Ерөнхий сайд та хариулахгүй байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд та хариулахгүй байж болохгүй

Өнгөрсөн бямба гаригт  С.Батболдын танхимын сайд нар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийжээ. Нэг жилийнхээ ойг угтан уулзаж амжилт бүтээл, алдаа оноогоо нуухгүй ярихыг хүссэн бололтой. Гэвч тухайн өдөр энэ танхимын  сайд нар  сэтгүүлчдийг урьж авааччихаад  баахан загнаж орхиж.  Яг л хүүхдээ загнаж байгаа эцэг шиг эрээгүй аашилж. Сангийн сайд С.Баярцогт уулзалтаас хоцорч ирсэн атлаа баахан “томорчээ.”

Эрдэс баялгийн сайд ч гараа зангаж байгаад авч өгч.  Ерөнхий сайд ч мөн адил.  Долоо хоног  тутмын  сонины нэгэн сэтгүүлч түүнээс  “ДОХ-той донорын тухай асуудлыг хэзээ танд анхлан мэдээлсэн бэ.  Одоогоор 14 хүн тэр донороос цус авсан гэж байгаа.  Хэрвээ энэ нь тогтоогдвол Засгийн газар огцорч С.Ламбаа сайдад хариуцлага тооцох уу?” гэж асуужээ. Гэтэл Ерөнхий сайд доогтой инээгээд “Үүнд Ламбаа сайд хариулна” гэхэд мөнөөх сэтгүүлч “Би Ерөнхий сайд танаас л  хариултаа авмаар байна” гэсэн байна. Хариуд нь Ерөнхий сайд “Ардчилсан орны иргэн учраас би  энэ асуултад хариулахгүй байж болно.  Та надад энэ асуултанд заавал хариул гэж тулган шаардах ёсгүй. Тэгэхээр энэ асуултад салбарын сайд маань хариулна” гэсэн гэнэ. Уучлаарай, Ерөнхий сайд та энэ  асуултад заавал хариулах ёстой. Ялангуяа энэ асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа учраас. Цаашилбал 2.7 сая монголчуудад бүгдэд нь хамаатай. Тэдний амьд явах эрхтэй холбоотой тул бултах эрх танд байхгүй.  ДОХ -оор өвдөөгүй байж ДОХ-той цус судсандаа  юүлүүлсэн   байх магадлалтай 14 хүний амь настай холбоотой асуулт учраас Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд та инээх эрхгүй.  14 хүний  ард хичнээн гэр бүл,  үр хүүхэд байгааг бодолцох учиртай.   Засгийн газар ганцхан үүрэгтэй гэж  боддог, би. Тэр нь иргэдийнхээ амьд явах эрхийг баталгаажуулж, эрүүл тайван орчинд амьдруулах ёстой. Гэтэл танай Засгийн газар энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Өдөр ирэх тусам цөөрч байгаа доноруудын тоог яах гээв.  Судсандаа ДОХ-ын халдвартай цус хийчих вий гэж айх атлаа өвчиндөө шаналж буй   мянга мянган хүний зовлон танд хамаагүй гэж үү.  Бас дээрээс нь үүрэг хүлээж гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон улстөрчийн хувьд танд өнөөдөр иргэний эрх гэж байх ёсгүй. Тантай холбоотой бүх л асуудал биднийх гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэлж ярьж байгаа үг, хөдлөж аяглаж байгаа үйлдэл бүхэн чинь ард түмэнд хамаатай. Та өвдөх эрхгүй. Бас  ядрах ёсгүй. Мөн гомдох ч эрхгүй.  Та Монгол  Улсын өмнө үүрэг хүлээсэн Ерөнхий сайд болохоос биш иргэн С.Батболд биш.  Хэрвээ би эндүү санаагүй бол  “Глоб интернэшнл” ТББ  болон үе үеийн сэтгүүлчдийн   зүтгүүлж буй “Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн  автор нь та биш билүү. УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Мөнх-Оргил, Э.Бат-Үүл та дөрөв өргөн барьж анхны хэлэлцүүлгийг нь хийчихээд ажлын хэсэг  гарган  ажиллаж байгаа шиг санагдах  юм.  Уг хуульд албан тушаалтнууд  сэтгүүлчдэд хүссэн мэдээллийг нь хуулийн хүрээнд өгөх үүрэгтэй гэж оруулсан байх ёстой.  Бүр нууцын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгох  асуудлыг  хүртэл Ц.Мөнх-Оргил гишүүн тавьж байсан байх аа.  Гэтэл энэ хуулийн төслийн нэг  автор  нь, Монгол Улсын Ерөнхий сайд та   өөрөө үнэн бодит мэдээлэл өгөхөөс татгалзаж, асуулт асуусан сэтгүүлчийг то­хуурх­сан нь үзгээ шүүрэхэд хүргэлээ. 

Үнэн  үг асуусныхаа төлөө яагаад  сэтгүүлч хүн дорд үзэгдэх ёстой гэж.   Яагаад таны танхимын сайдууд сэтгүүлчдийг бөөнөөр нь дуудаж аваачаад загнах эрхтэй юм бэ. Сангийн сайд сэтгүүлчдэд тийм нээлттэй, билүү.  Юм асуух гэхээр, үнэн зөвийг нь ялгаж салгах гэхээр зугтаад явчихдаг түүний зан. Тийм атлаа зангиагүй уулзалт хийх үеэр  нэг их нээлттэй юм мэддэг хүний дүрд тоглох нь утгагүй байна.  Сайдууд  мэдээллээ хааж нуудаг болохоор ард түмэнд худал мэдээлэл очсоор байгаа. Монгол Улсын иргэний  үнэн бодит мэдээлэл авах   эрх нь Үндсэн хуулиар олгогдсон байдаг. Гэтэл одоо тэр эрхээ эдэлж чадахгүй хэвлэл мэдээллээр дамжуулан худал, хуурмаг, урьдаас бэлдчихсэн мэдээлэл авч байгаа нь үнэн.  Засгийн газар мэдээллээ хаадаггүй, сайдууд үнэн мэдээлэл өгдөг бол сэтгүүлчид төөрөлдөх ёсгүй. Эхлээд үнэн мэдээлэл авах эрхийг нь цэлийтэл нээж өгчихөөд дараа нь хариуцлага яривал амар байна.    Тэгэхгүй бол Засгийн га­зар дуртай үедээ дуудаад загнаад байх төлөвтэй.  Гэхдээ энд бас бидний буруу бий.  Сүү долоосон гөлөг шиг загнуулаад, чичлүүлээд сууж байдаг.     Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайд та асуултад хариулахгүй  байж болохгүй. Заавал хариулах үүрэгтэй гэдгээ бүү мартаарай. 

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж