Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд сүр дуулиантай үзэглэсэн Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний асуудал сүүлийн үед маргаан тариад байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ асуудал дээр “Монгол Улс 34 биш, 51 хувийг эзэмших ёстой” гэсэн бол ҮШН-ынхан дээрх гэрээ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн гэж үзэж, зургаан зүйл бүхий үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Харин өнөөдөр УИХ-ын нэр бүхийн 12 гишүүн УИХ-ын даргад Д.Дэмбэрэлд энэ асуудлаар шаардлага гардуулах гэж байгаа юм байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд нарын 12 гишүүн гарын үсэг зурсан уг шаардлагад гэрээг хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн дөрвөн зүйлийн үндэслэлийг дурджээ. Шаардлагыг үдээс хойш 15.00 цагаас УИХ-ын даргад гардуулах бөгөөд үүний дараа бид дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
Б.ЗАЯА.