Нийслэлийн шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шилдгүүд тодорлоо

Нийслэлчүүд төрсөн өдрөө  олз омог арвинтай угтаж байна. Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ой, Нийслэлийн өдрийн өмнө манай хотын шилдгүүд тодорлоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хурлаар 2010 оны ажлаараа нийслэлчүүд болон хотын бүх байгууллага, аж ахуйн нэгжийг манлайлан, Улаанбаатарынхаа сан хөмрөгийг арвижуулахын зэрэгцээ орчноо үлгэр жишээ тохижуулан, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө санаачилгатай ажилласан хамт олныг шалгарууллаа.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжид 12 байгууллага тунаж үлдсэнээс “Номин холдинг”, “Монтулга”, “Говь”, “Соёолж”, “Баянгол эмнэлэг”  шалгарч 2010 оны Нийслэлийн шилдэг нь боллоо. “Номин холдинг” компани жил бүрийн хавар “Эрүүл цэвэр орчинд ажиллаж, үйлчилгээ үзүүлэх” уриан дор нийслэл хотын өнгө үзэмжид анхаарах, хувь нэмрээ оруулах өдөр болгон зохион байгуулдаг байна. “Монтулга”-ынхан арьсан урлалын үйлдвэрлэл эрхлэхээс гадна чимэглэлийн бут сөөг, мөнх ногоон модлог ургамал үржүүлэх, үрслэг бойжуулах аж ахуйг эрхэлж нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд 10000 гаруй мод бут сөөг, чимэглэлийн модны үрлэгээ нийлүүлжээ. “Говь” компани материал түүхий эд, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа явуулах, хог хаягдлаа хүн байгальд хор нөлөө үзүүлэхгүй байдлаар устгах, “Соёолж” компани өрхийн аж ахуй, ногоон байгууламж, гадна болон дотоод тохижилтод хэрэгцээтэй үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулдаг, “Баянгол эмнэлэг” сүүлийн үеийн дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа стандартыг бүрэн хангасан техник технологиор үйлчилж байгаа гээд тус бүрдээ хийсэн бүтээснээрээ шалгарсан юм.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “Сайхан хот-сайхан амьдрал” уралдааныг зарласан билээ. Уралдааныг  хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоотой  дүгнэсэн бөгөөд “Нийслэлийн шилдэг усан оргилуур бүхий үлгэр жишээ тохижилттой байгууллагаар” өөрийнхөө хөрөнгөөр нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж,усан оргилуур байгуулан олны тавтай амрах тохилог орчин бүрдүүлсэн Сонгинохайрхан дүүргийн “Катеринг Деливери” компани, “Усан оргилуур бүхий сайн тохижилттой байгууллагаар” Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн “Талст” үйлчилгээний төв, Баянгол дүүргийн АРТЕ компани, Хан-Уул дүүргийн ХААИС тус тус тодорлоо. “Үлгэр жишээ тохижилттой байгууллага” номинацид зургаан байгууллага шалгарснаас Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар, “Тэнгэрийн хишиг” компани, Чингэлтэйн “Нью Тел” компани, Баянзүрхийн Шинэ монгол сургууль, “Их Мөнгөн” компани  Чингэлтэй дүүргээс Баянзүрхийн “Далай тур” аялал жуулчлалын газар айргийн тавьд жагслаа.

 “Үлгэр жишээ тохижилттой айл өрхөөр,” Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Д.Эрдэнэчулуун, 10 дугаар хорооны С.Цог-Эрдэнэ,Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Д.Бат-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хорооны Л.Доржсүрэн нарынх шалгарсан бол” Сайн тохижилттой айл өрхөд” дараах найман өрх шалгарсан юм. Эдгээр өрхийн тэргүүнүүдийг нэрлэвэл,СХД-ийн 24 дүгээр хороо Ж.Насанжаргал, БЗД-ийн 10 дугаар хороо Б.Отгондарь, Найлахын 1 хороо Ч.Жамбалжав, СБД-ийн 16 дугаар хороо Г.Алтанхуяг, БЗД-ийн 12 дугаар хороо Н.Жаргалсайхан, ЧД-ийн 16 дугаар хороо Ц.Бямбажав, ЧД-ийн 17 дугаар хороо С.Бихаанз нар болно. Жилийн турш хийсэн бүтээснээрээ ялгарч байсан Чингэлтэй,Баянзүрх дүүрэг “Шилдэг тохижилттой дүүрэг”-ээр тодорлоо.Ийнхүү их хотын их ойн өмнө алдраа өргөсөн шилдгүүдийн шагналыг баярын өдрөөр гардуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж