадваргүй хэмээн
тодорхойлсон байдаг. Тэгэхээр Б.Цогтгэрэл одоо “сэтгүүлчийг шүүхэд
өгөхгүй” гэсэн үгэнд найдах хэрэггүй болсон бололтой.

Бас нэг анхаарал татаж байгаа зүйл бол  Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл
мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалын телевиз,
сонинд өгсөн ярилцлагууд. Түүний үгээр бол монголын цагдаа Д.Сүрэнхорыг 4
жилийн хугацаанд хаана юу хийгээд байсныг нь мэдэж байсан юм байх.
Гэтэл яагаад заавал Н.Энхбаярыг ичээнээс гарсны дараахан барьж авах
болов?  Сонгуулийн үеэр яагаад баривчилж болоогүй юм бол? гэсэн үй олон
асуултыг тэр нийгэмд үлдээлээ. Т.Сайнжаргал цааш нь “Экс Ерөнхийлөгчийн
шахалтаар өөрөө ирсэн мэтээр яриад байна. Үнэндээ манай байгууллага
Европын орнууд болон холбогдох олон улсын байгууллагад санал тавьсны үр
дvнд Д.Сүрэнхорыг баривчилсан” хэмээн сайрхсан нь бүр их хачирхал
төрүүлнэ. Д.Сүрэнхорыг “Экс Ерөнхийлөгчийн шахалтаар өөрөө ирсэн” гэсэн
мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд огт гараагүй байхад эрхэм хэвлэлийн төлөөлөгч
хаанаасаа юу сонсчихоод ингэж хэлсэн нь зүй ёсоор анхаарал татаж байна.

Урьдчилсан дүгнэлт

Н.Энхбаярын хэлсэн үг, хийсэн үйлдэл, Д.Сүрэнхорын эргэн тойронд өрнөж
буй үйл явдлуудыг ажихад дараах дүгнэлтүүдийг урьдчилсан байдлаар хийж
болохоор байна.

– Н.Энхбаяр ба түүний штабт “сонгуульд амжилтгүй дүн үзүүлнэ” гэсэн
судалгаа, таамаглал байсан байна. Тийм болохоор хожим яаж үгүйсгэхээ
эртнээс тооцоолж, бэлтгэж байжээ. Энэ нь Я.Төмөрбаатарын хэлсэн үг,
Д.Сүрэнхорын захиа гэгчийг гаргаж, буцааж няцаасан байдал, ахин сөхөж
гаргаж байгаа өнгө төрх, зорилго, зохион байгуулалтаар нотлогдож байна.

– Н.Энхбаярын урьдаас төлөвлөсөн ажиллагаад цагдаагийн байгууллага
санамсаргүй болон санаатай байдлаар хамсаж байж магадгүй нь. Энэ нь
хурандаа Т.Сайнжаргалын мэдээлэл болон 7 сарын 1-ний үйл явдлын үеэр
гаргаж байсан зохисгүй үйлдэл(сэтгэцийн өвчтэй хүнийг ашиглан О.Магнайг
гүтгэж байсан) авираар бараг баталгаажих талтай.

– Н.Энхбаяр Улс төрийн сонгуулийн удаа дараагийн луйвар булхайг мэдсээр
байж нуун дарагдуулсан. Магадгүй хамтран үйлдсэн байх магадлалтай байна.
Н.Энхбаяр болон түүнийг турхирагчдын зүгээс “Д.Сүрэнхорын гүтгэлэгт
захиа сонгуулийн үр дүнг бүхэлд нь өөрчилчихсөн” гэж ярьж байгаа нь хэд
хэдэн логик зөрчилтэй юм.

Нэгд, нотлогоо муутай. Монголын сонгогчдын хэдэн хувь нь тиймэрхүү
цуурхалд итгээд саналаа өгснийг тэд хэрхэн, яаж мэдээд байна вэ? Юугаар
хэмжиж, тооцоолж гаргав? гэдэг асуулт зүй ёсоор гарна. Нотлох боломжгүй
ийм зүйлээр улс төр хийх нь салхинд хашгирсантай адил зүйл. Тэгээд ч
тухайн цагт нь Ардчилсан намын сонгуулийн штабын менежер, УИХ-ын гишүүн
З.Энхболд хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа “Д.Сүрэнхорын захидал
гэдэг шиг хуурамч, арчаагүй зүйлийг бид хийхгүй ээ. Сонгогчид тийм
зүйлээр баримжаалж сонгуульд оролцох хэрэггүй” хэмээн хариуцлагатайгаар
мэдэгдэж байсан. 

Хоёрт, Н.Энхбаярт буруугаа бусдад чихэх өөр барьцтай зүйл олдоогүй
болохоор ингэж аргаа барж яваа бололтой. Чин үнэндээ бол МАХН-ын жирийн
гишүүд хүртэд түүнээс залхаж, жигшсэн байсан бөгөөд одоо ч  түүний
эхлүүлсэн намаа муулах кампанит ажлыг дэмжихгүй.

    Н.Энхбаяр нотлогдох боломжгүй зүйлээр өөрийгөө гүтгэчихээд, араас нь
матрын нулимс унаган ахин өрөвдүүлэх, намынхаа гишүүдийн нулимсаар
угаалган даргын сэнтий рүү зүтгэнэ гэж тооцоолж байгаа нь зөөлөн хэлэхэд
сэрүүн зүүд юм. Огт байхгүй банкны нэр барьчихаад араас нь “хаана
байна, тэр мөнгө, хаана байна байна? Форбс сэтгүүл” гэж баатарлах нь
салхин тээрмийг мангас хэмээн эндүүрч тулалдсан Дон Кихот солиотыг
санагдуулна.

    Швейцарьт данстай нь үнэн байсан байлаа гэхэд захиа нийтэд хүрсний
дараа мөнгөө татаад дансаа хаачихаж болно. Мэдээлэх дансгүй болчихвол
банк юугаа, ямар  сэтгүүл дээр гаргах билээ. Эсвэл Д.Сүрэнхорын ээж
Э.Рэнцэндуламыг барьцаалан амыг нь хамхисан байж болно. Энэ бол данс
байсан бол өрнөх асан сценари биз ээ. Одоо бол үйл явдал Н.Энхбаярын
төлөвлөсөн “а” хувилбараар эхлэж байх шиг байна. Зорилго нь намын даргын
суудал. Тэгээд… тэгээд… гэдгийг монгол хүн бүр ялангуяа манай
МАХН-ын жирийн гишүүд сайн мэдэж байгаа тул орхъё.  

Төгсгөлийн оронд

    Н.Энхбаяр  яриандаа халж байхдаа “чихэрт дуртай хүүхдийн үлгэр”
шигээ бас нэг утгагүй зүйл чалчжээ. Хэдэн жилийн өмнө ид “хаанчилж”
байхдаа оросын нэртэй улс төрч Е.Гайдар агсантай уулзаж гэнэ. Н.Энхбаяр
түүнд “Өнөөдөр ард түмэн зовж, дарга нар жаргасан тийм цаг үе байна.
Оросын том улстөрч, нэртэй эдийн засагч Егор Гайдарыг Монголд айлчлахад,
түүнийг гадаадын бусад зочидтой хамт хүлээн авч, үдийн зоог барих
үеэрээ би яг энэ үгийг хэлж байсан юм. Егор Гайдар надаас “Монголд
байдал ямар байгаа вэ?” гэж асуухад би хариуд нь “Болж байгаагаасаа болж
бүтэхгүй нь их байна. Товчхон хэлэхэд, дарга нар бид жаргаж, ард түмэн
зовж байна” гэж хариулсан. Тэрээр “Хэзээ, хаана, ямар улсын Ерөнхийлөгч
ингэж хэлж ярьж байсныг би мэдэхгүй, санахгүй юм байна” гэж гайхаж
байсан. Одоогийн Ерөнхий сайд Сү.Батболд тэр ярианд Гадаад хэргийн
сайдын хувиар оролцсон” гэжээ.

Н.Энхбаяр гуай, уучлаарай. Та нэг бол хүний ярианы өнгө мэдэрдэггүй
маанаг хүн байна, эсвэл бусдыг усан тэнэг гэж боддог хүн юм. Өөрөө бүх
эрх мэдлийг атгачихаад “бид жаргаж, ард түмэн зовоод байна. Болж байгаа
юм алга” гэж ярьдаг улс төрчийг Гайдар агсан гайхахаас аргагүй. Тэр
таныг даапаалснаас гарцаагүй. Та минь харин ойлгосонгүй. Таны хэлсэн энэ
л үг таны хэн болохыг тод харуулж байна.
                                
МАХН-ыг дэмжигч, иргэн В.Болод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж