
Зээл олгосноор иргэдийн дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол үүссэн, , аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтворжиж, ажлын байр хадгалах, шинээр бий болгох, барааны үнэ буурах нөхцөл бүрдсэн байна. Орон нутагт олон нэр төрлийн бүтээглэхүүн үйлдвэрлэдэг болсноор Улаанбаатараас бараа тээвэрлэх нь багасч өртөг буурчээ. 2009 онд нэгээс арван сая төгрөгийн зээлтэй жижиг зээлдэгч олон байсан бол энэ оноос томорч 20-30 сая төгрөг зээлдэгчид олширсон, эргэн төлөлт ч сайн байгаа аж. Өмнөговьд л гэхэд Оюутолгой, Хас банктай хамтарч нэг сая ам.долларын хэмжээтэй жижиг, дунд үйлдвэрийн гэрээ байгуулахаар болсон байна.
Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Голчлон ямар салбарт зээл олгож байгаа вэ?
Ц.Ням-Осор: -Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, хөнгөн үйлдвэр, ахуй үйлчилгээний салбарт голлон зээл авч байна.
-Зээлийг ямар хугацаагаар өгч байгаа вэ. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн хүүг арилжааны банкууд дураараа нэмж байна гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар тайлбар өгнө үү?
У.Отгонбаяр: -Зээлийг орон даяар арилжааны банкуудаар дамжуулж өгч байгаа. Зээл сарын нэг хувийн хүүтэй. Арилжааны банкуудад хүү нэмсэн тухай асуудал гараагүй. Зээлийг анх хоёр жилээр өгч байсан. Одоо гурван жилийн хугацаагаар өгч байна Эргэн төлөлт цэгцэрч байна.
-Зээлийн дээд хэмжээ ямар вэ?
Ц.Ням-Осор: -Зээл олгох дээд хэмжээ Улаанбаатарт 100 сая төрөг, орон нутагт 50 сая төгрөг байна.
-Зээлийн барьцаанас болж хүсэн бүхэн зээл авч чадахгүй байна гэсэн яриа байдаг. Үүнийг яах вэ?
-Зээлийн барьцаа том байгаагаас зээл авалт буурдаг. Зээлийн барьцааны даатгалын хуль, эрх зүйн орчин гараагүй нь ч үүнд нөлөөлдөг. Мэрси кор, АДРА, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Ногоон төсөл зэрэг байгууллагууд 3,5 тэрбум төгрөг гаргаж энэ жил зээлийн батлан даалтад өгсөн.
-Арилжааны банкууд хэт олон шаардлага тавьдгийг цөөрүүлж болох уу?
-Зээл эргэн төлөгдөхгүй бол тухайн арилжааны банк төрийн өмнө хариуцлага хүлээнэ. Тиймээс олон шаардлага тавьдаг тал бий. Өмнө нь зээлд 30 гаруй шаардлага тавьж байсныг 18 орчим болгож цөөрүүлсэн. Дөчин хувь зөөлрүүлсэн.
-Хэт жижиг гар үйлдвэрүүдэд зээлийн мөнгийг цацдагаас нь үр ашиг гарахгүй байна гэдэг. Энэ талаар анхаарах уу. Мөн том компанийн охин компанид зээл олголоо гэсэн асуудал дуулддаг?
-Хэтэрхий жижиг аж ахуйн нэгжүүдэд мөнгө тараалаа гэсэн шүүмжлэл гардаг. Гэхдээ энэ бол дэлхийн жишиг. Хөгжлийн гол түлхүүр бол жижиг, дунд үйлдвэр. Үйлдвэрийг социализмын үеийн том үйлдвэрээр төсөөлж болохгүй. Бас том компанийн охин компанид зээл олгохгүй гэсэн асуудал байхгүй.
-Танил тал харж зээл олгодог гэсэн шүүмжлэл орон нутагт нэлээд гардаг. Үүнд хяналт байна уу?
-Аймаг бүрт комисс ажиллаж байгаа. Зээлийн ихэнхийг тэдгээр комисс шийдсэн. Хяналт сайн байгаа. Танил талаар зээл олгодог явдал бараг байхгүй.
-Зарим газар, тухайлбал Өвөрхангайд тэрбум орчим төгрөгийн зээлийг ямар шалтгаанаар олгоогүй вэ. Уул, уурхайн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл олгох уу?
-Г.Батхүү гишүүний байнгын хороон дээр хэлж байсан асуудал байна. Тэр нэг тэрбум 200 сая төгрөгийн асуудал өөр. УИХ-ын гишүүд тойргийн мөнгөнөөсөө жижиг, дунд үйлвэрт зарж байгаа. Түүнтэй холбоотой тусдаа асуудал. Гишүүд тойргийн 76 тэрбум төгрөгөөсөө 14 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрлэлд зарцуулсан байна. Уул, уурхайн чиглэлээр байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл олгоно. Тооцоо судалгаа хийж байгаа.
Д.ОЮУН