
Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Корали Гэвэрс нар өнөөдөр хөгжлийн бодлогын зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Санхүүгийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Дэлхийн банкны Монгол, Өмнөд Солонгос болон Хятад улсыг хариуцсан захирал Клаус Роланд оролцсон юм. Гэрээг үзэглэх явцад Дэлхийнб анкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Гэвэрс Сангийн яамныхантай танилцсан юм. “Хөгжлийн бодлогын санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 70 сая ам.долларын санхүүжилт хийхээр зөвшилцсөн. Үүний эхний хэсэг болох 40 сая ам.долларыг 2009 онд татан авсан байна. Хөгжлийн зээлийн үргэлжлэл буюу хоёр дахь хэсэгт гарын үсэг зурснаар энэ жилдээ багтан 30 сая ам.доллар улсын төсөвт төвлөрөх боломжтой болж байгаа юм. Энэхүү зээл нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг дэмжих, манай улсын төсвийн тогтвортой байдлыг улам бататган хөгжүүлэхэд чиглэх ажээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер хатагтай Корали Гэвэрс “Монгол Улсын цаашдын хөгжлийн хувьд маш сайхан боломжууд бий болж байна. Энэ үед Засгийн газраас хэрэгжүүлээд эхэлсэн , уул уурхайгаас орох орлого нь бүх иргэдэд хөгжлийн боломж болохыг баталгаажуулах төсвийн сайн бодлого мөн хүрээ бий болгох нь ихээхэн ач холбогдолтой. Бид энэ чухал ажлыг дэмжиж байгаадаа баяртай байна” хэмээн өгүүллээ.
Д.Цээнэ