Сүлд дуулал, билэг тэмдгийн тухайд

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Сүлд дуулал, билэг тэмдгийн тухайд

Санал:1

Монголчуудын үүх түүх "МЭӨ III-I" зуунаас буюу 105-106 оноос эхэлдэг гэдгийг бид мэднэ. Энэ үеэс өнөөдрийн XXI зууныг хүртэл оршин тогтнохдоо хүн ард, улсынхаа сүр хүчийг илэрхийлсэн билиг тэмдэг сүр сүлд, сүлд дуулал, тугийг эрхэмлэн дээдэлж, дэлхий дахинаа Монгол хэмээх нэрээ  дуурсгаж иржээ. Энэ урт замыг туулахад эдгээр билиг тэмдэг олонтой өөрчлөгдсөн боловч өнөөдрийг хүртэл бүрэн төгс утга агуулгыг илэрхийлж  чадаагүйг товч дурдъяа. Бидний залбирч явдаг сүлд дуулал нь "Төрийн дуулал" гэсэн буруу нэртэй өнөөдрийг хүрчээ.

Тэгвэл төр, улс гэдэг нэрийг шүүн тунгааж үзэхэд, Я.Цэвэлийн монгол хэлний тайлбар тольд орон, гүрэн, улс гэсэн нэр үгэн дээр 1. Төр улс, улс гэр, улсын их хурал, улсын далбаа, улсын сүлд дуулал, улсын хөрөнгө, улсын гүнж, улсын судар гэсэн нэрнүүдийг авч үзвэл улс гэсэн нэр нь тодорхой байна. 2. Мөн хүн гэдэг ухагдахуун дээр: Талбайд баахан улс цугларсан байв, Манай хэдэн улс ирсэн, Тэртэйгээс морьтой улс айсуй явна гэжээ.

Тэгвэл улс гэдэг нэр үгийн утга агуулгыг нягтлан үзэхэд улс гэдэг нэр хүн гэсэн утгыг илт илэрхийлэж байна. Тэгвэл улсыг ард олон байгуулдаг билээ. 2. төр гэсэн нэр үгийг авч үзье: Улсын засаг, засаг төр, ардын төр, төр барих, төр буулгах, хувьсгалт төр, төр түмэн олныхоо төлөө байх, төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй, төр төмөр нүүртэй, төрийн бодлого, төрийн хэрэг, төрийн байгуулал, төрийн тэмцэл, улс төрийн нам, төрийн зүтгэлтэн, төрийн далбаа, төрийн дуулал, төрийн ятга, төрийн хатан, ёс төр, төр ёстой, нэр төр, нэр төрийн хойноос хөөцөлдөх гэх мэт.

Дээрх улс, төр гэсэн нэр үгнүүдийг тунгаан үзэхэд: Мөхөс миний бодлоор улсыг ард түмэн байгуулдаг бөгөөд улс гэдэг нэр нь хүн гэсэн утга агуулгыг илэрхийлдэг учир улсын бүхий л үйл ажиллагаа, ёс журам, хүндэтгэл (төр улсын биш) Монгол Улсын гэсэн тунгалаг утга төгс нэрээр илэрхийлэгдвэл ээдрээгүй зөв болно гэж үзнэ. Ийм учир (Төрийн дуулал биш) Монгол Улсын сүлд дуулал гэвэл хүн ардын хийморь цог золбоог илтгэх бус уу. Зөвхөн төр гэсэн нэрэн дээр дуулж байгаа алдааг нэн даруй засаж залруулах хэрэгтэй юм. Төр гэсэн нэр үгийг засаглалын үйл ажиллагаатай хольж нийлүүлсний улмаас энэ гажууд буруу алдаа үүсчээ.

Монголын түүхэн сурвалж бичиг 30 боть номны эхний “Монголын нууц товчоо” номд монголын төр, төр сэтгэж, их төрийг сэтгэж гэсэн үгнүүдийг тайлбарлажээ.

1.   Монголын төр – ёс төрийг бодож
2.   Төр сэтгэж – их ёсыг бодож
3.   Их төрийг сэтгэж – их ёсыг бодсон гэж тайлбарлажээ.

Тэгэхлээр төр гэдэг нэр ёс гэсэн нэр болж байна.

Монголчууд ёс гэдэг үгийг өргөн дэлгэр хэрэглэдэг. Жишээ нь улсын ёс, хүний ёс, байгаль дэлхий хийгээд ертөнцийн жам ёс гэсэн үй олон ёс байдгийг бид сайн мэднэ. Тэгвэл төрийн ёс, хууль ёс, шажны ёс, төрөх ёс, үхэх ёс, боловсон ёс, найр хуримын ёс, ард түмний ёс, ёс журам, ёс дагах, ёс суртахуун, ёс хийх, ёс сахих, ёс баримтлах, ёс алдах, ёс гүйцэтгэх, ёс бусчлах, ёсноос гажууд , ёсноос ангид, албан ёсны, үдэхийн ёс, салахын ёс, ёс төдий, баярын ёслол, жагсаалын ёслол, ёслолын дүрэм, ёслолын хувцас, ёслолын буудлага, мэхийн ёслох, ёслон тэмдэглэх гээд тоочиж барашгүй олон ёс байдаг. Ёс гэсэн энэ бүх үг төр гэсэн нэр үү аль эсвэл ёс гэсэн нэр үү гэдгийг эрдэмтэн мэргэд, ард та бүхэн тунгаан соёрхохыг гүнээ хүснэ.

Жишээ нь: Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р бүлгийн 20-р зүйлд: Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ -д хадгална гэж заасан байдаг. Төрийн дуулал гэж чухамхүү хэнд хамаарч байгаа дуулал болох нь хуулийн энэ заалтаас тод харагдаж байна. Шуудхан хэлэхэд Монгол Улс нь (төр улс) болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг төрийн ерөнхийлөгч гэж алдрыг дууддагүй, мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг төрийн сайд гэдэггүй, Монгол Улсын Их Хурлын даргыг, төрийн дарга гэдэггүй билээ. Энэ бүгдээс үзэхэд зөвхөн буруу ташаарсан нэг нэрээс болж ямар алдаанд хүрсэн нь тодорхой харагдаж байна. Тунгаан үзэхэд тун цөөхөн хүний төрийн дуулал болж байна. Монгол Улсын төрийн дуулал гэсэн нэрийг өөрчилж Монгол Улсын сүлд дуулал гэвэл нийт ард түмэнд хамаарч зөв дуулал болно.

Жишээ нь: Үндсэн хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 1-д зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн зөв мэргэн заалтаар бол Монгол Улсын сүлд дуулал гэвэл зөв болох бөгөөд Монгол Улсын иргэн бүрт хамаарч, би сүлд дуулалтай, сүр хүчтэй хүн юм шүү гэж улс эх орон хүн ардаараа бахархаж итгэл зүтгэл төгс, сэтгэл тэнүүн алхлах болно.
Чингэс хааны хэлсэн үг

"Алтан бие мину алжааваас алжаатугай
Аху төр мину бүү алдартугай
Бүтэн бие мину зовбоос зовтугай
Бүрэн улс мину бүү самтартугап "

Тайлал: Энэ дөрвөн мөр үгний хоёр дахь мөр Аху төр мину бүү АЛДАРТУГАЙ гэсэн үгийг задлан тунгааж үзвэл аху гэдэг үг нь нутаг орон гэсэн үг юм. Төр гэдэг үг нь нутаг орны нэр төр юм. Энэ хоёр үгний утгыг нийлүүлэн хэлбэл нутаг орон амгалан тайван байвал нэр төртэй байх болно гэсэн утгыг илэрхийлжээ.
Бүрэн улс мину бүү самтартугап гэсэн дөрөв дэх мөрний утга гэвэл улс ард минь тайван байх болтугай гэсэн утга санааг илэрхийлжээ. Энэ бүхнээс үзэхэд төр гэдэг нэр бол ямар нэгэн засаглалын нэр биш бөгөөд хүн улс орны нэр төрийг ариун тунгалаг байлгахын нэр төр байжээ. Жишээ нь: Хүний нэр төр, улсын нэр төр, гэсэн үгнээс төр гэдэг үгийг салган авч эрх мэдлийн өндөрлөг болгон хувиргажээ гэж хэлэхээс өөр арга үгүй юм. Нэр төр гэдэг үгний гарал үүслийн утга агуулга нь улс орон, хүн ард нь үнэнч шударга, үйл ажиллагаа нь сэвгүй тунгалаг нэр төртэй байлгахын нэр байжээ гэсэн тайллыг өргөв.

Санал:2

Сүлд: гэдэг нэрийн утга агуулга нь сүр жавхлан, сүр сүлд, хийморьтой байхыг илэрхийлдэг. Улсын сүлд дуулал, улсын сүлд, улсын туг гэсэн улсын албан ёсны тэмдэг нэр байдгийг бид мэдэх билээ. 1924 оноос өнөөдрийг хүртэл дөрвөн удаа Монгол Улсын сүлд тэмдэг өөрчлөгдсөн билээ. Тухайлбал 1924 оны Соёмбо, 1940 оны таван хошуу малтай, 1960 оны тариан түрүүтэй араатай, 1992 онд модон морьтой  /хочилсон үг/ сүлд байна.

Одоо бид нийт гурван сүлдтэй.Нэгд, Их цагаан туг, хоёрт Соёмбо, гуравт модон морьтой сүлд байна. Аливаа улс орон өөрийн сүр сүлд, сүлд дуулал, туг гэсэн гурван билигдэлтэй байдаг. Энэ гурван сүлдний алинд нь мөргөн залбирах вэ? Тунгаан үзэхэд соёмбо бол бидний мөргөн залбирах сүлд мөн гэсэн дүгнэлт гарна.

Соёмбо сүлдийг сонгосны учир хүннү гүрний үед нар, сар, гал гурвыг шүтэж байсан бөгөөд 13 дугаар зууны үед их цагаан сүлд тугны оройд мөн нар сар гал гурвыг залж авч явсан билээ. Тэгвэл 1686 онд зохиогдсон  Өндөр гэгээн Занбазарын бүтээсэн соёмбо үсэгний эхлэлийн Бирга тэмдгээр бүтээсэн, өвөг дээдэс хүннү гүрний үеэс шүтэж ирсэн шүтээн нар, сар, гал гурвыг орой дээрээ залсан соёмбо сүлд нь үе үеийн шүтээнийг тусгасан утга агуулга төгс, зохиогч нь тодорхой сүлд юм. Энэ сүлд нь улсын далбаан дээр, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамган дээр залагдсан байгаа билээ.

Соёмбо сүлд нь Монгол улсын далбаагаар Дэлхийд танигдсан тул бид цаашид монгол улсын сүлд болгож авах нь зөв болно.Одоо хэрэглэдэг сүлд нь модон морь гэсэн хочтой бөгөөд олон түмэнд таалагдаагүйг бид мэднэ. Үүнийг соёмбо сүлдээр солих нь зүйд нийцэж олон түмэнд хүндтэй эрин зууныг илтгэсэн Монгол Улсын гал голомтыг мөнхөд бадраасан элч гэрэлтэй сүлд болж чадна.

Зураач, сэтгүүлч Ш.Чойжил   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж