Худалдаа эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэхээр амлав

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Худалдаа эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэхээр амлав

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших ил задгай талбайд худалдаа хийж амьдралаа залгуулдаг 26 эмэгтэй өнөөдөр УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзлаа.  Эдгээр эмэгтэйчүүдийн хувьд олонх нь өрх толгойлсон, Хархорин захад доод тал нь 5-6 жил,  дээд тал нь арав гаруй жил жижиглэнгийн наймаа хийсэн, ар гэр амьдралаа авч явдаг эхчүүд юм. Хэдийгээр олон жил гадаа зогсож наймаа хийж байгаа ч олсон хэдэн төгрөг нь үр хүүхдийнхээ хичээл сургууль хоногийн хоолондоо л хүрэлцэх төдий тул илүү мөнгө хадгалж хуримтлуулж чаддаггүй. Дээр нь Хархорин захын лангуунууд худалдагдаж давхар түрээслэгчид ихэнхи лангууг өмчилсөн тул өөрсдийн худалдаа хийж байсан лангуунаас хөөгдөж захын хойд талын төв зам дээр тухайлбал 19 дүгээр байрны өмнөх автобусны буудлын хажууд ил задгай худалдаа эрхлэх болсон гэнэ. Олны зам дагуу болохоор борлуулалт гайгүй, яаж ийгээд амьдралаа болгоод байдаг байсан. Гэвч ил задгай худалдаа эрхлэхийг хориглоно гэсэн дүүргийн Засаг даргын захирамж гарснаар тэднийг хөөж Хархорин захын хойд талын контейнерийн хажууд наймаагаа хийх талбай гаргаж өгсөн ч хүн явдаггүй газар таарсан тул үндсэндээ наймаа нь зогсож амьдралаа авч явах аргагүйд хүрчээ.

Тиймээс тэд эхлээд дүүргийнхээ Засаг даргад энэ захирамжаа эргэн нэг хараач, мөн Хархорин захын удирдлагуудад лангуу гаргаж өгөхийг хүссэн ч тэдний хүсэлт өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй аж. Арга буюу тойргоосоо сонгогдсон гишүүндээ хандахад хүрсэн хэмээн тайлбарлалаа. Тэд сайдад Хархорин захын өргөтгөл ирэх сарын 1-нээс ашиглалтад орно,  тиймээс гадаах  лангууны нэлээд нь сулрах тул түүнийгээ заралгүйгээр түрээсийг нь аваад тэднийг зогсоох боломж гаргаж өгөх.  Эсвэл Драгон төвийн  хажууд шинээр баригдаж байгаа худалдааны чингэлэгт барьцаа мөнгө төлөлгүйгээр газар болон лангууныхаа түрээсийг төлж ажиллах боломжийг холбогдох хүмүүстэй ярьж шийдэж өгч туслаач” гэж хүсэв. Сайд хариуд нь “Энэ бол гэр бүлээ тэжээх гэж зүтгэж яваа та 26 эмэгтэйн асуудал ч биш, ард тань үр хүүхдийн ч амьдрал байгаа тул ойрын хугацаанд асуудлыг хөөцөлдөж зохих хүмүүстэй уулзахаа амлалаа. Дээрх асуудалтай холбоотойгоор Тэргүүн шадар сайд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж буй бие төлөөлөгчдөө томилон асуудлыг нааштайгаар шийдэх ямар гарц байгааг судлах, мөн өөрт нь мэдэгдэн ойрын үед  шийдвэрлэх үүрэг даалгаврыг мөн өгсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж