
Өмнөд Солонгосын Гюнжу хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Их 20-ийн дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ үеэр эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч 20 орны Сангийн сайд нар цуглаж хэд хэдэн асуудлыг гол болгон хэлэлцсэн байна. Үүнд юун түрүүнд валют арилжааны тухай ярьсан билээ. Тэд “Улс орнууд валютын ханшаа унагах замаар бодлогоо тодорхойлж байгаа нь буруу. Угтаа бол энэ нь валютын дайныг өдөөж байна” гээд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцан буулт хийхээр тохиролцоонд хүрлээ гэх агуулгатай зүйлийг онцолжээ. Энэ талаар албаны төлөөлөгчид нь мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятад юанийн ам.доллартай харьцах ханшаа илүү уян хатан болгож, чангаруулна гэсэн үг.
Их 20-ийн уулзалтын үеэр АНУ-ын тал энэ тал дээр Хятадад дахин анхааруулга өгсөн. Тус улсын Сангийн сайд Тимоти Гайтнер Их 20-ийн орнууд 2015 он гэхэд худалдааны алдагдал, илүүдлээ дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл бууруулах тухай санал тавьсан аж. Энэ нь цаад утгаараа Хятад, Герман зэрэг экспортод түшиглэсэн орнуудаас дотоодын хэрэглээгээ нэмэх хэрэгтэй хэмээн шаардаж байгаатай адил юм. Түүнчлэн юанийн ам.доллартай харьцах ханшийг чөлөөлж, зах зээлийн бодит үнэлгээнд нь аваачихыг хүсч байна гэсэн үг. Хэдийгээр уг санал нь бүрэн дэмжлэг авч чадаагүй боловч олон улсын валют арилжаанд хүчээр нөлөөлөх нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа гэдэг дээр төлөөлөгчид бүгд санал нийлжээ. Цаашлаад АНУ-ын тал хөгжиж буй орнууд валютын ханшаа сулруулах бодлого баримтлах болсныг эрс шүүмжилсэн байна. Их 20-ийн уулзалтын дараа Австралийн Ерөнхий сайд Вайн Свон энэ талаар онцолжээ. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн тэнцвэрийг хадгалах алхам хийхээр болсон нь сайн хэрэг” гээд Их 20-ийн Сангийн сайд нарын шийдвэр энэ тал дээр санал нэгдэж байгаа нь зөвхөн тухайн нэг улс биш бүх оронд эерэг үр дүнгээ өгөхийг сануулсан байна.
Хятадын юанийн ханшаа чангаруулах тал дээрх АНУ-ын саналыг Их Британи дэмжсэн аж. Харин америкчуудын хувьд Герман, Хятадын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. Тэд валютын ханшаа өсгө хэмээн бусдаас шаардах хэрнээ өөрсдөө мөнгөний бодлогоо сулруулах замаар ам.долларыг унагахыг хичээсээр байгаа нь буруу гэх аж. Ямартай ч Т.Гайтнерын “дөрвөн хувийн” санаачилгыг ОХУ, Итали зэрэг орон хүчтэй эсэргүүцжээ.
Түүнчлэн Их 20-ийн уулзалтын үеэр хэлэлцсэн өөр нэг асуудал бол Олон улсын валютын сан (ОУВС)-ын санал өгөх эрх юм. Сүүлийн үед эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх болсон Хятад, Энэтхэгийн хувьд ОУВС дахь санал өгөх эрхийн квотыг нь нэмэх цаг болжээ хэмээн төлөөлөгчид үзсэн байна. Өмнөд Солонгосын Сөүл хотод ирэх сард Их 20-ийн дээд хэмжээний уулзалт дахин болно. Энэ үеэр тэдгээр орны бодлого боловсруулагчид валют арилжааны талаар дахин нарийвчлан ярилцах юм. Тэр үед тэд бүрэн утгаараа тохиролцоонд хүрч чадна хэмээн ажиглагчид үзэж байна. Гэхдээ чухам яаж вэ гэдэг нь хамгийн сонирхолтой юм.
Өнөөдөр үүсээд буй валютын дайны эх суурийг 2008 онд Хятад тавьсан гэхэд болно. Тус улсын бодлого боловсруулагчид юанийг ам.доллараас уяхаар болсон. Үүний дүнд Хятадын Ардын банк 2008 оны дөрөвдүгээр сард нэг ам.долларыг 6.99 юаньтай хүчээр тэнцүүлж, барьсан билээ. Ийнхүү юань зах зээлийн бодит ханшаасаа 40 хувь доогуур үнэлэгдсэн юм. Өмнө нь 2006-2008 оны хооронд юанийн ам.доллартай харьцах ханш 20 хувиар чангарснаас үүдэн ийм бодлого хэрэгжүүлэх болсон хэмээн ажиглагчид онцолдог. Ямартай ч юанийн ханш суларсны хүчинд Хятадын бараа бүтээгдэхүүний өртөг буурч, олон улсад өрсөлдөх чадвар нь сайжирчээ. Гэтэл энэ нь АНУ-д таалагдаагүй юм. Тэд зах зээлийн шударга зарчим алдагдаж байна гэж үзсэн. Үнэн хэрэгтээ Хятадтай хийх худалдаанд нь их хэмжээний алдагдал гарсанд дургүйцсэнтэй холбоотой юм. АНУ-ын засаг захиргаа хямралаас болж туйлдаж гүйцсэн эдийн засгаа сэргээж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх гарц нь экспортод түшиглэх явдал хэмээн үзжээ. Тиймээс экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд Хятадаас юанийн ханшаа чангаруулахыг шаардсан билээ. Хэдийгээр өнгөрсөн зургадугаар сард Хятадын Засгийн газар юанийг чөлөөлөхөөр зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэлх гурван сар гаруйн хугацаанд ам.долларын эсрэг ердөө 2.6 хувиар чангараад байгаа юм.
Харин япончууд Хятадын гишгэсэн мөрөөр алхахаар шийдвэрлэсэн тухайгаа зарлах үед валютын дайн албан ёсоор эхэлсэн гэхэд болно. Японы иений ам.доллартай харьцах ханш сүүлийн 15 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, экспортод түшиглэсэн тус орны эдийн засгийг сүйрүүлэхээ шахаж байна. Иений ханш өсөх болсон цаад шалтгаан нь олон жил ужгирсан дифляци, Японы Засгийн газрын дотоод өрийн хэмжээ зэрэгтэй холбоотой болохыг ажиглагчид онцолж байна. Гэвч асуудлыг шийдвэрлэхийн тулд тус улсын төв банк эхний ээлжинд их хэмжээний ам.доллар худалдан авч, оронд нь зах зээл дэх иений нийлүүлэлтийг нэмэхээр зорьсон юм. Бодлогоо хэрэгжүүлж эхэллээ. Бас л үр дүнгээ өгсөнгүй. Иений ам.доллартай харьцах ханш сүүлийн 15 жил дэх шинэ дээд амжилтаа эвдэж, нэг ам.доллар 81 иентэй тэнцэх болсон юм. Үүнтэй зэрэгцээд Бразиль, Мексик, Хойд Солонгос, Тайланд, Филиппиний төв банк валютын ханшаа сулруулахыг зорьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд ноён долларын эсрэг хөдөлж байсан юм. Тэд бүгд гадаад худалдаагаа өргөтгөх замаар эдийн засгаа тогтворжуулахыг зорьсон экспортлогч орнууд. Гэвч нөгөө талаас бусад орнууд валютын ханшаа бууруулж байгаа нь тэдний ундууцлыг төрүүлж, “Бид ч бас чадна” хэмээн дуугарахад хүргэсэн юм. Валютын дайн гэж чухамдаа үүнийг л хэлж байна. Экспортод түшиглэсэн орнууд бараа, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд үндсэн өртгийг нь бууруулахыг хичээнэ. Ингэхийн тулд олон улсын валют арилжаанд хөндлөнгөөс оролцож, өөрсдийн мөнгөн тэмдэгтийн өртгийг бууруулна. Гэвч харамсалтай нь бүгд нэг зэрэг тэгж чадахгүй учраас энэ бол боломжгүй зүйл юм. Байдал хэвээр үргэлжилбэл цаасан мөнгөний ханш, үнэлэмж буурсаар эцэст нь хэрэглээнээс гаргахад хүргэж ч болно. Валютын дайны тухай цуурах болсон энэ үед алтны үнэ тэнгэрт хадаж, нэг унци нь 1400 ам.доллар руу ойртжээ.
Цаасан мөнгийг үнэгүйдүүлж, дэлхийн эдийн засгийг тогтворгүйжүүлж байгаа уг үйл явдалд цэг тавихын тулд улс орнууд харилцан буулт хийхээс өөр аргагүй юм. Хятадын хувьд хэдийгээр юанийн ханшийг богино хугацаанд сулруулж чадахгүй гэж байгаа ч АНУ-ын шаардлагыг бусад орнууд дэмжвэл энэ нь тийм ч боломжгүй зүйл биш хэмээн үзэх ажиглагч ч цөөнгүй байна.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин