Булган сум тал газраа 40-60 см зузаан цастай байна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Булган сум тал газраа 40-60 см зузаан цастай байна

Ховд аймгийн Булган суманд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, комиссар Д.Намсрай ажиллаад иржээ. Тухайн аймагт хаваржилт ямар байгааг тодрууллаа.

-Хаврын дунд сар гарсан ч дулаарахгүй байна. Манай орны хэдэн аймагт цасан бүрхүүлтэй байна вэ?

-Одоогийн байдлаар Баянхонгороос бусад бүх аймаг цасан бүрхүүлтэй байгаа. Энэ жил зудтай хүнд өвөл болж, хаваржилт ч  сайнгүй байна.

-Ховд аймгийн Булган сум энэ жил хамгийн хүнд өвөлжсөн. Одоо байдал ямар байна вэ?

-Ховд аймгийн Алтай, Үенч, Булган суманд маш их цас орж, зудтай байлаа. Тэр дундаа Булган  сум маш хүнд байна. Олон мал хорогдсон, өвс тэжээл хомс, малчид бэлэн мөнгөгүй, өр зээлтэй гээд хүндхэн байна. Тус суманд  хордлого гарч бид онгоцооор очсон. Газраас 20 метр өндрөөс харахад суурин газар гэж огт мэдэгдэхгүй, цасанд дарагдсан тал газар мэт харагдаж байсан. Одоогийн байдлаар тус суманд тал хээр газраа  40-60 см цастай , ууландаа түүнээс ч их цастай байгаа гэж мэргэжилтнүүд ярьсан. Биднийг очихоос хоёр хоногийн өмнө нисдэг тэрэг буух тусгай талбай бэлтгэсэн ч шөнөдөө цасанд дарагдаад байсан гэсэн. Нисгэгч олон удаа оролдлого хийсээр арай гэж газардсан.  Булган сумын Булган голын гүүрэн доогуур Уаз-469 машин явдаг байсан юм билээ.  Гэтэл одоо нягтаршсан цасаар дүүрч, машин байтугай хүн ч явах боломжгүй болж цас нь  гүүрэнд тулсан байна.

-Энэ сарын сүүлээр огцом дулаарна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдсэн. Шар усны үер болох магадлал их байна. Завханы Улиастай хот усанд автах аюул нүүрлээд байна гэсэн?

-Олон аймаг ялангуяа голын сав газраар суурьшсан аймгуудад байдал хүнд байна. Тэдгээр  аймаг, сумд далан барьсан ч нэмэр болох нь бага бололтой. Тухайлбал Булган сум нэмж 800 метр далан барьсан 40-60 см зузаан цас хайлахад байдал хүнд болно. Иймд иргэд аюулгүй байдлаа ханган өндөрлөг газар нүүх, онцгой байдлын хэлтсээс өгсөн зааврын дагуу өөрсдийгөө хамгаалах хэрэгтэйг анхааруулья.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж