”Арева” ямар ч өрсөлдөгчөөс айхгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

”Арева” ямар ч өрсөлдөгчөөс айхгүй

“Арева Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Луузанг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн сонирхлыг татаж байна. Тэр тусмаа Монголын ураны салбар дахь Францын сонирхол ямар байгаа нь бүр ч сонирхолтой. Та Францын “Арева Монгол” компанийн удирдлагад ажиллаж байгаагийн хувьд энэ талаар шинэ мэдээлэл өгөх байх?

-Уран дахь Монголын сонирхлыг та бүхэн мэдэж байгаа байх. Атомын цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэдэг орнууд дундаа Франц улс нэгдүгээрт ордог. Дотоодын эрчим хүчний хэрэглээнийхээ 80 орчим хувийг атомын цахилгаан станцаас гаргаж авдаг. Үүний тулд уран хэрэгтэй. Тус улс өөрийн нутаг дэвсгэр дээр хоёр орд газраас уран олборлон ашиглаж байгаад нөөц нь дууссан. Тиймээс олон жилийн өмнөөс гадаад оронд байгаа ураны нөөцийг хайх, олборлох, хамтран ашиглах чиглэлээр бодлого явуулж эхэлсэн.

-Дэлхийд тэргүүлэгч энэ компанийн Монгол дахь салбарт хэдэн монгол хүн ажиллаж байна вэ?

-Францын “Арева” групп хайгуул хийхээс эхлээд уранаа баяжуулах, хэрэглэсэн ураныг дахин баяжуулах хүртэл  цөмийн цикль үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлдэг. Яг олборлолтоороо бол Канадын “Камейко” тэргүүлдэг. Гэхдээ өнгөрсөн жил олборлолтоороо “Арева” тэргүүлсэн шүү дээ.  “Арева” групп 1997 оноос эхэлж Монголд үйл ажиллагаагаа явуулсан. Дэлхийн хэмжээнд энэ группийн салбарт 90 гаруй мянган хүн ажилладгаас 120 нь Монголд ажиллаж байна. Монголд ажиллаж байгаа 120 хүний 90 гаруй хувь нь монгол хүн байдаг.

-Социализмын үед гадаадын олон оронд монгол залуус цөмийн физикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байдаг. Тэдгээрээс мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун цөөн. Тэднээс танай компанид ажиллаж байгаа хүн бий юү?

-Геологи, уул уурхайн чиглэлээр бол манайх ажилд авдаг. Харин цөмийн фикикч гэдэг мэргэжлээр ажилд авсан тохиолдол одоохондоо байхгүй. Цэвэр цөмийн физикч мэргэжлээр төгссөн монголчууд голдуу Цөмийн энергийн газар, МУИС, Цөмийн энерги судлалын салбарт ажиллаж байна.

-“Арева Монгол”  группийн захирал солигдох гэж байна гэсэн мэдээлэл гарсан.  Шинээр ирэх захирлын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ. Ер нь тус групп захирлуудаа ямар журмаар сонгодог вэ?

-Яг нарийн шалгуурыг нь мэдэхгүй байна. Геологи, уул уурхайн салбарт, тэр тусмаа зохион байгуулах ажилд олон жилийн туршлага хуримтлуулсан,  салбараа сайн мэддэг хүмүүсээ “Арева”-гийн захирлуудын удирдах зөвлөлөөр оруулаад сонголтоо хийдэг. “Арева Монгол” компанийн захирал Эрик де Сэйзийн оронд Жулиен Бабей ирж ажиллахаар болсон. Тэрбээр одоохондоо Өмнөд Африкт ажиллаж байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын эхээр Монголд бүрмөсөн ирж ажиллах байх.

-Одоогийн захирлыг яагаад солих болов. Ямар нэг алдаа дутагдал гаргасан уу, эсвэл ажиллах хугацаа нь дууссан юм уу?

-Тодорхой хугацаагаар томилдог. Гэхдээ ажлын шаардлага гарвал хугацааг сунгах тохиолдол байдаг. Жишээ нь манай компанийн геологийн асуудал эрхэлсэн Жан Люк Нольф зургаа дахь жилдээ ажиллаж байна. Ураны хайгуулын ажлаар нарийн мэргэшсэн сайн мэргэжилтэн. Ийм хүнийг ойр ойрхон солих шаардлагагүй гэж үздэг. Хуучин захирлын хувьд ямар нэг алдаа гаргаагүй. Өөр ажилд шилжүүлж байгаа юм.

-Захирал солигдсоноос манайд ямар нэг сөрөг нөлөө гаргах болов уу. Үйл ажиллагаа, харилцаатай холбоотой ч гэх юм уу?

-Үгүй. Ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Нууц биш бол тус компани таныг ямар шалгуураар дэд захирлаараа сонгосон бэ?

-Францаар мэргэшсэн нь л гол үзүүлэлт болсон байх. Франц улсад нийт арван жил амьдарч, хэл соёлыг нь судалсан. Тус улсад Элчин сайдаар ажиллаж байсан. Манай Гадаад харилцааны яам хүнийг 60 нас хүрмэгц тэтгэвэрт гаргадаг шүү дээ. Ингээд тэтгэвэртээ гарна даа гэж бодож байтал францууд хамтран ажиллах санал тавьсан. Дараа нь Парист очиж “Арева”-гийн удирдлагуудтай ярилцлагад орсон. Болж бүтнэ гэж үзсэн юм байлгүй. Ажиллахаар болсон доо.
-Одоо “Арева Монгол” компани Дорноговь,  Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс өөр газарт үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөө байгаа юу?
-Үгүй. Одоогоор Дорноговь, Сүхбаатар аймагт авсан тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын ажил хийж байна. Дээрх газрын нөхцөл байдал нь ирээдүйд бидний олборлох арга техникт тохирсон онцлогтой юм.

“Арева” газар дор уусган олборлох арга техникийг ашиглан ураныг гаргаж авдаг. Энэ нь байгаль орчинд хор нөлөөгүй. Манайхан уран гэхээр салхин доогуур нь гарах аргагүй хор хөнөөлтэй гэсэн ойлголттой байдаг. Байгалийн уранд тийм айхавтар хор нөлөө байхгүй. Тэр тусмаа газар дорх уран бүр ч хор нөлөөгүй. Ураныг ил уурхайн хэлбэрээр олборловол мэдээж тоос үүсч, байгальд сөрөг нөлөө үзүүлнэ. Харин манайх газар ухаж төнхдөггүй. Хоёр цооногоор хүхрийн хүчлийн уусмалыг газрын гүнд оруулаад, уг уусмал нь зохих газартаа хүрмэгц  ойр хавийн ураныг цуглуулдаг. Тэгмэгц дунд талын цооногоороо соруулж авдаг. Тийм учраас олборлолтын үйл ажиллагаа явуулж байхад ч мал бэлчдэгээрээ бэлчиж, хүн, малд хор нөлөөгүй. Энэ талаар дэлхийд тэргүүлдэг. Нөгөөтэйгүүр “Арева” групп Монголд хайгуул хийж уран олоод “Энд уран байна” гэж зарлан, лицензээ зарчихаад Монголоос гараад явчих компани биш. Ураны нөөц олоод, олборлоод, эдийн засгийн эргэлтэд оруулдгаараа монголчуудад ашигтай. Тиймээс Монголын Засгийн газар “Арева”-г дэмжиж ажилладаг.

-Дээрх давуу талууд тань Францын “Арева” Монголын ураны салбарт монополь болох сонирхлын илрэл биш гэж үү?

-Биш. Харин ч Монголын ураны салбарт аль нэг улсын мо­нополь байж болохгүй гэж үздэг. Тэнцвэртэй байдлаа хадгалах ёстой. ОХУ, Хятад, Япон, АНУ бүгд өрсөлдөх хэрэгтэй. Ингэж байж монополь тогтоохоос сэргийлнэ.

-Бизнесийн ашиг хамаагүй гэж үзэж болохгүй байх л даа. Тухайлбал, Канадын “Хан ре­сурс” энэ салбарын томоохон өрсөлдөгч биш гэж үзэх аргагүй шүү дээ?

-Зэрэгцэн өрсөлдөж болно шүү дээ. Гэхдээ “Хан ресурс” одоо­хондоо хайгуул л хийж байгаа. Канадууд хайгуул хийхдээ сайн.

-ОХУ, Монголын хамтарсан “Дорнод уран”компанийн гэрээ байгуулах асуудлыг удаан ярьсан ч эцэслэн шийдэж чадаагүй л байна.  Та Элчин сайд байсны хувьд ч, ураны салбарт ажиллаж байгаагийн хувиар ч  энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ. “Хан ресурс”-ын хувийг буцааж аваад оросуудтай хуваах нь дээрэм биш гэж үү?

-Үүнийг дүгнэж хэлэх эрх надад байхгүй. Гэхдээ оросууд ураныг хайх, олборлох талаар асар туршлагатай. Ураныг ашиг­лаж атомын цахилгаан станц байгуулахдаа ч туршлагатай улс. Эрчим хүчний нийт хэрэг­цээнийхээ 19 хувийг  атомын ца­хилгаан станцаас гаргаж авч бай­гаа. Мардайн ордыг оросууд эхэлж нээсэн. Эндээ үргэлжлүүлэн ажил­лах сонирхолтой байгааг нь буруутгах аргагүй. Өөрийн хө­рөн­гөөр хайж олборлоод, эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд 51-ээс доошгүй хувийг нь эзэмшиж болно гээд Цөмийн энергийн тухай хуульд бий шүү дээ.

-Цөмийн энергийн газар бай­­гуулагдсаны дараа өмнөх ли­цен­зүүдийг хурааж аваад шинэ­чилсэн нь салбарынхныг бу­хим­дуулсан. Энэ мэтээр хууль эрх зүйн орчин, хүнд суртал, хуу­лийн заалт салаа утгатай байх зэргээр гадаадын хөрөнгө оруу­лагчдын дургүйцлийг төрүүлсэн үйлдлүүдэд францууд хэрхэн ханддаг вэ?

-Манай компанийн хувьд Мон­голын хуулийг шүүмжлэх биш, аль болох нийцүүлж, мөрдөж ажил­лахыг эрхэмлэдэг. Цөмийн энер­гийн газар байгуулагдаад бүхнийг цэгцлэх хэрэгтэй болоод л хурааж авсан. Дараа нь шинэчилж олгосон. Үүнд зарим нь бухимдсан л байх. Манай компанийн хувьд Цөмийн энергийн газартай ойлголцож ажилладаг.

-Улс төрийн дарамт шахалт хэр нөлөөлдөг вэ?

-Огт нөлөөлдөггүй.

-Цөмийн энергийн газрын даргыг солих шаардлагатай, огц­руулж магадгүй гэсэн яриа хааяа гардаг. Цөмийн энергийн газрын дарга хэн байх нь та нарт нөлөөтэй юу?

-Хамтын ажиллагааны талаар үг хэлээ ололцоод л явж байвал Цөмийн энергийн газрын дарга хэн байх нь бидэнд хамаагүй. “Арева”-гийн баримталдаг зарчим бол бүх зүйл хуулийн дагуу, авлигын асуудалд орооцолдохгүй ажиллахыг чухалчилдаг.

-Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхоук саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ураны сал­барт БНХАУ манай гол өр­сөлдөгч байж чадахгүй” хэмээсэн. Таны бодлоор Хятадыг ямар хэмжээний өрсөлдөгч гэж үзэж байна?

-Канад ураны хайгуул, олбор­лолтоор дэлхийд эхний гуравт л явдаг шүү дээ. Ер нь Австрали, Канад, Казахстан л дэлхийд тэр­гүүлж, нийт ураны хэрэглээний  60 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Хятадууд атомын цахилгаан станц олныг барихаар төлөвлөж байгаа. Зөвхөн Хятад ч биш. ОХУ, Япон, Солонгос, Энэтхэг улс ойрын 15-20 жилийн дотор атомын ца­хилгаан станц маш олныг бай­гуулахаар төлөвлөж байна. Эдгээр улс гол түүхий эд-ураныхаа хэ­рэг­цээг хангахын тулд манайд чам­лахааргүй нөөцтэй байгааг мэдсэн учраас сонирхох нь зүйн хэрэг л дээ. Ямар ч байсан Хятадыг айхавтар том өрсөлдөгч гэж бид үздэггүй. Ер нь “Арева”  ураны салбартаа ямар ч өрсөлдөгчөөс айхаар компани биш шүү дээ.

-Таны харж байгаагаар, Мон­гол Улс хэзээ зөвхөн шар нунтаг экспортлохоо больж эцсийн бү­тээгдэхүүн үйлд­вэрлэдэг болох бол?

-Энэ бол мэдээж монголчуудын мөрөөдөл. Дараагийн шатны бо­ловсруулалтыг хийхийн тулд үйлд­вэр барих хэрэгтэй. Үйлдвэрүүд нь мэдээж маш өндөр үнэтэй. Бэл бэнчиндээ ч гол нь байгаа юм биш. Монголд хоёр тэрбум ам.доллараар атомын цахилгаан станц барьж болно. Гэхдээ боловсон хүчнээ эртнээс сайтар бэлтгэх хэрэгтэй.

-Танайх туршилтын олбор­лолт хийж эхлэх гэж байгаа тухай мэдээлэл анхаарал татсан. Энэ тухай мэдээлэл өгөх боломжтой юу?

-Энэ аравдугаар сараас тур­шилтын олборлолт хийхээр бэлтгэл ажлаа дуусаад байна.  Цөмийн энер­гийн газраас зөвшөөрөл авсны да­раа туршилтын олборлолт эхэл­нэ. Туршилтын ажил ирэх оны тав­дугаар сар хүртэл үргэлжлэх байх. Энэ ажил амжилттай болбол том үйлдвэрээ барих ажилд аажмаар орно. Үйлдвэрээ барьж дууссаны дараа Монголын уран эдийн засгийн эргэлтэд орох юм. Наана нь хийх ажил мэдээж маш их байна.

-Туршилтын ажил амжилттай болж дуусмагц шууд том үйлд­вэрээ барих ажилд орно гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Францын Гадаад худалдааны сайд саяхан ирээд ураны салбарт хамтран ажил­лах талаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт га­рын үсэг зурлаа. Ерөнхий том хэлэлцээр эхэлж байгаа нь энэ. Цаашид хөрөнгө оруулалт, тогт­вортой байдлын гэрээ байгуулна. Энэ нь нэлээд төвөгтэй. Үндсэндээ “Арева”-гийн л хөрөнгө оруулалтын тухай юм. Жилд манай компани Монгол Улсын төсөвт 15-17 сая ам.долларын хөрөнгө оруулдаг. Ол­борлолт явуулснаар хөрөнгө оруу­­лалтын хэмжээ хэд дахин ихэснэ.

-Энэ туршилт ямар үр дүнтэй болох бол. Гол зорилго нь юу вэ?

-Монгол Улсад ураны олборлолт хийх хангалттай нөөц байна уу, үгүй юү гэдгийг тогтооно. Мөн газар дор уусган олборлох арга Монголд тохирох эсэх зэрэг нь тодорхой болно.

-Өөр ямар арга байдаг вэ?

-Жишээ нь Мардайд газар дор тунел гаргаад нэлээд өндөр өртөгтэй олборлолтын аргыг хэ­рэглэдэг. Дээр үед бол монгол хү­нийг ойртуулдаггүй, ихээхэн нууц­лаг үйл ажиллагаа явуулдаг бай­сан. Одоо бол газрын гүнд нэ­лээд лав орсон учраас айхавтар хор нөлөөтэй биш гэж ярьдаг.

-Туршилт амжилттай боллоо гэж бодоход Монгол Улс хэзээ уран боловсруулах үйлдвэртэй болох бол?

-Монгол Улс 2017 он гэхэд нэ­лээд хэдэн мянган тонн уран олборлодог болох байх. “Арева”-гийн хувьд гэвэл жилд 2000-2500 тонн уран олборлох үйлдвэрлэдэг болох байх гэсэн таамаг байдаг.

-Үйл ажиллагаа явуулж байгаа хоёр аймагтаа юу хийж бүтээв. Нийгмийн хариуцлагын хувьд ямар үүрэг хүлээдэг вэ?

-Орон нутгийн хүмүүсийг аж­лын байраар хангах талаар тодорхой бодлого явуулдаг. Дорноговь айм­гийн Улаанбадрах сумын 10 гаруй хүнийг туслах ажилтнаар авдаг. Нарийн мэргэжлийн салбар учраас хэн дуртайг нь ажиллуулах боломж хомс. Тиймээс заавал тийм тооны хүн ав гэж шахах аргагүй. Голдуу туслах ажилтнаар ажиллуулдаг. Хоёр жил ажиллуулаад дараагийн хү­мүүсийг авах гэх мэтээр аль бо­лох олон хүн ажиллуулахыг хичээдэг.

-Уул уурхайн бусад чиглэлийн компанийг бодвол нутгийнхны да­рамт шахалт бага байдаг байх?

-Тийм шүү. Орон нутгийн удирдлагатай байгуулсан гэрээнд хүлээсэн үүргээ ягштал биелүүлдэг учраас асуудал гардаггүй. Тогт­вортой хөгжлийн шугамаар жилд 100 гаруй мянган ам.долларын төсөл хэрэгжүүлдэг. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, малжуулах, худаг ус гаргах гэсэн үндсэн дөрвөн зүйлд зарцуулдаг. Нутгийн иргэдтэй ч сайн ойлголцдог. Нээлттэй хаал­ганы өдрөө зохион байгуулж, су­мын удирдлага, багийн дарга, иргэ­дийн төлөөллийг урьж бүх үйл ажиллагаагаа үзүүлж тайлбарладаг. Гол нь ойлгуулан таниулах ажилыг сайн хийхийг зорьдог. Тэгэхгүй бол атомын бөмбөг хийх мэт хуучин ойлголт, айдас хэвээрээ байвал зохицож ажиллахад хэцүү шүү дээ. Нүдээр үзэж танилцсан иргэдийн санаа бодол тэс өөр болж, хүн, малд аюулгүйг мэдээд, Монгол Улсад өгөх ашиг тусыг нь ойлгож эхэлдэг.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж