Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахыг зөвлөв

Дэлхийн банкны Монголыг хариуцсан менежерээр саяхан томилогдсон хатагтай Корали Гэвэрс өнөөдөр анхны баримт бичигтээ гарын үсэг зурч, Монголын Засгийн газрын гишүүдээс анх түрүүн Сангийн сайд С.Баярцогттой танилцан, хамтран ажиллах талаараа зөвшилцлөө. Хатагтай Гэвэрс нь Бельги улсын иргэн бөгөөд 1996 оноос Дэлхийн банкинд ажиллаж байгаа юм. Дэлхийн банкны Санхүү, хувийн хэвшил хариуцсан дэд Ерөнхийлөгчийн албанд зөвлөх, Дэлхийн банкны Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийн туслах, эдийн засагч, ахлах эдийн засагч, хөтөлбөрийн зохицуулагч зэрэг ажлуудыг хийж байсан. Гэвэрс нь Монголыг хариуцсан менежерээр томилогдохын өмнө Зүүн Ази болон Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад Монгол Улсад ирсэн байна. Хатагтай Корали Гэвэрс  эдийн засагч мэргэжилтэй.  Бельгийн Намурын их сургуулийг эдийн засгийн магистр, АНУ-ын Johns Hopkins-ын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн. Дэлхийн банкны шинэ суурин төлөөлөгчтэй товчхон ярилцсанаа хүргэе.

-Монголд ирж ажиллах саналыг та хэрхэн хүлээн авсан бэ?

-Намайг энэ албанд томилохын өмнө миний саналыг асуусан. Би анх зургадугаар сард Монголд ирж байсан. Тэгэхэд Монгол орны талаар маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Монгол Улсын эдийн засгийн өвөрмөц хөгжил, эрчимтэй хотжилт зэрэг нөхцөл байдал мэргэжлийн хүний хувьд сонирхол татсан. Хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол монголчуудын зан араншин. Монголчуудын маш нээлттэй, эрч хүчтэй, дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг чанар нь намайг гайхашруулсан. Мөн Монгол орны байгалийн сайханд илүүтэй татагдсан даа. Тиймээс л Монгол Улсад ажиллах саналыг баяртай хүлээн авсан. Танай сайхан оронд ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг.

-Монгол Улсад хэрэгжиж буй Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ. Ажлаа юунаас эхэлнэ гэж бодож байна?

-Дэлхийн банкнаас маш олон төрлийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг. Миний өмнө суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Аршад Сайед гэхэд сар тутам Монголын эдийн засгийн тойм бэлтгэж танилцуулж ирснийг та бүхэн санаж байгаа. Бид ч мөн улирал тутам эдийн засгийн танилцуулга бэлтгэн танилцуулж байх болно. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг амжилттай давж байгаа тул сар тутам биш улиралд танилцуулах нь зөв байх аа. Хамгийн түрүүн хийх ажлын тухайд гэвэл танилцах аяллаас эхэлнэ дээ. Танай улсын эдийн засаг, нийгмийн өвөрмөц байдалтай танилцахын тулд зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч ажиллах шаардлагатай гэж бодож байна.

-Нууц биш бол эхлээд аль аймгийг зорих бол?

-Яг одоогоор аяллын маршрут гараагүй байна. Харин та бүхэн аль нэг аймгийг санал болгож болно шүү.

-Манай улсын хувьд уул уурхайд түшиглэн хөгжиж байгаа гэдгийг та мэднэ. Уул уурхай нь өнөө маргаашдаа өгөөжтэй ч ирээдүй хэтдээ аль салбарыг түшиглэвэл илүү өгөөжтэй бол?

-Би өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр ажлаа хүлээн авсан. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн салбаруудын талаар санал дүгнэлт хэлэхэд эрт байна. Харин Дэлхийн банкны зүгээс бол хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах зөвлөгөө өгч байгаа. Улс орны хэмжээнд хөрөнгө оруулалтын орчин сайжраад ирэхээр салбар бүрийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бид үзэж байгаа гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж