Мөнгөний бодлогыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уул уурхайн олборлолт эрс өссөнтэй холбоотойгоор манай улсад гадаад валют их хэмжээгээр орж ирж байгаа юм. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд гаднаас их хэмжээний зээл авч байгаа нь эргээд эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг ихэсгэх болжээ. Үүний томоохон жишээ нь монгол төгрөгийн ханш чангарч тэр хэрээр гадаад валютын ханш буурч байгаа явдал гэнэ. Энэ нь эргээд голланд өвчин үүсэх магадлалыг өндөрсгөж байгаа учраас, ирэх оны мөнгөний бодлогыг сайтар төлөвлөж, гарах эрсдлүүдийг сайн тооцоолж, түүнийг сайн зүйл болгон хувиргахын төлөө төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой гэж Монголбанкны удирдлагууд үзжээ.  Одоогоор УИХ дахь хоёр намын бүлгээс тус бүр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, МАХН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийг Р.Буд тус бүр ахалжээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Монголбанк бодлогын хүүгээ бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Харин төв банкны удирдлага хэлэхдээ “Монголбанк бодлогын хүүгээ бууруулахын тулд эхлээд инфляци тогтвортой болох ёстой. Инфляци тогтвортой байна гэдэг нь энэ оны төгсгөлд 15 хувь, ирэх оны эхэнд 20 хувь болж, өсөхийг хэлэхгүй. Бүтэн жилийн турш тогтвортойгоор хадгалагдаж, хамгийн бага байх ёстой. Засгийн газраас олгох бэлэн мөнгөний хэмжээг багасгах. Мөн төв банк бодлогын хүүгээ буулгах нөхцөлд арилжааны банкууд татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүгдийг зээл болгоод гаргадгаа болих, бас банкууд хадгаламжийн хүүгээ бууруулах, хууль эрх зүйн орчинг нь шинээр бий болгох гээд олон асуудлыг шийдвэрлэсэн цагт биеллээ олох асуудал” гэж хэлж байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд гишүүдийн олонх нь дээрх бодлогын баримт бичгийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт оруулахаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж