
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр мөн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл”-ийн хоёрдугаар үе шатны Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцээд дэмжлээ. Зээлийн хэлэлцээрт заасны дагуу Монгол Улс Япон улсаас 58 сая ам.долларын зээл авах юм. Үүнийгээ арилжааны банкаар дамжуулан иргэдэд олгоно. Ингэснээр зээлийн жилийн хүү найман хувь байх бол эргэн төлөх хугацаа нь гурван жил аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг зээлийг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр ашиглахыг хүслээ. Ингэхдээ сүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлье гэх зэргээр нэр заахгүй бол манай улс гаднаас маш их хэмжээний зээл авдаг. Түүнийгээ яг юунд зарцуулж, үр ашгийг нь гаргав гэхээр хэлэх үг байдаггүй тул чиглэл өгөхөөс аргагүй гэлээ. Харин албаны хүний тайлбараар бол угаас энэ зээлийн зорилго тодорхой, байгаль орчныг хамгаалах чиглэлд зарцуулах ёстой учраас хөдөө аж ахуйн салбарыг дэмжих боломжгүй гэв. Мөн Сангийн сайд С.Баярцогт БНХАУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үеэр тус улсаас авах 200 сая хөнгөлөлттэй зээлийг бүх суманд сүүний үйлдвэр байгуулахад зарцуулахаар хэлэлцээр хийсэн байгаа” гэлээ.
Эцэст нь энэхүү зээлийн хэлэлцээрийг дэмжихтэй холбоотойгоор дараах чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо. Үүнд нэгдүгээрт зээлийн хүүг 4-6 хувь болгох, зээлийн эргэн төлөх хугацааг 5-10 жил болгож уртасгахыг зааж өгөв. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар Японы талтай дахин ярилцаж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан энэхүү саналыг ажил хэрэг болгохын төлөө хэлэлцээр хийх болж байна.
Г.Дарь